EP.03 - 0.7 метрийн дадал

EP.03 - 0.7 метрийн дадал

Гудамжны гэрэл зурагчид ихэвчлэн зураг авч байгаагаа мэдэгдэхийг хүсдэггүй шүү дээ. Хэн нэгэн мэдчихвэл биеэ барих вий, эсвэл нууцаар зургийг нь авсанд дургүйцэх вий гэх мэт олон шалтгаан тоочих байх. Харин манай цувралын гол дүр, гэрэл зурагчин Эрик Ким дараах зөвлөгөөг өөрийн номдоо дайж хүргэжээ. Тухлан уншаарай.



5. 0.7 МЕТРИЙН ДАДАЛ

Зургийн гол дүрдээ ичиж зоволгүйгээр ойртож сурахын тулд миний найз Нагата Сатокигийн зөвлөсөн бүтэн нэг сарын турш 0.7 метрийн зай (гарын нэг шуу)-аас зураг дарах дадлыг өөртөө суулгаад үзээрэй. Ингэхдээ камерынхаа гар фокусын горимыг тохируулаад, 0.7 метрийн зайд фокуслахаар газар зогс. Ингэж өөрийгөө хязгаарлахыг “creative constraint” буюу бүтээлч хязгаарлалт гэж нэрлэдэг бөгөөд уг ойлголт нь товчхондоо хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хязгаарлагдсанаар бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх явдал юм. Тухайлбал, гэрэл зураг авахын тулд заавал үнэтэй камер хэрэглэж байж хамгийн гоё гэрэл зургийг бүтээж чадна гэж бодохоос илүү өөрт байгаа хэрэгслээ ашиглаад хэний ч бүтээгээгүй зургийг бий болгох боломж бидэнд бий. Улмаар 70 сантиметр буюу тийм ойр зайд ч тухайн зургийн дүртэйгээ ямар ч асуудалгүй харилцаж сурна.

Эхэндээ зөвшөөрөл ав, зориг ороод ирэхээрээ зөвшөөрөлгүй дарж эхэл.


6. АВСАН ЗУРГАА АЛЬ БОЛОХ УДААН ХАДГАЛ

Би хальсны болон дижитал камер аль алийг нь ашигладаг. Хальсны хамгийн том давуу талуудын нэг бол зургаа дарчхаад тэр дор нь шууд харж болдоггүйд юм. Хальсаа дор хаяж 6 сар цаашлаад нэг жил хүртэл хадгалж байж боловсруулдаг. Ингэснээр сэтгэл хөдлөлөөр хандахаас илүү тархиараа шийдвэр гаргах боломжтой бүрддэг. Харин дижитал камераар авч байгаа үед LCD дэлгэцнээсээ шууд харчих гээд байдаг муу зантай. Доорх зургийн дүр болох Лондонгийн гудамжинд cурталчилгааны самбарын урд зогсож байгаа энэ эмэгтэйг хараад ойртож очоод хоёр л кадр буулгасан. Хоёулаа гэрэлтэй авсан. Нэг кадр дээр нь өөр тийшээ харчихсан, харин нөгөө дээр нь яг над руу харж таарсан. 

Эхэндээ тийм ч онц гойд гэж бодоогүй явж байгаад удаан хугацаа өнгөрсний дараа зургаа хараад л байх тусам таалагдаж эхэлсэн. Ойр дотны олон ч найзууддаа харуулж бүгд дуу нэгтэйгээр хүчтэй энергитэй зураг гэдэгт санал нэгдсэн. Зарим зургийг хараад л хадгалаад л байх тусам таалагдаж эхэлнэ. Харин заримдаа эсрэгээрээ буюу хараад байх тусам таалагдахгүй болох талтай. Саванд ус, тос хийсэн байна гэж төсөөлье. Саваа сайтар сэгсэрвэл ус тос холилдоно. Тэгээд тайван хүлээвэл тос нь дээшээ хөвж гарч ирэх буюу сайн зургууд шигшигдэж, тийм ч сайн биш зургууд ус мэт тунаж үлдэнэ. 

ДАРААГИЙН НИЙТЛЭЛ ХҮРТЭЛ ТҮР БАЯРТАЙ!

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.