EP.09 - Мэдрэмжээ буулга

Зогсонги байдалд орчихсон мэт санагдах үедээ уншаарай.


17. БУСДЫН БОДЛЫГ БҮҮ ТОО

"Өөрийн төрсөн хот, төрсөн гудамжиндаа нэг удаа камераа бариад тайван алхаад үзээрэй. Хэдий 60 жил амьдарсан байсан ч анх удаа тэнд ирсэн мэт санагдах болно."

- Андерс Петерсен

Анх гэрэл зураг сонирхож эхлэхдээ үзэл баримтлал, дүрэм журам, хязгаарлалт, "онол" зэрэгт түүртдэггүй байсан үеэ санаж байна уу? Хэн юу гэж хэлэх нь огт хамаагүй, өөрийгөө ч шүүмжлэх завгүйгээр гудамжинд зүгээр л тэнүүчилж юу дуртайгаа буулгаж байсан яг тэр үе. Жаахан хүүхэд л мэдэрдэг догдлол. 

Зэн буддизмд энэ хандлагыг "анхан шатны ухамсар" гэж нэрлэдэг. Бид ямар нэгэн төрлийн эрэл хайгуул, сонирхол аль эсвэл дадал зуршлыг эхлүүлж байх үедээ ямар ч дарамт мэдэрдэггүй шүү дээ. Хорвоо ертөнцийг саад тотгор бус шинэ, шинэлэг боломжоор дүүрэн хардаг.  Харин гэрэл зурагт ч бай, амьдралд ч бай илүү туршлагатай болох тусам ядарч туйлддаг нь бидэнд асуудал болдог. Бүх л юмс уйтгартай болж юуг ч сонирхмооргүй санагдана. Дэлхийн хамгийн сонирхолтой хотууд болох Парис, Токио, Нью-Йоркт амьдарч үзсэн ч хэсэг хугацааны дараа уйдаад л эхэлнэ. Энэ үедээ Андерс Петерсений зөвлөгөөг туршиж, амьдарч байгаа хотоороо нэг яваад үзээрэй. 


18. МЭДРЭМЖЭЭ БУУЛГА

Бидний сэтгэл хөдлөл байнга өөрчлөгддөг. Заримдаа бид хэт өөдрөгөөр бүхнийг хараад л амьдралын сайхныг гайхна. Харин заримдаа хамгийн новшийн амьдралаар амьдраад байгаа ч юм шиг, бүхий л зүйлс хар бараан болж хувирна. Хүмүүс намайг аялаад л, мэдлэгээ түгээгээд л, амьдралдаа гайхалтай хүмүүстэй уулзаад л их сайхан амьдарч байна гэж хардаг ч санхүүгийн, гэр бүлийн болон хувийн асуудлаас болж би амьдралдаа сэтгэл хангалуун бус байдаг. Төөрч, эргэлзэж, бухимдаж миний амьдрал хаашаа яваад байгааг ч мэдахгүй байх үе цөөнгүй бий. Заримдаа “Би яагаад зураг аваад байгаа юм бэ? Миний хийсэн зүйлс хэнд ч хамаагүй шүү дээ. Би чинь муу зурагчин, хэзээ ч алдартай болохгүй" гэж ч боддог. Яг ийм үед гэрэл зураг бол өөрийгөө эмчлэх хамгийн сайн аргуудын нэг гэдгийг ойлгосон. 

Эерэг ч бай, сөрөг ч бай сэтгэл хөдлөлөө бүү шүүмжил. Өгсөж уруудаж яг л амьдрал өөрөө галзуу хулгана байсныг бид явцдаа ойлгоно. Сэтгэл санаа муу байхад хар, цагаанаар зураг авах нь их бол эсрэгээрээ өөдрөг үед өнгөтэй зураг авах нь олонтаа. Тиймээс зүгээр л камераа гаргаж ирээд зургаа дар. Мэдрэмжээ бүтээлд мөнхлөөрэй.

Цуврал нийтлэл таалагдсан бол сэтгэгдэл үлдээгээрэй, дараагийн нийтлэлээр уулзацгаая.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.