EP.01 - Бүх боломжоо дайчил
Гудамжны гэрэл зургийн орчин цагийн том төлөөлөл болох Эрик Кимийн 2015 онд нийтэлсэн "Гудамжны гэрэл зургийн мастеруудаас сурсан 100 хичээл" номын орчуулгыг цувралаар хүргэхэд бэлэн боллоо. Гэрэл зураг сонирхогч хэн бүхэн уншихад уйдахааргүй, энгийн бөгөөд "шулуухан" хичээлүүдээс бүрдсэн энэхүү цуврал таалагдана гэдэгт гүнээ итгэж байна. Камераа үүрээд гарахаасаа өмнө тус номд өгүүлэгдэх ядаж нэг зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй.
1. ӨӨРТ БАЙГАА БҮХ БОЛОМЖОО ДАЙЧИЛ
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд би гэрэл зургийн салбарт өөрийн гэсэн дуу хоолой, хэв маяг, зам мөрөө хайж олохыг хичээсэн. Энэ аялал намайг амьдралын маш олон гайхалтай учралд хөтөлсөн юм. Гэрэл зураг болоод амьдралаас олж авсан тэдгээр үнэ цэнтэй сургамжууд одоогийн намайг бий болоход асар их нөлөөлсөн. Олон нийтийн орчинд өдөр тутмын амьдралын агшныг буулгадаг гудамжны гэрэл зургийг би бусад төрлөөс илүүтэйгээр сонирхсон. Сэтгэл зүрх минь үргэлж л хүмүүс рүү татагдаж, гудамжны гэрэл зураг намайг хүний сэтгэлийг илүү ойлгодог хүн болоход тусалсан.Эцсийн эцэст гэрэл зураг л бол гэрэл зураг шүү дээ. "Гудамжны гэрэл зураг" л авах ёстой гэж боддог байсан ч угтаа ямар төрлийн зураг авах нь хамаагүй гэдгийг явцдаа ухаарсан юм. Тухайн мөч танд хэрхэн мэдрэгдэж буй нь л юу юунаас илүү. Мөн та үнэхээр гэрэл зурагт дуртай эсэх, өөрийнхөө хувьд хамгийн өндөр оргилдоо гарч чадах эсэх л хамаатай.
Амьдралын зорилго маань гэрэл зургийн талаар олж авсан мэдлэгээ олон хүмүүст түгээх явдал гэж боддог. Би мэргэжлийн мастер гэрэл зурагчин биш, зүгээр л насан туршдаа суралцахын төлөө өөрийгөө зориулсан энгийн нэгэн суралцагч. Энэ номд гарч байгаа бүх мэдээлэл гэрэл зургийн мастеруудаас миний олж авсан мэдлэгийн цогц юм. Номд өгүүлэгдэх бүхнийг туйлын үнэн гэж ойлгохоос илүүтэй гэрэл зургийн эдгээр мастеруудыг хувийн багш хэмээн хүлээж авахыг хүсье. Яаралгүй бага багаар, аль арга барил нь танд тохирохыг сонгоод үлдсэнийг нь зүгээр л хая. Эцэст нь гэрэл зурагт өөрийн гэсэн үзэл бодол, хэв маягийг олохын тулд та өөрийгөө ямар хүн бэ гэдгээ мэдэхэд л хангалттай. "Өөрийгөө таньж мэд" гэдэг бол эртний философичдын бидэнд захиж үлдээсэн хамгийн агуу сургаал билээ. Энэхүү номоор дамжуулан өөрийгөө ямар төрлийн гэрэл зурагчин гэдгээ мөн олж мэдэх гэж хичээгээрэй.
Хүндэтгэсэн, Эрик (@ Blue Bottle on Broadway,
Оакланд, 2015 оны 11-р сарын 10-ны Мягмар гарагийн 15 цаг 46 минут)
2. ИЛҮҮ ОЙРТ
"Хэрэв таны гэрэл зургууд хангалттай сайн биш байвал та хангалттай сайн ойртоогүйн шинж."
Гудамжны гэрэл зурагчдын гаргадаг нийтлэг алдааны нэг бол хангалттай ойртож чаддаггүй явдал. Бид гудамжинд зураг авахдаа маш их айдсыг дотроо тээж, хүмүүс рүү ойртохгүй байхын тулд олон шалтаг тоочдог. Хүмүүсийг уурлуулчих вий, таагүй мэдрэмж төрүүлчих вий гэхээс санаа зовж, танихгүй хүмүүс цагдаа дуудах эсвэл бүр биед минь халдах вий гэж эмээдэг. Гэвч энэ бүхэн бүгд биелчихгүй, зөвхөн таны толгойд эргэлдэж буй бодлууд юм шүү. Танихгүй хүн рүү ойртож зургийг нь дарлаа гээд та амиа алдахгүй. Үнэн хэрэгтээ, ганц гэрэл зураг гэлтгүй хүмүүний амьдралд ч бие махбодын хувьд ойртохын хэрээр сэтгэл зүрх ойр болдгийг би ойлгосон.
Зургийн дүрдээ ойртохын тулд уртаас урт 200, 300 мм-ийн дуран ашиглах хангалтгүй. Телефото дуран ашигласнаар зурагт гарах дүр, юмсыг хэтэрхий шахчхаж байгаа юм. Нүдээр харахад таны зураг үзэгчдэд хөндий хоосон мэдрэмж төрүүлнэ. Та үйл явдлын халуун цэгт оролцогч бус гадны ажиглагчийн өнцгөөс л харсан мэт санагдана. Гудамжинд зураг авахдаа Алекс Уэбб, Константин Манос, Андерс Петерсен зэрэг ихэнх гэрэл зурагчдын ашигладаг бүрэн хүрээний хэмжээтэй тэнцэх 35 мм-ийн дуран хэрэглэхийг зөвлөж байна. Хүний нүд ертөнцийг 40 мм орчим хардаг учир 35 мм-ийн дуран зураг авснаар хүрээнд бүгдийг хангалттай багтаах боломжтой болно. 50 мм ч бас боломжийн. Анри Картье-Брессон бараг бүх насаараа 50 мм дуран ашигласан гэдгээрээ алдартай. Гэвч өнөөгийн хөл хөдөлгөөн ихтэй ертөнцөд хэтэрхий багадах юм шиг. Уилям Глен, Брюс Гилден, Гарри Виногранд нарын ашигладаг 28 мм бол үнэхээр гайхалтай. Гэхдээ бас л хүрээг дүүргэхийн тулд илүү ойр байх ёстой гэдгийг ойлгоорой.
Зөв дүрмийн дагуу буюу 35 мм дурангаар авч байгаа бол хамгийн багадаа хоёр гарын шууны зайтай эсвэл бүр түүнээс ч илүү ойртож дарах хэрэгтэй. 2 гарын шууны урт нийлээд 1.2 метр. Тиймдээ ч би камераа үргэлж өөрөөсөө 1.2 метрийн зайд бариад, өрцөө f/8, ISO 1600-д тохируулаад онцгой мөчүүдийн эрэлд гардаг.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.