EP.19 - Зөвшөөрөл ав
"Таны зургийг авч болох уу?" гэж эелдгээр асуусан ч зөвшөөрөхгүй үед яах вэ? Хариултыг нь уншаарай.
37. БҮҮ ДАВТ
Жосеф Коуделка 1968 онд Чех явахдаа хоёр л зүйлийг шинээр хийж эхэлсэн гэдэг. Нэгдүгээрт, тэр өмнө нь хэзээ ч байгаагүй шинэ орчинд дасан зохицох хэрэгтэй болсон учраас өөрчлөлт хийж дурангаа 50, 35мм болгосон. Хоёрдугаарт, түүнд дэлхийгээр аялах боломж олдсон явдал. Ингээд өмнөхөө давтахаа больж шинэ дадлыг өөртөө суулгажээ. Гэрэл зурагчин, уран бүтээлч бүрд дасаж хэвшсэн зуршлаа хаяж шинэчлэлтэд тэмүүлэхэд цаг хугацаа, тэсвэр тэвчээр, тууштай байдал нэн чухал. Нэг талаараа хийж байсан зүйлээ улам сайжруулж, тодорхой хугацаанд тууштай байснаар амжилтад хүрнэ. Нөгөө талаараа өөрийгөө болон үзэгчдээ уйдаахгүйн тулд шинэчлэлт хийх хэрэгтэй. Жосеф Коуделка “Gypsies” цувралаа хийхдээ Румынд амьдралынхаа арван жилийг өнгөрүүлсэн ба дан 25мм дуран ашиглаж байжээ. Ингээд цувралаа дуусаад тэндээс явахдаа зургуудаа адилхан болгохгүйн тулд ахин 25мм дуран ашиглахгүй байхаар шийдэж 35/50 мм дуран, Лейка камераа аваад цаашдын аялалд гарсан гэдэг.
“Цааш хэрхэн үргэлжлүүлэх үгүйгээ мэдэхгүйгээр аялалд гарахыг би хүсдэггүй. Өөртөө хязгаар тогтоох хэрэгтэй ч өмнө нь босгон байгуулсан цайзаа нураах хэрэгтэй болох үе ирдэг.”
Урлагт “creative destruction” буюу “шинэчлэлтэд хөтлөх золиос” гэх нэр томъёо бий. Энэ нь тууштай байдлаа хадгалахын тулд ямар нэг хязгаар тогтоодог ч удах тусам тэрхүү хязгаар төмөр торонд хоригдсон мэт санагдуулж болно. Ингээд уналтад орохгүйн тулд тэндээс гарах хэрэгтэй болно шүү дээ. Үүнийг л шинийг эрэлхийлэхийн тулд хуучнаа “эвдэх” гээд байгаа юм. Тиймээс тодорхой хугацаанд байнгын өөрчлөгд. Шинэчлэлтээс бүү ай.
38. ЗӨВШӨӨРӨЛ АВ
“Би авсан зургуудынхаа цуглуулгыг хаа сайгүй авч явдаг. Надад ердөө гурван сонголт бий. Эхнийх нь, хэрэв сайхан ааштай хүнтэй таарвал гүйж очоод зургийг нь авч болох эсэхийг асууна. Зөвшөөрвөл илүү олон янзаар зураг ав. Харин зөвшөөрөхгүй бол ямар нэг муу санаа агуулаагүй гэдгээ батлахын тулд өнөө зургуудаа гаргаж ирээд тэдэнд үзүүлнэ. Эсвэл огт зөшөөрөл авалгүй зургийг нь аваад зугтаж орхино. Ийм л гурван сонголт бий.”
Зураг авахдаа хэнээс ч айлгүй зөвшөөрөл хүсдэг, зургийн дүрүүдтэйгээ гүн гүнзгий харилцаа үүсгэдэг гэрэл зурагчин бол Брүс Дэвидсон юм. Тэрээр “East 100th Street” хэмээх 1966-1968 оны хооронд үргэлжилсэн хамгийн анхны гэрэл зургийн цувралдаа Нью-Йоркийн 100-р гудамж дахь орон сууцны хүнд хэцүү нөхцөл байдлыг баримтжуулж тэнд амьдарч буй хүмүүсийн зургийг буулгасан. Гэхдээ бүх зүйл амар байсангүй. Хүмүүсийн итгэлийг олж авахын тулд ойр ойрхон байнга очиж, тэдэнд өмнө нь авсан зургуудаа үзүүлж, эцэст нь зөвшөөрөл авснаар цувралаа амжилттай дуусгажээ. Үүний дараа 1980-аад оноос өнгөт хальс ашиглан Нью-Йоркийн метроны буудлуудаар зураг авч эхэлсэн ба түүний зургуудын ихэнх нь кандид харагддаг ч угтаа бүгд зөвшөөрөлтэй байдаг. “Уучлаарай, би нэг ном хийж байгаа юм. Таны зургийг авч болох уу? Дараа нь таны зургийг хэвлээд явуулна аа” гээд хэрэв зөвшөөрөхгүй бол гэрэл зургийн цуглуулгаа гаргаж үзүүлнэ. Тэгээд ч зөвшөөрөхгүй бол хэзээ ч зөвшөөрөхгүй гэсэн үг. Заримдаа зургийг нь авсныхаа дараа уучлалт гуйгаад явдаг. Заримдаа бол юу ч хэлэхгүй. Ер нь зөвшөөрөл авахад айгаад байх шаардлага огт байхгүй. Эелдгээр өөрийгөө танилцуулаад хар буруу санаагүй гэдгээ ойлгуул. Камерынхаа дэлгэцийг ч харуулчих. Өмнө нь авч байсан зургуудаа үзүүл (харахад эерэг зургууд байсан нь л дээр). Тэдэнтэй яриа өрнүүлэх гэж хичээ. Зөвшөөрөхгүй бол тэр л биз.
Цуврал нийтлэл таалагдсан бол сэтгэгдэл үлдээгээрэй, дараагийн нийтлэлээр уулзацгаая.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.