EP.27 - Нэр алдар нэгдүгээрт биш

EP.27 - Нэр алдар нэгдүгээрт биш

Тиймээс гол анхаарлаа алдаршихад бус, ажлынхаа үнэ цэн, чанарт хандуул. Жинхэнэ уран бүтээл эрт орой хэзээ нэгэн цагт танигдах нь гарцаагүй. Одоо хийж буй зүйл тань юуны төлөө гэж? хэмээн өөрөөсөө асуугаарай.



51. Олонд танигдах чухал гэж үү?

 Өнөө үед сошиал медиагийн нөлөөгөөр бүгд л алдартай болох гэж яарцгаадаг болж. Яаж олон дагагчтай болох уу? Яаж үзэлтээ нэмэх үү? Яаж олон лайк, сэтгэгдэл авах уу? Яавал их мөнгөтэй болох уу? Яаж, яаж, яаж… Алдар нэр, эд баялаг бодохоос өмнө анхаарах хэдэн зүйлс бий. Мэдээж олонд танигдахын тулд хийсэн ажлаа нийтлэх, түгээх шаардлагатай ч гэрэл зургийн үнэ цэнийг мартаж боломгүй. Тухайлбал, бидний сайн мэддэгээр Вивиан Майер амьд сэрүүн байхдаа мастер гэрэл зурагчдын нэгт тооцогддог байсан хэдий ч сохор зоос ч үгүй хорвоог орхисон. Олонд танигдъя гэж бодоогүй нь тодорхой. Сайн зураг авсан л бол эрт орой хэзээ нэгэн цагт танигдаж, тэр үеийн зурагчдад урам зориг болох нь эргэлзээгүй. Түүх болж үлдэх торгон агшныг буулгахдаа л гол анхаарлаа хандуулаарай. 


52. Нэр алдар нэгдүгээрт биш

“Би хэзээ ч алдар нэрд гарч, олонд танигдъя гэж бодоогүй юм билээ. Аав минь миний хийсэн бүхнийг голдог байсантай холбоотой ч байж магадгүй. Зүгээр л энэ оршихуйд минь амжилт, алдар нэрээс зугтах мэдрэмж байсаар ирсэн мэт санагддаг.”

- Саул Лейтер

Алдартай байх нь хэчнээн их дарамт, сэтгэл түгшил, стрессийн эх үүсвэр болохыг хүмүүс тэр бүр ойлгодогүй. Саул Лейтер бол энэ амьдралыг хамгийн жаргалтайгаар туулж яваа гэрэл зурагчдын нэг гэхэд хилсдэхгүй. Хийсэн бүтээлүүд, авсан зургуудаа олонд таниулах гэж хичээн, галерейгаар хэсэж явахын оронд халуун кофегоо уунгаа хором бүрийг мэдэрсэн хүн дээ. “Нэг найз маань намайг карьераа хөөгөөд амбийцтай үзвэл чи их ирээдүйтэй хүн дээ гэж хэлсэн. Хариуд нь би ойлголоо гэж хэлчхээд харьж халуун кофегоо уунгаа цонхоор ширтэн, хотын амьдралыг ажсан. Намайг залхуу гэх нь ч бий, гэвч надад огт хамаагүй. Эцсийн эцэст тэр их алдар нэрийг би авсандаа авч орохгүй шүү дээ.”


53. Бүх зүйлд бэлтгэлтэй бай

Мастерууд ч зургуудаа эргэн хараад урам нь хугарах үед байдаг учир “хамгийн лаг” нь байсан ч бэлтгэлтэй бай. Хүлээлтээ багасгавал дараа нь сэтгэлээр унахгүй шүү дээ. 

“Хальсны контакт бол хамгийн сайн сургагч. Төсөөлөл ба бодит байдлын хоорондын зай, түүний учир шалтгааныг сайтар шүүж, тайлбарлаж чадна. Тухайн үедээ “яг л энэ чинь шүү дээ” гэсэн зургаа авчхаад боловсруулах үедээ харахад бүтээгүй байх нь бий.”

- Дэвид Хөрн

Төсөөллөө бүтээхийн тулд хамгийн сайнаараа хичээгээрэй. Гэхдээ хэт өндрөөс унавал өвдөнө шүү. 

"Хальсаа боловсруулах үед бүх зүйл эхэлдэг. Жаахан баруун, эсвэл зүүн тийшээ зогсчихдог байж уу, дахиад ойртдог байж уу, эсвэл ганцхан минут хүлээчихдэг байж уу гэж харамсана. Гэхдээ үүнийхээ оронд дараа нь яах ёстойг л бодоорой.” 

 - Дэвид Хөрн

Цуврал нийтлэл таалагдсан бол сэтгэгдэл үлдээгээрэй, дараагийн нийтлэлээр уулзацгаая!

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.