EP13. - Улам баяжуул
Уулзалгүй удлаа шүү, сайн сууцгааж байсан уу? Нэг их биш ч шинэ цувралыг хүлээсэн уншигчид байсан гэдэгт найдаж байна. Ингээд тухлан уншаарай.
25. УЛАМ БАЯЖУУЛ
"Ганцхан байгаад хангалтгүй. Энэ, тэр, бид, тэд бүгд нэг л хүрээнд багтана. Би үргэлж л улам ихийг хайдаг. Хэтэрхий замбараагүй болчхож магадгүй ч тэнцвэрээ алдалгүйгээр өшөө ихийг нэм, улам баяжуул."
Алекс Уэбб бол маш олон дүрслэлийг нэг хүрээнд багтааж, өнгөний хослолыг харуулахын зэрэгцээ ганц санааг онцолж зургаа авдгаараа алдартай гэрэл зурагчин билээ. Түүний зургууд өрнүүн амьдрал, гал цог мэт эрч хүч, хүмүүсээр дүүрэн эмх замбараагүй хэр нь ээ хэлэх гээд буй санааг нь хараад л шууд ойлгомоор тийм энгийн. Зургийн гол дүрийнхээ ар талд нэмж харуулах боломжтой бүхнийг багтаахыг зорьдог ба энэ нь түүний онцгой арга барил юм. Гудамжны гэрэл зураг дөнгөж оролдож эхэлж байгаа хүмүүст зөвхөн камерын урд багтаж байгаа зүйлс л сонин санагдаж, цаад ард талыг нь умартах нь бий. Эхэндээ тэгдэг л юм. Урд харагдаж байгаагаас илүү ард тал чухал гэдгийг Алекс Уэбб зурагчнаас сурч байлаа.
Жишээлбэл, нэг эр тамхилаад зогсож байлаа л даа. Сонирхолтой санагдаад хараандаа авчихъя. Тэгээд жаал хүлээ. “Улам их”-ийг хайж олтлоо түр азна. Хэсэг хүлээж байтал хүүхдийн тэрэг түрээд явж буй эмэгтэй баруун хойно нь явж таарлаа. Өнөө урд зогсож байгаа хүнтэйгээ нэг хүрээнд багтаах гэж оролдъё л доо. Нэг л мэдэхэд анхны санаатайгаа харьцуулахад олон зүйлс нэмэгдэж зураг чинь улам баялаг болно. Тэд адилхан улаан өнгийн хувцас өмссөн байна гэж бодъё. Ингээд өнгөний хослол, баялаг зохиомж бүрдлээ. Энэ бүхэн хэдхэн хормын дотор ч бүрдэж болно. Гэхдээ хэт замбараагүй болгохоос сэргийлж хооронд нь зай гаргаарай. Мөн нэмж байна гээд бүгдийг нь бус тодорхой гол дүрүүдээ л багтаахыг хичээгээрэй.
26. ХАРЦ ТУЛГАРАХААС ЗАЙЛСХИЙ, ЯАГААД ГЭЖ ҮҮ?
“Олон жил зураг авсны дараа биеийн хэлэмж гэж юу болохыг ойлгоно. Би зургийг нь дарсан хүмүүс рүү огт харж чаддаггүй юм. Гэхдээ хааяа зурганд гарахад хаанаас ч юм зориг гарч ирээд юунаас ч эмээхгүй болчихдог. Зургаа авахуулах дургүй эсвэл чамайг харчхаад л зугтаж байгаа хүн байвал тоолгүйгээр аяллаа цааш үргэжлүүл"
Гудамжны гэрэл зурагчны хувьд биеийн хэлэмжээ сайжруулах маш чухал. Хүмүүстэй харилцах харилцааны 90% нь үг хэлээр бус нүүрний хувирал, биеийн хэлэмж, гарын дохио зангаагаар илэрдэг. Гэрэл зурагчин Мартин Парр зургийн дүрдээ ойртож очихын ач холбогдол болон хүндрэл бэрхшээлийн тухайд ийн учирлажээ.
"Би хүмүүстэй маш ойр дотно харилцдаг. Одоо ч надад хүмүүс рүү ойртох амар санагддаггүй ч энэ бол сайн зураг авах цорын ганц арга мөн. Тэдэн рүү эргэлзэлгүйгээр шууд оч."
Хэдэн арван жилийн турш гудамжны гэрэл зураг дарсан Мартин Парр хүртэл хүмүүс рүү ойртож зураг авахад хэцүү байдаг байх нь. Зургийн дүртэйгээ харц тулгарах нь гэрэл зургийг илүү хүчтэй болгодог ч тухайн хүндээ мэдэгдэх, улмаар дургүйцлийг нь хүргэх эрсдэлтэй. Тиймээс мэдэгдэлгүй кандид авах гэж байгаа бол харц тулгарахгүй байхыг хичээ. Ер нь, сайн жүжиглэх хэрэгтэй гээд л ойлгочих. Зурагчин өөрөө тайван, сандралгүй зургаа дарвал зургийн дүрүүд ч өөр төрх бүтээх гэж оролдохгүй, үнэнээрээ л байх болно.
"Би зураг авч байгаа шүү гээд мэдэгдэлгүйгээр өөр юмны зураг авч байгаа мэт жүжиглэчихвэл амар. Харц тулгарчихвал дараа нь харж чаддаггүй юм. Гэхдээ нуугдах гэж хичээвэл бүр ч тэнэглэл.”
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.