EP.02 - Бодсоноосоо 25% их зураг дар
Цаг агаар хүйтэрч намрын налгар өдрүүд "харьж" яваа ч гэрэл зурагчдын зүрх сэтгэлийг бүлээцүүлэх дараагийн нийтлэлээ бид дэлгэе. Гэрэл зурагчин Эрик Кимийн бичсэн номын цувралууд танд таалагдаж байгаа гэдэгт итгэж байна. Туршлага, уншиж судалсан бүхнээ нэг бүрчлэн бичсэн түүний зөвлөгөө гудамжны гэрэл зураг сонирхогчдод бага ч болов ач тусаа өгөх болтугай. Тухлан уншаарай.
3. БОДСОНООСОО 25% ИХ ЗУРАГ ДАР
Та нэгэн онцгой хүнтэй гудамжинд таараад амьдралынхаа турш дахин хэзээ ч таарахгүй гэж бодъё. Тиймээс харамсаж амьдрахгүйн тулд эргэлзэлгүй зургийг нь шууд дарах хэрэгтэй. Доорх зургийн хувьд би Нью-Йоркийн гудамжинд яваа энэ эмэгтэйг хараад түүнд "Бурхан минь, та өнөөдөр миний харсан хамгийн гайхалтай эмэгтэй байна. Таны зургийг авбал дургүйцэхгүй биз" гэтэл тэр хэсэг чимээгүй бодолхийлж байснаа "Тэгэлгүй яах вэ!" гэв. Ricoh GR дижитал камераа бариад түүн рүү нэлээд ойртлоо. Макро 28 мм-ийн линзээр ISO 400, "Р" буюу программын горимоо тохирууллаа. Заримыг нь гэрэлтэй, заримыг нь гэрэлгүй гээд олон ч зураг дарлаа. Түүнийг дээшээ, бас над руу эгц доошоо ч нэг харахыг хүслээ. 19 дэх кадр дээр тэрээр тэсгэл алдан "Арай л олон зураг аваад байгаа юм биш үү!" гээд инээж эхлэв. Яг тэр кадр дээр “Энэ чинь шүү дээ” гэсэн зургаа авчихлаа.
Тэр кадрыг дарсны дараа сонирхолтой зураг авсан эсэхдээ 100 хувь итгэлгүй байсан тул дахин 10 орчим кадр буулгав. Ер нь нийтийн жишгээр бол хангалттай зураг авчихлаа даа гэж бодсоноосоо хойш 25% илүү зураг авахыг хичээ. Тухайлбал, 30 дахь кадр дээр болчихлоо гэж бодвол нэмж 7 кадр дар гэсэн үг юм. Учир нь та үүнээс ч илүү сонирхолтой зураг авах эсэхээ хэзээ ч мэдэхгүй шүү дээ. Дараа нь тэр эмэгтэй надад 82 настай гэдгээ хэлсэн юм. Дэлхий дээр үхэл зовлон, гамшиг сүйрлийн сэдэвтэй гэрэл зургууд түм бумаараа бий. Миний авсан цөөхөн хэдэн "аз жаргалтай" зургуудын нэг нь учраас надад утга учиртай байдаг юм. Энэ зургаас үлгэрлээд дэлхий дахинд эерэг сэтгэлгээ, хайрыг түгээх ийм олон гэрэл зургийг би цаашдаа ч авсаар байх болно.
4. "ДОТРООСОО" ЗУРГАА ДАР
“Би тархиараа гэрэл зураг авдаггүй. Дэрэн дороо хийгээд үлдээчихдэг юм. Харин сэтгэл зүрхнийхээ гүнээс зургаа авдаг.”
Андерс Петерсен бол орчин үеийн нөлөө бүхий мастер гэрэл зурагчдын нэг юм. Contax T3 камераар сүнслэг хар цагаан зураг авдаг бөгөөд тэдгээр зургууд нь Петерсений хувийн баримт болдог. Тэрээр өөрийгөө болон уулзсан хүмүүсээ гэрэл зургийн гол дүрээ болгодог байна. Ямар ч сэтгэл хөдлөлгүй гэрэл зураг амьд биш. Гэрэл зурагчдад байдаг түгээмэл асуудал нь тэд зургаа бүхий л талаас нь дүгнэх гээд байх хандлагатай. Харьцаа, хэлбэр хэмжээ, гэрэл зэрэгт хэтэрхий ач холбогдол өгснөөс болж хамгийн чухал нь болох дурсамжийг бүтээх, зүрх сэтгэл, амин сүнс, хүсэл мөрөөдлийг шингээхээ умартдаг. Зурганд гарахдаа хэтэрхий бүү санаа зов. Зөн билэг, зүрх сэтгэлээ л дага. Юу ч хамаагүй сонирхолтой санагдсан үедээ өөрийгөө битгий хайрцагла. “Наадахаа битгий ав. Уйтгартай, байдаг л үзэгдэл. Хэнд ч сонин санагдахгүй” гэж хэзээ ч битгий бод. Ямар ч байсан буулгаад ав. Дараа нь засаж янзлах юм уу устгачхаж болно шүү дээ.
Харин хэзээд нь тархиараа тунгаан бодох хэрэгтэй вэ?
“Гэрэл зургаа буулгаад, контакт хэвлэлээ харсны дараагаар сая нэг тунгаан бодож эвлүүлэн тавих хэрэгтэй.”
Гадуур зураг дарж байхдаа сэтгэл зүрхээ мэдрээд, гэртээ ирээд сонгож янзлах үедээ тархиа гаргаж ир. Цогцосны задлан хийдэгтэй адил үйл явдал өнгөрсний дараагаар авсан зургууддаа дүгнэлт хийж, сайн зураг биш гэдгийг нь мэдэж байгаа ч салж чадахгүй байгаа бол устгаж сур. Зураг авах болон засаж янзлахаа тусад нь ялгаж салга. Энэ процессын явцад тархины хоёр өөр хэсэг ажиллаж байдаг. Аль алийг нь зэрэг ашиглах гэж оролдвол бүтэлгүйтэх нь гарцаагүй. Нэг зураг авчхаад л тэр дор нь шууд харах гэж бүү яар. Зурагчид авсан зургаа шууд харах энэ үйл явцыг “chimping” гэж нэрлэдэг. Учир нь авсан зургаа хараад “Oh, ah” хэмээн дуу гаргах нь сармагчны гаргадаг дуутай адилхан гэж үздэг байна. Эцэст нь хэлэхэд, тахианы махыг цуу, дарсанд дарж амттай болгодог шиг тухайн кадрыг дарснаас хойш долоо орчим хоногийн дараа л гаргаж ирээд харж байгаарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.