
EP.29 - Зургуудаа хэвлэ, ном гарга
Этгээд, заримдаа тэрслүү ч гэмээр цуврал маань дуусахад ердөө ганцхан нийтлэл үлджээ. Энэ удаа гэрэл зургийн бүтээлээ хэвлэхийн ач холбогдол төдийгүй уран бүтээлч хүн ирээдүйгээ хэрхэн төсөөлөх хэрэгтэй зэрэг агуулгыг бэлтгэлээ. Таалагдвал бусдадаа хуваалцаарай.
“Гэрэл зургийг хэвлэж гаргахаас нааш хий хоосон хэвээр байдаг.”
- Константин Манос
Daytona Beach, Florida, USA. 1997. © Constantine Manos | Magnum Photos57. Зургуудаа хэвлэ, ном гарга
Өнөө үед авсан зургуудаа утас, компьютер, лаптоп руугаа хуулж аваад л харчихдаг болсон. Сайн хэрэг л дээ. Гэхдээ бодоод үз дээ. Фейсбүүк дээрээ нийтэлсэн өнгөрсөн жилийн аяллын зургаа хэвлэж гаргаад зургийн цомогтоо хийж амжсан уу? Үгүй л болов уу. Үнэхээр л хэт цахимжсан нийгэмд хэвлэлийг орхигдуулалгүй авч явах нь эн тэргүүнд. Хоёрдугаарт, таны гэрэл зургийн насыг тодорхойлох хамгийн том хүчин зүйл. Гэрэл зураг гэдэг ердөө пикселийн хэмжээнд яригдах төдий зүйл. Харин хэвлээд гаргасны дараа бодит түүх болон үлдэнэ. Үүнийг хуучинсаг гэж үзэх нэгэн байхад мастер гэрэл зурагчид хэвлэлийн үнэ цэнийг одоо ч хамгийн өндрөөр боддог хэвээр. Чанартайгаар нь хэвлээд, зөв газраа хадгалбал хэдэн зуун жил хэвээрээ л байх болно. (Хамгийн чанартай цаасан дээр хэвлэхэд 500 гаруй жилийн турш гэрэл зургийн өнгө нь хувирдаггүй.)
Magnum Magnum (2007)Мөн хэвлэл заавал үнэтэй бас том байх шаардлагагүй. Ердөө 4x6 хэмжээтэй хэвлээд жижигхэн жаазанд хэвлээд л хадгалчих. Хэвлэлийн ажил эхлүүлэхэд зургуудаа цэгцэлж янзлаад хавтсанд хийх бас нэг ажил болно. Тиймээс хойшлуулалгүй өдий хүртэл авсан зургуудаа цэгцлээд хэвлэх ажилд тусгайлан цаг гаргаарай. Учир нь хэвлэмэл бүтээл бол хэдэн арван, хэдэн зуун жил хадгалагдах өв юм.
58. Холыг харж сэтгэ
Гэрэл зурагчинд камертайгаа харилцан ойлголцоход цаг хугацаа, орон зай шаардлагатай. Нэг өдөр гоё зураг дараад л хамгийн мундаг нь болчихгүй. Ихэнх мастерууд хэдэн арван жил нэг цувралаа тасралтгүй үргэлжлүүлсний эцэст үнэлэгдсэн байдаг. Зое Страусс "I-95" цувралдаа 2000-2010 оны хооронд бүтэн арван жил зарцуулсан байдаг. Тэрээр яагаад заавал арван жил хэмээн асуухад, “Хэр удаан ажиллах хугацаагаа эхнээс нь тодорхойлчихвол цуврал нуршсан мэт санагдахгүй. Гэхдээ арваас бага жил надад дүрүүдээ бүрэн ойлгож, цувралдаа уусан шингэхэд хангалтгүй хугацаа байсан” гэж хариулжээ.

Мөн Ричард Аведон “In the American West” цувралаа бүтээхдээ даруй 6 жилийг зарцуулж, 17 мужийн 189 хотоор явж, нийт 752 хүнтэй уулзаж, түүнээс 123-ыг сонгож үзэсгэлэнгээ гаргаж байв. Тиймээс олон нийтийн сүлжээнд нийтлэхийн тулд л ганц нэг зураг авахаас илүүтэй урт хугацаагаа бодож, холыг харж сэтгээрэй.
Цуврал нийтлэл таалагдсан бол сэтгэгдэл үлдээгээрэй, дараагийн нийтлэлээр уулзацгаая!
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.