EP.17 - Шүүмжлэлийг зөвөөр хүлээж ав

EP.17 - Шүүмжлэлийг зөвөөр хүлээж ав

"How to kill your babies" буюу авсан зургууддаа хэт автахгүй байх талаар мастеруудын зөвлөгөөг хүргэж байна.



“Би гэрэл зурагчин ч гэлээ гэрэл зургийн тухай тийм ч их ярьдаггүй. Хийж буй зүйлсээсээ өөрийгөө хол тусгаарладаг. Авсан зургаа харахдаа ч өөр хүний нүдээр харах гэж хичээдэг.”

- Жосеф Коуделка

33, 34. ШҮҮМЖЛЭЛИЙГ ЗӨВӨӨР ХҮЛЭЭЖ АВ

Гэрэл зургуудаа өөрийн хүүхэд мэт үргэлжид хайрлаад л, халамжлаад байх хэрэггүй. Хүмүүс зургийг тань хараад шүүмжлэх үед өөрийг тань шүүмжилж байгаа мэт санагдаж байвал та зургууддаа хэт автжээ. Авсан зургуудаа хүмүүст үзүүлж шүүмж сонсмоор байвал тэднийг “Шударгаар шууд хэл, шүүмжлээд өг” гээд маш шулуухан байх хэрэгтэй. Эсвэл өөрийнхөө зургийг өөр хүний нүдээр харах хэрэгтэй. Себастио Салгадо хэмээх миний хүндэлдэг бас нэгэн мастер гэрэл зурагчин “Гэрэл зурагчид авсан зургаасаа илүү өөрсдийгөө чухал гэж бодох л хамгийн том аюул” хэмээсэн байдаг. Тиймээс өөрийн сэтгэл хөдлөлөө зургуудаасаа салгаж, бусдын шүүмжлэлийг зөвөөр хүлээж аваарай. 

35. ОГТХОН Ч БҮҮ ЭРГЭЛЗ

Шивээстэй ч юм уу зивүүн төрхтэй, өвөрмөц хувцаслалттай сонин, содон хүмүүст би яагаад ч юм үргэлж татагддаг. Доорх зургийн дүр болох энэ эрийг Лос Анжелесийн төвд яваад олж харсан юм. Зориг ороод очиж зөвшөөрөл авлаа. Хэдэн зураг ч буулгалаа. Анх харахад “аймаар” санагдаж байсан ч азаа үзсэндээ баярлаж байлаа. Учир нь ихэнх тохиолдолд ширүүн төрхтэй хүмүүс зургаа авахуулаад байдаггүй. Тиймээс юунд ч харамсахгүйн тулд эргэлзэлгүйгээр шийд. 

Цуврал нийтлэл таалагдсан бол сэтгэгдэл үлдээгээрэй, дараагийн нийтлэлээр уулзацгаая.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.