EP.18 - Өөрийгөө танин мэд
Гэрэл зургийн хэв маягаа олох, өөрийгөө танин мэдэх тухайд ойроос авдгаараа танигдсан Америкийн гэрэл зурагчин Брүс Гилден ийнхүү зөвлөжээ. Та ямар төрлийн гэрэл зурагчин бэ?
18. ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭД
Хамгийн ихээр хайрлагдаж бас хамгийн ихээр үзэн ядагддаг ч өөртөө үнэнчээр үлдсэн тэр нэгэн гэрэл зурагчин бол Брүс Гилден юм. Дэлхийн хамгийн завгүй хэмээж болох Нью-Йорк хотод төрж өссөн тэрээр хэт ойроос 28мм дурангаар флаштай зургаа авдаг гэрэл зургийн өвөрмөц хэв маягаараа алдартай. Ёстой л хайр найргүй үздэг хүн дээ. Хэтэрхий ойртлоо, ёс жудаггүй хандлаа, хүндэтгэлгүй байлаа гэх мэт хүмүүсийн хэл ам түүнд огтхон ч наалддаггүй нь гайхалтай гэмээр. Юу үнэн гэвэл тэр үнэн. Хүмүүсийн хэлдгээр гудамжны архичид, биеэ үнэлэгчид, нийгмээс гадуурхагдсан хэн бүхний өмнө нүүр тулж зогсоод хамаг л шарх сорви, цус нөжийг нь нүднээ ил болгож, аймар ч гэмээр үнэн төрхийг түүний зургуудаас харж, мэдэрч болно.
Тэрээр, “...Миний дуранд буусан хүмүүсийг мэдэхгүй ч гэлээ би тэдэнд бүгдэд нь хайртай. Өөрийн найз шигээ л хайрладаг. Тэдний зургийг харах бүрд уулзсан мэт болдог. Мөн тэд бол үнэний бэлгэ тэмдэг юм. Тэднийг ноён Смит, хатагтай Жен гэж харьяалаагүй ч бидний хувь тавилан нэг огтлолцолд учрах байсан болоод л бид уулзсан. Тэдэнд өөрсдийн амьдрал байгаа ч би бүгдийг нь өчих албагүй. Зургаа аваад өнгөрөхөд л хангалттай” хэмээсэн байдаг.
Анх Анри Картье-Брессоныг дуурайдаг байлаа. Тэр их дотогшоо, тэр бүр юм яриад байдаггүй. Одоо бодохоор би өөрөөсөө шал өөр хүн дуурайж, хэн нэгний дүрд тоглож байж. Сүүлийн жилүүдэд би ер нь их чалчаа хүн юм байна гэдгээ ойлгосон. Гудамжаар явж хүмүүсийн зургийг авах тусам л улам нээлттэй болсоор байлаа. Майерс Бриггийн хувийн зан чанар тодорхойлдог тестээр үзэхэд ESFP гэж гарсан. Ингээд би Брүс Гилден шиг зургийн дүрүүдтэйгээ харилцаа өрнүүлж, илүү ойроос ханддаг хэв маягаа олж авсан юм. Нэг л зүйлийг үргэлж санаж яваарай. Гэрэл зурагт зөв буруу гэж байхгүй. Хамгийн гол нь та ямар төрлийн гэрэл зурагчин бэ гэдгээ л олж мэд. Танд онцлог ямар чанар байдаг вэ? Ичимхий юу эсвэл нээлттэй юу? Хүнтэй юм ярихаас ичээд байдаг бол санаа зоволтгүй. Холоос л дарахад болно шүү дээ. Өөрийгөө л танин мэд. Харин таниж мэдэх явцдаа тууштай байх хэрэгтэй шүү. Амжилт!
Цуврал нийтлэл таалагдсан бол сэтгэгдэл үлдээгээрэй, дараагийн нийтлэл хүртэл түр баяртай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.