Гэрэл зураг сонирхогч хүн бүрийн унших ёстой шилдэг 10 ном
Гэрэл зургийн чадвараа сайжруулж, хөгжүүлэх нь зөвхөн анхлан суралцагчдын хийдэг зүйл биш. Энэ бол насан туршийн ажил юм. Ур чадвар өсөх тусам улам илүүг суралцах шаардлага үүсдэг. Харин энэ удаа бид гэрэл зурагчдын урам зоригийг сэрээж, сэдэлжүүлэх ТОП-10 номыг санал болгон бэлтгэлээ.
Гэрэл зургийн чадвараа сайжруулж, хөгжүүлэх нь зөвхөн анхлан суралцагчдын хийдэг зүйл биш. Энэ бол насан туршийн ажил юм. Ур чадвар өсөх тусам улам илүүг суралцах шаардлага үүсдэг. Харин энэ удаа бид гэрэл зурагчдын урам зоригийг сэрээж, сэдэлжүүлэх ТОП-10 номыг санал болгон бэлтгэлээ.
Эдгээр ном зөвхөн практик туршлага, ур чадварын тухай дэлгээд зогсохгүй гэрэл зургийн тухай нарийн мэдрэмж, баяр баяслыг бэлэглэх болно. Эдгээр номын үнэ болон худалдаалж буй холбоос өөрчлөгдөх боломжтой тул зөвхөн зохиолч, номын хэвлэлтийн мэдээллийг тулган худалдан авалт хийхийг зөвлөе.

1. The Decisive Moment
Францын гэрэл зурагчин Анри Картье Брессон 20 зууны хамгийн нөлөө бүхий гэрэл зурагчдын нэг байсан бөгөөд гудамжны гэрэл зургийн төрлийн анхдагч юм. Энэ номд гэрэл зургийг "шийдвэрлэх мөч" хэмээн үзэж, гэрэл зурагт үйл явдлыг хэрхэн дүрслэн харуулахыг тусгасан. Тус ном анх 1952 онд хэвлэгдсэн. Энэ номын тухай Роберт Капа "Гэрэл зурагчдад зориулсан библи" хэмээн тодорхойлсон байдаг. Төгс мөчийг барьж авахад тань туслах зүйлсийг эндээс уншиж ойлгоно гэдэгт итгэж байна.

2. Susan Sontag On Photography
Номын зохиолч эмэгтэй жирийн нэгэн гэрэл зурагчин байхаас илүүтэй нийгэм, улс төрийн алдаатай бодлогын эсрэг хүчтэй тэмцэгч байв. 1977 онд анх хэвлэгдсэн энэхүү ном түүний шилдэг эсээ бичвэрийн түүвэр болон гэрэл зургийг хамтад нь агуулдаг. Эл номыг уншсаны дараа гэрэл зургийн жинхэнэ хүчийг илүү тод мэдрээрэй.

3. Magnum Contact Sheets
Энэ бол гэрэл зургийн үнэхээр шилдэг ном гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Бүх цаг үед Магнум нэгдлийн гэрэл зурагчид шилдэг бүтээлээрээ алдаршиж, онцгой цаг мөчийг мөнхөлж чадсан байдаг. Бидний хамгийн эхэнд жагсаасан “Шийдвэрлэх мөч” номын зохиолч Анри Картье-Брессон эрхэм Магнум гэрэл зурагчдын нэгдлийг үүсгэн байгуулагч юм. Нийт 9 гэрэл зурагчны 139 contact sheets-ийг бичвэрийн хамт багтаасан уг ном таныг огт уйдаахгүй болов уу.

4. The Photographer's Eye
Сайн гэрэл зургийг бүтээхийн тулд график элементүүдийг олж харах “нүдтэй” байх шаардлагатай. Сэтгэл хөдөлгөм зохиомж хэрхэн үүсгэх, мөн гэрэл зургийг хэрхэн загварчилж болохыг тус ном танд өгүүлнэ. Мөн зургийн эдит, монтаж хийх зэрэг олон аргачлалыг багтаасан билээ.

5. Annie Leibovitz at Work
Номын зохиолч Анни Лебовиц нь дэлхийн шилдэг хөрөг зурагчдын нэг юм. Тэрээр эл номд фото сэтгүүл зүй, студийн гэрэл зураг, спортын гэрэл зураг өргөн сэдвийн тухай өгүүлэх агаад гэрэл зурагчин хүн хэрхэн ажилладаг талаар агуулдаг. Хүмүүсийн хөрөг зургийг авахын тулд ард нь ямар үйл явц өрнөдөг тухай унших боломжтой.

6. Camera Lucida
Францын онолч Роланд Бартс нь гэрэл зургийн мөн чанар, олон нийтэд хүргэх тухай гүнзгий судалсан нэгэн билээ. Харин эл номд гэрэл зураг ба театр, түүх ба үхэл зэрэг сонирхолтой сэдвийг зэрэгцүүлэн шинжсэн судалгааг агуулдаг. Алдарт зохиолчийн гэрэл зургийн талаарх эргэцүүллийг эндээс уншиж болно.

7. Photography and The Art of Seeking
Тогтсон үзэл баримтлал, арга барилыг шинэчилсэн, илүү орчин үеийн хэрэглээнд нийцүүлсэн мэдлэг энэхүү номд бий. Тус номын зохиолч Фриман Паттерсон бол олон улсад алдартай гэрэл зурагчин юм. Хэрэв та илүү бүтээлч, шинэлэг, визуал дизайн бүхий гэрэл зураг авч сурахыг хүсвэл эл ном гарцаагүй тусална. Хэт онолын тухай бус энгийн үг хэллэгтэй тул уншихад хялбар байх болно.

8. The Negative
Номын зохиолч Ансель Адамс бол 20-р зууны хамгийн алдартай гэрэл зургуудын эзэн бөгөөд шинэлэг, бүтээлч техникийн ур чадвараараа гэрэл зургийн хөгжлийг шат ахиулсан гавьяатай нэгэн билээ. Харин энэхүү сонгодог гарын авлага нь гэрэл зургийн чиглэлээр түүний насан туршдаа олж авсан мэдлэгийг багтаасан тул одоо ч арга барил нь хуучиршгүй ашиглагдсаар байна.

9. Street Photography Now
Гудамжны гэрэл зураг бол бараг бүх гэрэл зургийн төрлийг багтаасан өргөн сэдэв. Гудамжинд өрнөж буй амьдралын хором мөч, баяр баясал, харуусал гуниг, нинжин сэтгэл, хошигнол гээд бодолд автуулж, харааг тань булаах бүтээлүүд эл номд бий. Магнум нэгдлийн 46 гэрэл зурагчны бүтээлээс бүрдсэн энэхүү ном дэлхийн өнцөг булан бүрд байх гудамжны амьдралын талаар илэн далангүй хүүрнэн өгүүлнэ. Маргаантай асуудал, соёлын олон талт байдал, улс орны хүмүүсийн аж байдал гээд урам хугалахааргүй онцгой гэрэл зургуудыг тус ном агуулсан.

10. Understanding Exposure
Энэ ном нь гэрэл зургийн тухай ээдрээтэй ойлголтуудыг маш хөгжилтэй байдлаар ойлгомжтой тайлбарласан бүтээл юм. Анхлан гэрэл зураг сонирхогчид болон суралцаж яваа хүмүүст гарцаагүй тус дэмээ өгөх болно. Учир нь тус номд сайн гэрэл зураг бүтээх арга техник, дасгал, зөвлөгөө багтдаг. Мөн уншигчдыг сэдэлжүүлэх гайхалтай өнгөлөг гэрэл зургийн бүтээлийг агуулсан байдаг.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.