Solo exhibition by Chayodu: Бүрхүүлгүй гоо сайхан

Solo exhibition by Chayodu: Бүрхүүлгүй гоо сайхан

Хүрээлэн байгаа бүхнээс яг хэд нь таныг тодорхойлж чадах вэ? Магад нүдээ анивал хариулт нь илүү тод харагдах байх. Өөрийн дотор, түүнийхээ гүнд байгаа үнэлж хэмжихээргүй тийм яруу гоо үзэсгэлэнгээр гэрэлтэхийн тулд заавал чимэг зүүсгэл хэрэггүй дээ. Буй бүхнээ хайрлан хүлээн зөвшөөрөх тунгалаг мэлмий, чин зүрхний баяр баяслаа бүү гээгээрэй.

Нийтэлсэн
4 сарын 16, 2024
Хуваалцах

Гэрэл зурагчин Ё.Чанцалдуламын анхны бие даасан үзэсгэлэн Лхам галерейд дэлгэгдэж байгаа билээ.  Хүний нүцгэн төрхийг дэлгэн тавьсан эл үзэсгэлэн яагаад ч юм секси, тачаангуй гэхээс илүүтэй дотоод мөн чанар, хайр, хэнд ч нээгээгүй нууц, сэтгэлийн нарийн сэжмүүдийг гэрэл зурагт мөнхөлсөн мэт санагдав. Олон нийтийн сонжсон харц, ам нээвэл ил далд шүүмжлэл багтсан үгс, шохоорхон эргэж харахгүй байхын аргагүй төрх, сайхан сэтгэл, тэвчээр гээд гоо сайхныг төдийхөн ганц хэмжүүрээр хашиж барамгүй асар том ойлголт гэдгийг мөн Ё.Чанцалдулам бүтээлээрээ тод илэрхийлжээ. Мэдээж уг үзэсгэлэнгийн куратороор ажилласан Dr. Christianna Bonin хатагтайн гэрэл зураг бүрд тайлбар өгөлгүй, хүлээн авагчдад нээлттэй үлдээсэн шийдэл гайхалтай байсныг онцлох зүйн хэрэг. 


ТЭД “АНЧИД”, ХАРИН ТЭР БҮТЭЭГЧ

Гэрэл зурагчдын ихэнх нь зогсошгүй урсан хөврөх цаг хугацааны хэсэгхэн хэлтэрхийг камерын дурандаа барьж торгоож үлдээхийг хичээдэг. Анчид гэлтэй. Хоромыг ч алддаггүй. Чухал агшин бүрийг гэрэл зургийн хальснаа буулгах авьяас, зөн мэдрэмжтэй. Ихэнх гэрэл зурагчид үүнийхээ хүчээр шаггүй алдартай бүтээлүүдийг хүн төрөлхтний түүхэнд үлдээсэн байдаг. Гэхдээ цаг хугацаанд үл захирагдах бүтээгчид бий. Эдгээрийн нэг нь гэрэл зурагчин Chayodu ажээ. “Надад яагаад ч юм аливаа юмсыг байгаагаас нь өөрөөр гэх юм уу эвлүүлж, өрж тавьж байгаад зургийг нь авах таалагддаг.” гэх даруухан хариулт хэлэх боловч үнэндээ олон жилийн турш төсөөлж, бодсон бүхнээ ийн илэрхийлдэг мэт. Энэ нь хэн нэгнийг, өөр бусдыг өөрчлөх гэсэндээ бус харин өөрсдийнх нь хараагүй нэгэн талыг нээн илрүүлж байгаа гэлтэй.


ХООСОН БАС ДҮҮРЭН ЕРТӨНЦ

“Үзэсгэлэнгээ нээсэн эхний өдөр гутлаа өмсөөд гэрээсээ гарах үедээ би нэг их хоосон мэдрэмж мэдэрсэн. Одоо би юу хийх билээ, дараа нь юу болох билээ гэдэг асуултад надад огтхон ч төлөвлөгөө байгаагүй. Зүгээр л бүх юм хоосорсон мэт санагдсан. Гэхдээ үзэсгэлэн дээрээ ирээд хүмүүстэй ярилцаад, тэдний сэтгэгдлийг сонсох үедээ буцаад зүрх сэтгэл дүүрч юу хийх ёстойгоо олох шиг болсон.”

- Chayodu

Түүнтэй цөөн хором ярилцахад нэг хариулт ихэд анхаарал татсан билээ. Материаллаг юутай ч байгаад сэтгэл үл ханах бол, заримдаа нэг их сайхан үг сэтгэл дүүргэдэг шүү дээ.


ГЭРЭЛ ЗУРАГТАЙ ТАНИЛЦСАН ТҮҮХ ИНГЭЖ ЭХЭЛСЭН

Уран бүтээлч Chayodu / Ё.Чанцалдулам 2014 онд анх гэрэл зурагтай танилцсан гэдэг. Монгол Улсын Их Сургуулийг График дизайнер мэргэжлээр төгссөн тэрээр энэ салбарт хөл тавихдаа гэрэл зургийн тухай ямар ч мэдээлэлгүй байсан ч эхлээд баримтат гэрэл зургийн төрлөөр зураг авч эхэлжээ. Ингээд гэрэл зургаар дамжуулан төсөөллөө илүү нээлттэй илэрхийлж эхэлснээр концептуаль гэрэл зургийн чиглэлээр дагнан ажиллах болжээ. Өдгөө бие даасан үзэсгэлэнгээ олон нийтэд амжилттай танилцуулсан түүний бүтээлүүд “Бидний цөөхөн Монголчууд” УБ.2019 номд орохоос гадна хувцас загварын томоохон брэндүүдтэй хамт олны хүртээл болж байв. Алдарт Vogue сэтгүүл хүртэл Photo буландаа онцолсон байдаг. Өөрийн онцгой мэдрэмж, сонирхолдоо хөтлөгдөн Монголын гэрэл зургийн салбарт тод өнгө болон гэрэлтэж яваа залуу гэрэл зурагчин Ё.Чанцалдуламд гялалзсан их амжилтыг хүсье.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.