Suren Suzi: Made by memory 3/2
Дурсамж биегүй ч эргэн санагдах бүрдээ цээжний гүнд танил лугшилт үлдээгээд удалгүй сарнина. Бодь дүргүй ч оюун, зүрхний тавлаг орон зайд дурсамж л мөнх хадгалагддаг нь хачирхалтай.
Бид танд яг одоо дурсамжаар урласан үзэсгэлэнг дэлгэх гэж байна. Уран бүтээлч Х.Сүрэнгийн уг үзэсгэлэн үзэгч олныг ер бусын бодол дурсамжинд гарцаагүй хөтлөх ажээ. Тусгай хэрэгцээт хүмүүст зориулж бүтээлийн тайлбар, үзэсгэлэнгийн танилцуулгаа брайл үсэг, аудио ашиглан үзэсгэлэнг дэглэсэн байв. Мөн цаашлаад танхимын төвд мөнх хайрын бэлгэдэл цагаан уул цэцгийн хатаамал бүхий гоёмсог инсталляцийг байрлуулсан ширээ голлоно. Х.Сүрэн энэ ширээг өөрийн урлангаасаа авч иржээ. Үзэсгэлэнгийн хүндтэй хэсэг болох тус ширээн дээр бор цаастай даруухан дэвтэр дэлгэсэн нь учиртай. Тэрээр хэлэхдээ "...Энэ дэвтэрт хүмүүс үзэсгэлэнгийн сэтгэгдлээ үлдээхээс гадна санаанд нь орж ирсэн сайхан дурсамжаа бичиж болно. Мөн мартахыг хүссэн дурсамжаа бичээд тэр хуудсыг нь урж аваад хаяж ч болно. Ер нь одоо цагийг мэдэрч, сэтгэлээ чөлөөлөөсэй гэж хүсэж байна." хэмээн тодруулсан билээ.
Үзэсгэлэнг бүрдүүлж буй бүтээлүүд цианотип техникээр бүтээгдсэн тухай та танилцуулгадаа дурдсан байсан. Энэ техникийн тухай болоод яагаад энэ аргаар бүтээлүүдээ урласан тухай хуваалцана уу.
Надад хийх үйл явц нь их таатай, яг бясалгал шиг санагддаг. Магадгүй нууцлаг хөх цэнхэр өнгө гүн өнгөнд ч татагдсан байх. Цианотип аргаар бүтээсэн хэвлэмэл бүтээлүүд амьд мэдрэмжийг хүмүүст мэдрүүлдэг онцлогтой. Энэ аргаар бүтээл хийж үзэхээр мөн чанарыг нь, хэчнээн сайхан гэдгийг нь илүүтэй мэдрэх боломжтой.
Яг одоо үзэгчдэд хүргэж буй бүтээлүүдээс
хамгийн онцгой бөгөөд таны хувьд эрхэм түүхтэй бүтээл нь аль вэ?
Үзэсгэлэнгийн танхимын голд байрлах цагаан уул цэцгийн инсталляци бол хамгийн нандин дурсамжуудаас минь бүтсэн. Бас их урт хугацааны турш цугласан. Манай гэрийнхэн зун болгон агаарт гарахдаа эмийн ургамал түүж, хатааж хэрэглэдэг уламжлалтай. Тийм болохоор би багаасаа л цэцэг, ургамал зэргийг янз бүрээр хатааж хадгалах дуртай хүүхэд байсан. Үүнтэй холбоотой дурсамж их бий. Тиймээс гол бүтээл болгон байрлуулсан.
Уран бүтээлч бүр өөрийн гэсэн арга
барилтай шүү дээ. Бүтээл гэдэг
бол уран бүтээлчийн ертөнц, сэтгэлийн толь ч гэгддэг. Таныг ямар
бүтээл тодорхойлох боломжтой гэж боддог вэ?
Миний хувьд “multidisciplinary”
уран бүтээлч. Бас гэрэл зурагт
үнэхээр хайртай. Намайг “mixed
media” уран бүтээлээр
илэрхийлж болох байх.
Таны бүтээлүүд үзэгч, хүлээн авагчдын
хүртээл болохын өмнө ямар үйл явцыг туулдаг вэ?
Нэг бүтээл төрөхийн тулд харилцан адилгүй хугацаанд бүтдэг. Зарим бүтээлийг олон жилийн турш сэтгэл дотроо бясалгаж, цаг нь болсон үед бүтээл болгон урладаг. Тэгж гарсан бүтээл утга учиртай, цагаа олсон санагддаг. Гэхдээ ямар ч бүтээлийг юун түрүүнд хийж эхлэх нь л хамгийн чухал санагддаг.
Хараахан бүтээл болж гараагүй ч таны
хувьд үргэлж хийхийг хүсдэг уран бүтээл юу вэ?
Баримтат гэрэл зургийн ном гаргахыг зорьж байгаа. Ямартай ч сайн төлөвлөж
байгаад хийж эхэлнэ ээ.
Шинээр гарч ирж буй залуу уран бүтээлчдэд ямар зөвлөгөө хүргэхийг хүсэж байна?
Манай Итали багшийн хандаж хэлсэн үгийг би огт мартдаггүй. “Сэргэн
мандалтын үед хийгдсэн бүтээлүүдийг, эсвэл аль нэг алдартныг дуурайх огтхон ч шаардлагагүй. Харин энэ цаг үед чамд олдож байгаа нөхцөлийг ашиглан хамгийн сайн бүтээлийг
чадахаараа хийх нь л чухал. Тэр нь AI, дижитал медиа, өөр шинэ шийдлүүд байж болно. Хамгийн гол хамгийн сайнаараа л хичээж хий.”
гэдэг байв. Яг одоо энэ үгийг
л хэлмээр санагдаж байна.
Харин үүн дээр нэмж хэлмээр байгаа зүйл бол урлагийн уламжлалт арга технологи, тухайн үеийн бүтээлүүдэд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Учир нь өмнөх үед хийгдсэн юм бүхэн сайн болон муу зүйлстэйгээ аль аль нь нэгдэж байж одоогийн суурийг босгосон шүү дээ.
Таныг уран бүтээлч болоход нөлөөлсөн зүйл юу вэ?
Миний өвөг эцэг буюу эмээгийн аав гэсэн үг л дээ. Маш уран хүн байсан.
Түүний урласан Улаан жамсран бурханы бүтээл нь одоо Чойжин ламын музейд буюу улсын
сан хөмрөгт хадгалагддаг. Энэ хүний үйл хэрэг надад шууд бусаар нөлөөлсөн юм болов
уу гэж боддог. Бас миний аавын нөлөө их бий.
Бүтээл хийх сэдэл, урам зоригийг хэрхэн олж авдаг вэ?
Би найзуудаасаа их урам зориг олж авдаг. Мөн намайг хамгийн их дэмждэг нэг хүн байсан. Тэгээд гэрийнхэн гээд ойрын хүрээллээсээ би хайр, урам зориг, итгэл, хүч мэдэрдэг юм байна. Мэдээж шинэ содон үзэсгэлэнд очих, ном унших нь сайхан. Үзэсгэлэнгийн бүтээл хийгдэх явцад бүр юу ч хиймээргүй мэдрэмжийг хүчтэй мэдэрсэн. Гадагшаа гарах битгий хэл орноосоо ч өндиймөөргүй. Учир шалтгааныг нь мэдэхгүй ч тийм үеүд хааяа нэг тохиодог. Тэгээд Рик Рубиний Бүтээлч Үйл: Оршихуйн Ухаан номыг уншаад эргээд ажилдаа орсон. Тэр номоос уншсан үг өмнө нь ч мэддэг байсан үг л дээ. “Зүгээр л хийж эхэл, чадахгүй байсан ч оролдоод үз” гэдэг үг. Гэхдээ яагаад ч юм тэр үед их тус болсон. Заримдаа яг оносон мөчдөө үг хүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлж чаддаг юм билээ.
Ярилцсанд баярлалаа, үзэсгэлэнгийн дараагийн цувралаар эргэн уулзацгаая.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.