"Citizen" бие даасан үзэсгэлэн

"Citizen" бие даасан үзэсгэлэн

Гэрэл зургийн бүтээл бүр тухайн цаг хугацааны төрхийг чимж гоодолгүй, харлуулж хатгалгүй чигээр нь мөнхөлж орхидог "хачин" зүйл. Тэр чинээгээрээ зовнисон асуудлуудыг шүүлтүүргүй хөндөж, илэрхийлж чаддаг. Энэхүү үзэсгэлэнг тольдохдоо өөртэйгөө ярилцаж, сэтгэлийн чилгэр танхимд тань юу оршин буйг тунгаахыг хичээгээрэй.

Нийтэлсэн
2 сарын 11, 2025
Хуваалцах

Иргэн гэдэг энгийн нэгэн бичиг баримтаар баталгаажсан эрх зүйн харьяалал биш. Ухамсар, үнэт зүйл, өв соёл, хариуцлага цөмийг багтаасан цогц ойлголт. Иргэд улсын хил хязгаараас дотогш оршдог, нэг өнгийн паспорттой, нэг төрийн далбаан дор эвлэлдэн нэгддэг. Гэвч “Монгол улсын иргэн” гэж угтаа хэн болохыг яг таг тодорхойлж хэн ч үл чадна.

Иргэд хуульд заасан тэгш эрх, үүрэгтэй атлаа үзэл бодлоо илэрхийлэх нь инфлюнсерүүд, улс төрчид, бизнес эрхлэгчдийн онцгой эрх мэт баригдмал нийгэм өнөө цагт бүрэлдсэн нь даанч харамсалтай. Жирийн иргэн, малчин, уран бүтээлч, оюутан хэн ч бай улсынхаа ирээдүйд санаа зовниж, бодит байдлын тухай бодлоо дэлгэх төдий гэмтэн болж мэдэхээр болжээ. Харин үзэсгэлэнг зорин очихдоо асуудлыг дуугүй хэлтрүүлж, хүлцэнгүй байснаараа ажил амьдралтайгаа үлддэг, түүндээ ч сэтгэл нь "ханаж" байгааг эргэцүүлсээр орсон билээ. Энэхүү үзэсгэлэн гурван хэсгээс бүрдэх аж. Гурван өөр мэдрэмж, уур амьсгал.

Нэгдүгээр хэсэг - “Метро Метрополис Метросексуал” 

Дөнгөж ормогц 2012 оноос эхтэй “Метро Метрополис Метросексуал” гэх нэртэй цуврал гэрэл зургууд угтах нь тэр. Эдгээр нь цаг үеийг баримтжуулж авч үлдсэн бүтээл бөгөөд эргэн сануулах үүднээс дэлгэсэн байв. Уран бүтээлч Б.Бат-Оргилын айлчилсан улс бүрийн иргэдийг харуулсан мэт санагдав. Үзэсгэлэн цаашлаад ямар хэсгүүдтэй бол, тэр хар хөшигний цаана юу байгаа бол гэхээс догдолж бас яаран үзлээ. 

Хоёрдугаар хэсэг - “Product of Mongolia” 

Хар хөшигний цаана гүн харанхуйд дөрвөн талдаа адилгүй зураг бүхий шоог таазнаас өлгөсөн байлаа. Инсталляцийн нэр монголын бүтээгдэхүүн гэнэ. Гэхдээ бараа бүтээгдэхүүнээс урьтаж иргэд гэдэг чинь өөрсдөө эх орныхоо "бүтээгдэхүүнүүд" шүү дээ гэх бодол талд зоосон ганц бөх гадас шиг бодлоос ер салахгүй байв.  Зураг бүхэн ялгаатай асуудлууд хөндсөн ч эцсийн цэгтээ иргэдийн сонголт, иргэдийн үйлдэл, иргэдийн үнэн дүр төрх ч юм шиг. Уран бүтээлчээс яаран тайлбар нэхэхээс өмнө сайтар тунгаах хэрэгтэй санагдав. 

"Монгол улсад эдийн засаг хөгжиж байгаа ч ард иргэдэд өгөөж нь хүрдэггүй үзэгдэл байсаар байна. Алтан говь бүтээлдээ уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй говь нутгийн цөлжилт, малчдын байр байдлыг тусгахыг зорьсон. Малчид бол маш том өв соёлыг тээгчид. Зарим нэгэн ашиг хөөгчдийн буруутай үйлдлээс шалтгаалж өв тээгчид, газар шороо үнэгүйдэхийг харж тэвчишгүй."   

Б.Бат-Оргил

Гуравдугаар хэсэг - “Төрийн минь сүлд өршөө”

“Төрийн минь сүлд өршөө" гэж өвгөд буурлууд залбирч суудаг сан. Энэ сүсгийг ойлгохын тулд алтан соёмбын үүслийг судлах хэрэгтэй. Ер нь үзэгчид уншиж судлахаас огтхон ч хойш суух ёсгүй." хэмээн тэрээр халаглана. Эдгээр илэрхийлэмжүүд бол цөхрөлийн эцсийн цэгт хүрсэн уран бүтээлчээс л гарах зүйлс мэт. Шүүмжлэлийн урлаг хэмээх асар том ойлголт бий. Гол нь зөвөөр илэрхийлэхгүй бол буруу ойлголтод хүргэж үзэгчдийг төөрөгдүүлэх эрсдэлтэй. Ийнхүү би яриагаа дуусгаад үзэсгэлэнг дахин нэг бүтэн тойрсон юм. Зарим асуулт хариултаа ололгүй хоцорч, хаалгаар гарахад сэтгэлд буглан үлдсэнийг ч мөн нуух юун. 

Үзэсгэлэн 2 сарын 7-оос 2 сарын 28-ыг дуустал "B" контемпорари галерейд Мягмараас Ням гарагт 10:00-18:00 цагийн хооронд толилуулагдана. 
Байршил: СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлангийн дэргэд
Холбоо барих: +(976)-9899-9989
Гэрэл зурагчин Б.Бат-Оргилын албан ёсны вебсайт: www.batorgilb.com

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.