АЖИН ТҮЖИН – Долоо хоногийн тойм

АЖИН ТҮЖИН – Долоо хоногийн тойм

Улаанбаатарын гудамжинд амьдрал өдөр бүрийн хэмнэлээрээ үргэлжилсээр. Хэн нэгэн яарч, нөгөө нь бодолд автан байхад хаа нэгтээ инээд хөөр цалгиж, хаврын урь орж буйг мэдрэх мэт хүмүүс догдлон алхална. Өнгөрсөн долоо хоног ард үлдэж, шинэ долоо хоног эхэллээ. PIXELS танд өнгөрсөн өдрүүдийн сонирхолтой үйл явдлуудыг хотын гудамжинд буулгасан гэрэл зургуудын хамт “Ажин түжин” тоймоор хүргэж байна. Хөнгөн бөгөөд сонирхолтой баримтууд, соёл урлагийн онцлох үйл явдлууд, дэлхий дахинд өрнөсөн мэдээ мэдээллийг эндээс уншаарай. Таны хувьд өнгөрсөн долоо хоног хэрхэн өнгөрөв?

Нийтэлсэн
2 сарын 24, 2025
Хуваалцах

Өнгөрсөн долоо хоногт Гэгээн хайрын Валентины өдөр тохиолоо. Баасан гараг ч таарч, хостой нь хосоо дагуулаад гадуур болзож, тоглолт үзэж, оройн зоог барихаар явцгаасан бол ганц бие хүмүүсийн хувьд гэртээ харих гэж түгжрэлд ихэд зүдэрцгээсэн биз ээ. Валентины баяртай холбоотой нэгэн сонирхолтой мэдээ олсноо хүргэе. 2025 оны 2 дугаар сарын 13-ны байдлаар Монгол Улсад 2 хүн Гэгээнхайр, 3 хүн Валентин, 1 хүн Хайрынбурхан нэртэй байна гэж Үндэсний статискийн хороо 1212.mn дээр мэдээлжээ. Үнэхээр л хайраас төрсөн хүүхэд юм гээд нэрлэчихсэн ч юм шиг хөгжилтэй, бас хайр хүрмээр санагдав. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2 дугаар сарын 16-22-нд "Монгол нүүдэлчин өвлийн фестиваль-2025" зохион байгуулагдаж дууслаа. Уг фестивальд нүүдлийн ахуй, соёлын өвийг олон нийтэд танилцуулж, мөсөөр урласан бүтээлүүдийг дэлгэн, өртөөчилсөн хэлбэрээр олон нийтэд хүргэсэн ба соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, мазаалай баавгайг хамгаалах зорилготойгоороо онцлог болжээ. 

Мөн өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Филармонийн Симфони оркестр "Симфони оркестр-Мүраками Харүки" тоглолт хийж  дэлхийн нэрт зохиолч Мүраками Харүкигийн бүтээлүүдээс сэдэвлэсэн симфони хөгжмийг толилуулсан байна.

Жил бүрийн 2-р сарын 13-нд Дэлхийн Радионы өдөр тохиодог ба радиогийн ач холбогдлыг онцлон тэмдэглэх зорилготой аж. Утас, интернетийн “өвөг” анхны радио мэдээ цацагдаж олон нийтэд нийтэд хэрэгтэй мэдээллийг цаг тухайд нь хүргэснээс хойш даруй 79 жил өнгөрчээ. Жил бүр тодорхой сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг ба энэ жилийн сэдэв “Радио ба Уур амьсгалын өөрчлөлт” байв.

Нийслэл хүрээний 113 жилийн ойг тохиолдуулан "Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг" сэдэвт үзэсгэлэн 2 дугаар сарын 7-нд "Монгол арт" галерейд нээлтээ хийжээ. Зав гарган очоод амьдарч байгаа нийслэлийнхээ үүсэл хөгжлийг уран зургаас сонирхоорой. Хэзээ үүсэж, хөгжөөд, хэзээд нь ийм олон хүнтэй болчхов гээд мэдвэл зохих, сонирхолтой мэдлэгийг олж аваарай. Энэ сарыг дуустал толилуулагдана гэсэн шүү.

АНУ-ын хамгийн эртний толь бичиг болох "Мерриэм-Уэбстер" 2024 оны онцлох үгээр "туйлшрал" (polarization) хэмээх үгийг сонгосон байна. Нийгэмд үүссэн хагарал, хуваагдлыг илэрхийлж байгаа аж. Үнэхээр л өнөөгийн нийгэм нэг үзэлдээ, нэг санаандаа хэт туйлшран, аль нэг талыг харгалзалгүй, ашиг сонирхол хөөдөг болчихсон гэлтэй.

2-р сарын 19-нд зураач Х.Ууганбаярын "Үүлэн дээрх мөр" бие даасан үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн галерейд нээлтээ хийлээ. Тосон будгийн өвөрмөц өнгө төрхийг харуулах бүтээлүүдийг уг үзэсгэлэнд дэлгэжээ. Ороод гараарай.

Энэ жилийн цагаан сараар амрах хоног цөөнийг ч хэлэх үү, өмнөх жилүүдийг бодвол уур амьсгал бага ч байх шиг санагдана. Гэхдээ л замын ачаалал багассангүй.Б аяраар төрсөн хүүхэд тутмын тодорхой хувь ямар нэг байдлаар тухайн баяртайгаа холбоотой нэртэй болох нь цөөнгүй байдаг байна. Ялангуяа, монголд. Тухайлбал, Цагаансар нэртэй 11 хүн энэ оны хоёрдугаар сарын 21-ний байдлаар Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд бүртгэгдээд байгаа аж. Мөн Хийморь нэртэй 62, Монгол нэртэй 57, Шинийннэгэн нэртэй 50, Шинийнгурван, Шинийннайман нэртэй 1, Хадаг нэртэй 5, Идээ нэртэй 2 хүн байна. Хачирхалтай л юм.

Ийнхүү өнгөрсөн долоо хоногийн сонин содон үйл явдлуудыг хамтдаа эргэн харлаа. Хотын хэмнэл үргэлжилсээр, Улаанбаатарын гудамжинд амьдрал буцалсаар… 

“Ажин түжин” дараагийн нийтлэлээр дахин уулзацгаая!

Гэрэл зургийг: Б.Саруул @saruulbs 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.