
Suniko, "Where would we find you, if we need to find you?"
Гэрэл зурагчин Б.Долгорсүрэн, бидний мэддэгээр Suniko Bazargarid "Where would we find you, if we need to find you?" буюу "Хэрэг гарвал бид чамайг хаанаас олох вэ?" нэртэй анхны бие даасан үзэсгэлэнгээ Улаан гэр галерейд толилуулж байна.
Тэрбээр 2025 онд сонгогдон хамрагдсан АНУ-ын Нью-Йорк хот дахь Baxter St резиденси хөтөлбөрийн хүрээнд энэхүү үзэсгэлэнгээ анх дэлгэсэн бөгөөд ийнхүү анхны бие даасан үзэсгэлэнгээ эх орондоо авчран толилуулж байгаа нь энэ юм. Бостон, Сингапур, Бангкок, Улаанбаатарын хооронд нүүж, сууж өссөн тэрээр аливаа газар оронд түр хугацаагаар суурьшихдаа сэтгэл зүрхээрээ гүн холбогдох нандин бөгөөд төвөгтэй үйл явцыг, мөн ойртон дотносох ба холдон хөндийрөх сэтгэл зүйн заагийг бүтээлүүддээ тусгахыг зорьж. анхны бие даасан үзэсгэлэнгээ дэлгэж байгаа нь энэ юм. Бостон, Сингапур, Бангкок, Улаанбаатарын хооронд нүүж, сууж өссөн тэрээр аливаа газар оронд түр хугацаагаар суурьшихдаа сэтгэл зүрхээрээ гүн холбогдох нандин бөгөөд төвөгтэй үйл явцыг, мөн ойртон дотносох ба холдон хөндийрөх сэтгэл зүйн заагийг бүтээлүүддээ тусгахыг зорьж.




Бид түүнтэй анхны бие даасан үзэсгэлэн, уран бүтээлийн замнал болон туулсан туршлагынх нь талаар ярилцлаа. Хил дамнасан шилжилт хөдөлгөөн болоод түүний тухай ой дурсамжийн салшгүй хэсэг болох сэтгэл зүй, орон зай, хүн хоорондын харилцааг өргөн форматын хальсны гэрэл зураг болон дижитал коллажаар дамжуулан уг үзэсгэлэнд илэрхийлнэ.
Үзэсгэлэнгээ дэлгэсэнд баяр хүргэе. Гэрэл зурагтай хэрхэн холбогдсон талаар тань яриагаа эхэлье. Та багаасаа л энэ “замаар” явъя гэж хүсдэг байв уу?
Намайг 10 настай байхад манай гэр бүл Америк руу нүүсэн юм. Өсвөр, бага нас минь Бостон хотод өнгөрсөн. Анх 15 настайдаа хальсны камераар зураг авч эхэлсэн ч тухайн үед гэрэл зурагчин гэдэг мэргэжил байдаг, хүмүүс ийм ажил хийгээд амьдардаг гэж мэддэггүй байлаа. Тэгээд Монголдоо эргэж ирээд 10 жилийн сургуулиа төгсөөд, буцаж Америкт коллежид сурсан. Дараа нь Сингапурт дизайн, харилцаа холбоо чиглэлээр жилийн хөтөлбөрт хамрагдаж, хуримын гэрэл зургийн студид дадлагажигч хийсэн. Улмаар Тайландад чөлөөт гэрэл зурагчнаар ажиллаж, тэндээ коммершл зураг авч сурсан. Монголд буцаж ирээд Ublife сайтад 3 жил гаруй хугацаанд гэрэл зурагчнаар ажилласан. 2022 онд Нью-Йорк хотын International Center of Photography хэмээх гэрэл зургийн сургууль, музейн нэг жилийн хөтөлбөрт хамрагдаж хэд хэдэн үзэсгэлэнд оролцон, хальсны лабораторит ажиллаж сурсан юм. Ингээд хөтөлбөрөө дуусгаад Монголдоо үзэсгэлэнгийнхээ төсөл дээр ажиллаж эхэлсэн.

Нью-Йорк дахь үзэсгэлэн болон резиденси хөтөлбөрийнхөө талаар ярьж өгөөч?
Өнгөрсөн намар гаргасан үзэсгэлэн бол миний галерейд дэлгэсэн анхны бие даасан үзэсгэлэн гэдгээрээ онцгой байсан. BAXTER ST: Camera Club of New York буюу Нью-Йоркийн хамгийн анхны гэрэл зургийн төв гэж хэлж болох 100 гаруй жилийн түүхтэй газар байдаг юм. Тэд жил болгон нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, шинээр төрөн гарч буй 3 гэрэл зурагчныг сонгож гурван сарын резиденси хөтөлбөр (уран бүтээлч тодорхой хугацаанд тухайн газраа байрлан уран бүтээл туурвих хөтөлбөр) хэрэгжүүлдэг. Өмнө нь бие даасан үзэсгэлэн гаргаж байгаагүй залуу гэрэл зурагчдад зориулсан хөтөлбөр гэсэн үг. Хөтөлбөрийнхөө төгсгөлд тодорхой төсөв гаргаж, үзэсгэлэн гаргах боломж олгодог юм л даа. Би энэ хөтөлбөрт "Монгол орно" нэртэй төслөөрөө өргөдөл явуулаад сонгогдсон. Миний хувьд өмнө нь Бангкокт хамтарсан үзэсгэлэн, “Улаанбаатар гэрэл зургийн долоо хоног”-т оролцож байсан туршлагатай.



Америкт энэ төслөөрөө анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргахад ямар мэдрэмж төрж байв?
Тэнд бүх юм бэлэн, зохион байгуулалт асуудалгүй байсан болохоор замбараагүй байдал бага байсан. Гэхдээ үзэсгэлэнгийн нээлтийн өдөр айх, сандрах, түгших мэдрэмж их төрж байлаа. Тухайн үед найзууд маань өөр хотоос ирж тусалж, дэмжиж байсан. Гэхдээ эх орондоо, Монголд гаргасан бол гэр бүл, найз нөхөд гээд илүү олон хүн үзэж, тусалж дэмжих байсан даа гэж бодогддог юм билээ. Яалт ч үгүй эх орондоо уран бүтээлээ дэлгэх өөр байх. Ээж маань өмнө нь зөвхөн Photo Week, Art Week-ээр л миний үзэсгэлэнг үзэж байсан. Энэ төслийн зургуудад найзтайгаа хөдөө явж байхдаа авсан зургууд бас орсон байгаа. Тухайн үед хамт байсан хүмүүс маань Нью-Йоркийн үзэсгэлэнгийн үеэр хажууд байгаагүй болохоор "Энэ хүмүүсийг үзэсгэлэнг маань үзээсэй" гэж их хүссэн. Тэр үед энэ үзэсгэлэнгээ Монголд дэлгэх байтугай буцаж ирэх үгүйгээ ч мэдэхгүй байлаа. Тийм болохоор одоо Монголд дэлгэж байгаадаа маш их баяртай байна.
Энэ төсөл маань 2024 оноос эхэлсэн, одоо ч үргэлжилж байгаа. Үзэсгэлэн гаргана гэдэг нь уран бүтээлч хүний хувьд яг хаана явж байгаагаа мэдрэх чухал үе байдаг. Энэ үзэсгэлэн ч бас миний уран бүтээлийн одоогийн явцыг харуулж байгаа болохоос биш, үзэсгэлэн гаргалаа гээд төсөл маань дуусчихгүй.

Яагаад үзэсгэлэнгээ "Where would we find you, if we need to find you?" гэж нэрлэх болсон бэ?
Үзэсгэлэнгийнхээ нэрийг өнгөрсөн жил Нью-Йорк руу явж байхдаа онгоцны буудал дээр олсон юм. Америкийн нөхцөл байдал их эвгүй, илүү дарамттай болчихсон юм шиг санагдаж байгаа. Тэнд байхын тулд, оршихын тулд маш их хүч, тэвчээр шаарддаг болсон. Онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсэгт паспортоо үзүүлээд орж байхад байцаагч нь надаас "Хэрэг гарвал бид чамайг хаанаас олох вэ?" гэж асуусан. Тухайн үед "Намайг олж яах гээд байгаа юм бол?" гэж бодоод өнгөрөх гэж байсан ч энэ асуулт толгойноос гарахгүй бодогдоод л байсан юм.
"Монгол орно" төслийн нэрээ гадаад хэл рүү яг утгаар нь орчуулахад хэцүү, санааг нь ойлгуулахад хүндрэлтэй байсан учраас англи нэр өгөх шаардлагатай болсон. Тэгээд л дээрх асуултаар нэрлэчихсэн. Энэ асуултыг хэн асууж байгаа нь үл мэдэгдэх далд утгатай, хил хязгаарын сэдэвтэй хамааралтай байсан учраас ингэж нэрлэхээр шийдсэн юм. Сайн анзаарвал гэр бүлийнхэн, хайртай дотны хүмүүс эсвэл танихгүй нэгэн ч асууж болохоор асуулт байгаа биз. Төрсөн эгч маань 10 гаруй жилийн өмнө Нью-Йорк руу нүүгээд, бид хоёр 7 жил уулзаж чадаагүй юм. Тэр нөхцөл байдал төслийн маань хил хязгаарын сэдэв, авсан зургуудтай их холбогддог. "Бид хэр хол явж болох юм бэ? Бид хэн байж болох вэ?" гэх асуултууд гэрэл зургуудаас маань үүсдэг.
Үзэсгэлэнгийн дэглэлтийн тухайд?
Үзэсгэлэнгээ цаг хугацаа болон орон зайн өөрчлөлтийг хоорондоо уялдаа холбоотой байхаар дараалалд оруулж дэглэсэн.
Харин энэ газарт байрлуулсан зураг бол яг л шууд утгаараа "газрын зураг" (The photo of the land). Хаана ч байж л байдаг газар дээр хүмүүс бид "хилийн зааг" гэдэг зүйлийг санаачлаад тогтоочихсон байдаг. Зарим хүмүүс орж ирээд түүнийг шууд харна, харахгүй дээр нь гишгээд, уучлалт гуйгаад хойшоо ухрах хүмүүс ч байна. "Яагаад гишгэж болохгүй юм?" гэж асуух хүмүүс ч байна. Хүмүүсийн гаргаж байгаа тэр хандлага нь их сонирхолтой. Энэ мэт үзэгчидтэй харилцан яриа үүсгэж, санал бодлыг нь солилцох гоё байдаг. Газарт байгаа зураг ч гэлээ үзэгчиддээ гишгэхгүй байхыг зөвлөмөөр байна. Харин дээр нь сууж эсвэл хэвтсэн ч болно.


Гадаадын үзэгчид бүтээлүүдийг тань хэрхэн хүлээж авсан бэ?
Би баримтат гэрэл зурагчин гэхээсээ илүү өөрийнхөө туулсан, мэдэрсэн амьдрал, туршлагаа л баримтжуулж гаргаж байгаа. Надтай адилхан олон жил эх орондоо ирээгүй, хайртай хүмүүстэйгээ уулзаагүй адилхан мэдрэмжтэй хүмүүс ирээд талархсан сэтгэгдлээ илэрхийлж байсан. Түүнчлэн ямар ч монгол хэл мэдэхгүй, бараг Монгол гэж ямар улс байдгийг ч мэдэхгүй нэг америк хүн үзээд, амьдралдаа олон удаа нүүж байсан талаараа надад ярьж байлаа. "Их гүн мэдэрлээ, энэ бүхнийг хийсэнд баярлалаа" гэж хэлж байсан. Мөн гэрэл зурагчид, оюутнууд зөндөө ирж яриа өрнүүлж байсан. Хүмүүст энэ түүхээ хуваалцах нь хамгийн сайхан. Өөр өөр хүмүүст ярьж өгөх бүрд янз бүрийн үзэл бодол гарч ирж, шинэ зүйл ойлгодог. Тэр хүн хоорондын харилцаа уран бүтээлчдэд маш чухал байдаг. Энэ удаа хүмүүс яаж хүлээж авахыг таашгүй. Зарим хүмүүст цоо шинэ санагдаж магадгүй бол заримд нь өдөр тутам байдаг л зураг шиг харагдах байх. Ямар ч байж болно.

Гэрэл зурагчин Б.Долгорсүрэнгийн амьдарч байсан газрууд, Монголыг илтгэх зүйлс, өргөн хальсанд буулгасан түүний дурсамж болон хил хязгаарын уран зүйрлэлийг та бүхэн Улаан гэр галерейд 2026 оны 8-р сарын 17-оос 31-ны хооронд хүлээн авч үзээрэй.


Уран бүтээлчийн уулзалт (Artist talk) 2026 оны 8-р сарын 22-нд 16:00 цагт болох тул сонирхсон хэн бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.