Vogue performance
1990 онд Madonna-гийн алдарт "Vogue" дуу цацагдахад драг бүжгийн төрөл поп соёлд бүрэн танигдаж, дэлхий даяар алдартай болсон түүхтэй. Үүнээс хойш Vogue бүжиг нь Ballroom соёлын хамгийн чухал төрлийн нэг болжээ. Бид уншигч таныг Kvkene aka “Asian Wild Ass”-тай уулзуулж байна.
Өнгөрсөн зун буюу 2024 оны Playtime фестивалын “La Vie en Rose” асарт драг үзүүлбэр толилуулагдах үеэр найз маань “Vogue бүжгийн төрлийг бидэнд заагаад өгөөч” гэж асууснаар эхэлсэн юм. Ballroom соёлыг таньж мэдэхэд зайлшгүй сурах ёстой зүйлсийн нэг нь "Vogue" төрөл.
Бүжиг
Би багаасаа л зурагтын урд клип харж бүжиг сурдаг байсан. Бага ангидаа урлагийн үзлэгүүдэд ордог байсан ч хэзээ ч мэргэжлийн бүжгийн сургалтад хамрагдаж үзээгүй. “Self-taught” буюу өөрөө өөртөө заагаад сурчихсан гэхэд болно. 2015 онд Aim4r Dance Studio-д богино хугацаанд бүжгийн сургалтад суусан ч ер нь зуны амралтаараа, чөлөөт цагаараа бүжиглэсээр байгаад энэ маань миний амьдралын хамгийн том хобби болчихсон байсан юм. Мэргэжлийн түвшний системтэй бэлтгэл сургуулилт хийдэггүй ч бичлэг үзэж сурах нь миний арга барил гэж хэлж болно.
Ballroom соёлтой танилцсан түүх
Анх 2017 онд Японы Vogue performance, ballroom үзүүлбэрүүдийг интернетээр үзэж сонирхоод шууд дурласан. Ялангуяа тухайн үед бүжгийн ертөнцөд шуугиан тарьж байсан Аяа Сато, Бамби Нака (AyaBambi) хэмээх бүжигчин хосын видео бичлэгүүдийг үзээд үнэхээр таалагдаж, бичлэг үзээд сурч эхэлсэн. Ингээд л америк гаралтай Ballroom соёлыг илүү гүнзгий судалж эхэлсэн. Энэ соёлыг сонирхдог, судалдаг хүмүүсийн заавал үзэх ёстой бүтээл нь 1990 оны алдарт баримтат кино "Paris is Burning". Энэ киноноос л энэ соёл бол зөвхөн өнгөц үзүүлбэр төдий биш, цаанаа маш том хөдөлгөөн, нийгмийн асуудлын илэрхийлэмж гэдгийг бүрэн ойлгосон. Найруулагч нь цагаан арьстай эмэгтэй байсанд шүүмжлэл цөөнгүй ирсэн ч тухайн үеийн ball соёлыг олон нийтэд таниулахад хүчтэй нөлөө болсон.
2018 онд анх удаа бүжгийн бүх төрлийн буюу All Style Battle-д орж байсан юм. Төрөл хамаарахгүйгээр нэгийн эсрэг нэг бүжиглэж өрсөлддөг гэсэн үг. Vogue төрлөөр бүжиглэж өрсөлдөхөд хөтлөгч надад “Монголд анх удаа Vogue бүжгийг оруулж ирсэн учраас OG боллоо шүү!” гэж зарласан. OG буюу “Original Gangster” гэдэг нь тухайн газартаа аливаа зүйлийг анх удаа хийж, шинээр оруулж ирсэн хүнийг тодорхойлдог бөгөөд тэр хүн цаашид уг зүйлийг түгээж дэлгэрүүлэх үүргийг өөртөө хүлээдэг гэсэн утгатай.
House of Asian Wild Ass үүсгэх тухайд
Одоогоор Монголд яг АНУ-ынх шиг house-ууд үүсгэх түвшинд хараахан хүрээгүй байгаа. Америкт бол House-ийн "Mother" гэдэг нь тухайн house-д байгаа хүүхдүүддээ чиглүүлж, зөвлөж, сонгогдсон ээж нь болно гэсэн утгатай. Монголд одоохондоо "Mother" гэж хэлэхдээ шинээр нэг зүйлийг оруулж ирээд, түгээн дэлгэрүүлж байгаа хэлж болно гэж ойлгож байгаа. Удаан хугацааны турш Vogue, Realness зэрэг төрлүүдэд үзүүлбэр үзүүлж, амжилт гарган “Legendary” болсон хүн л жинхэнэ утгаараа Mother болж чадна гэсэн үг юм.
Мөн Ballroom-д нэгэн өвөрмөц ойлголт бий. "Shade" гэдэг нь нэг хүн өөр хүнд өөрийгөө илүү гэдгээ мэдрүүлэхдээ биед нь хүрэхгүйгээр хөдөлгөөнөөр үзүүлэхийг хэлдэг. Харин House-д бол үүнийг арай өөрөөр авч үздэг ба хамт бүжиглэж буй хүмүүсээ урамшуулж, бие биенийхээ өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг. Энэ л ballroom болон vogue соёлын хамгийн гол цөм нь билээ. Миний хувьд ч гэсэн заримдаа хүмүүстэй харилцахдаа өөртөө итгэлгүй санагдах үе байдаг. Гэхдээ vogue хийж байхдаа би огт өөр хүн болж, өөртөө асар их итгэлтэй болдог. Үүгээрээ ч бүжиг, урлагийн хамгийн гайхамшигтай шинж чанарыг ойлгож, ганцаараа байхдаа илэрхийлж чаддаггүй зүйлсээ тайзан дээр бүжгээр дамжуулан илэрхийлж, эрх чөлөөг мэдэрдэг.
Драг дебют хийх тухай
Драг хийх тухай бодож явсаар, одоо л нэг зориг орж үүнийг бодитоор хийхээр болсон. Өмнө нь хүсдэг байсан ч нэг л өөртөө итгэлтэй болж чаддаггүй байсан. Ялангуяа straight хүний хувьд хүмүүс яаж хүлээж авах бол гэсэн айдас ч байсан. Гэхдээ яг одоо маш олон хүний санаа, хүч хөдөлмөрөөр бид энэ үзүүлбэрийг бэлдэж байна. Гэртээ жаахан охин байхдаа хийдэг байсан зүйлээ одоо л зориглон хийж байна гэхэд болно.
Энэ бүхэн эцэстээ Монголд шинэ соёл орж ирж байна, шинэ зүйл үзэж харах боломж бий болж байна, үүнийг эхлүүлж байгаа шүү гэдэг урам зориг, итгэлийг бусдад түгээх нь л хамгийн чухал.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.