Хүн нүцгэн төрдөг, харин насан туршдаа дүрд тоглодог
Хээйе, хүлээгээрэй. Гарчиг хараад эгдүүцмээр санагдсан байх. Эсвэл зүгээр л юу гэх гэсэн юм бол хэмээн гайхсан байж мэднэ. Аль нь ч бай таныг зөв нийтлэлээ дэлгэсэн гэдэгт би итгэж байна. Энд бид драг үзүүлбэр, тэрхүү соёлын тухай ярилцах гэж байна.
Эртний Грек, Ромын үеэс (МЭӨ 5-р зуун) эрэгтэй жүжигчид эмэгтэй дүрийг бүтээдэг байснаас үүдэн драг соёл эхэлсэн хэмээн үздэг. Эсрэг хүйстнийхээ дүрд хувирах нь этгээд ч гэлээ яаж тийм чадварлаг, илүү хээнцэр дуурайж буйг нь хүмүүс харан биширдэг байв. Харин манай улсад 1990-ээд оноос хойш хошин шогийн жүжигчид эсрэг хүйстний дүрд хувиран тоглолт үзүүлдэг байснаас харвал монголчуудын хувьд драг гэх нэршил шинэ мэт боловч агуулгаараа хэдийн танил зүйл аж.
"Drag" буюу Драг тоглолт нь хувцаслалт, нүүр будалт, жүжиглэлт, биеийн хэлэмж зэргээр дамжуулан гоо зүйг урлагийн түвшинд харуулдаг нэгэн төрлийн үзүүлбэр юм.
19-р зууны дунд үед боолчлолоос чөлөөлөгдсөн Уильям Дорси Сванн анхны драг шоуг зохион байгуулжээ. Үүнээс хойш 1960-1970-аад онд Нью-Йорк, Чикаго хотуудад drag ballroom улам хөгжиж, "house" буюу хамтран амьдрах, нэгнээ дэмжих бүлгүүд ч үүссэн гэдэг.
Ерөнхийдөө, драг гэдэг нь эсрэг хүйстнийхээ дүрд хувирч өвөрмөц хувцаслалтаар дүр төрхөө бүрдүүлэн, ихэвчлэн бүжиглэх, ам барих, комеди хийх зэргээр өөрийгөө илэрхийлдэг урлаг юм. Харин "ballroom" нь драг соёлын нэг төрөл бөгөөд бүлэг(house)-ийн хамтын орон зайд олон төрлийн үзүүлбэр үзүүлж, өрсөлдөх замаар шилдгүүдийг алдаршуулах зорилготой.
"House" буюу драг бүлэг бол хүн өөрөө сонгож бүтээдэг гэр бүл юм.
Хамгийн анхны DRAG BALLROOM
Хамгийн анхны түүхэнд тэмдэглэгдсэн drag ballroom 1867 онд АНУ-ын Вашингтон хотод болж байв. Энэ арга хэмжээг яг хэн зохион байгуулсан тухай тодорхой мэдээлэл байдаггүй ч тухайн үед нууцаар зохиогдсон анхны томоохон drag ballroom юм. Орчин үеийн ballroom соёлын эхлэл болсон анхны тэмцээнүүд 1920-иод онд Нью-Йорк хотын Харлемд болсон бөгөөд анхдагч "drag queen"-үүд болон тухайн үеийн Black LGBTQIA+ хүмүүс зохион байгуулжээ.
Драг соёл нь нийтийн соёлын гол урсгал болохоос өмнө нийгмийн ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс сэргийлэн ballroom-д нууцаар түгэн дэлгэрчээ.
"Ballroom үнэхээр гайхамшигтай ертөнц. Өнөө цагийн Оскарын шагнал гардуулах ёслол мэт сүр жавхлантай, бараг түүнээс ч илүү сэтгэл хөдөлгөм, өнгөлөг, эрх чөлөөтэй. Залуус нь цэмцгэр хослол өмсөж, эрвээхэй зангиа зүүн гоёдог бол эмэгтэйчүүд урт намирсан даашинз намируулаад л, тайзан дээр алхах төдийд хүмүүсийн анхаарлыг татдаг байв. Тэд бүтэн жилийн турш бэлдсэн үзүүлбэрээ толилуулж, алхам бүрдээ урлагийг бүтээж, гэрэл гэгээгээр гялтганана. Өөр өөр цаг үед, өөр хотуудад, өөрсдийн дүрмийн дагуу өрнөдөг ч энэ нь LGBTQIA+ хүрээллийн орон зай байгаад зогсохгүй, straight хүмүүс ч ирж, үзүүлбэрүүдийг бишрэн алмайрч, эл "ертөнц"-ийн ид шидийг мэдэрдэг. Хаанаас ч олж чадахааргүй цэвэр, хүчирхэг энергийг эндээс л мэдэрч болно."
- Miss Major Griffin-Gracy (Америкийн зохиолч, өнгөт арьст транс активист)
"Drag" тэмцээний төрөл:
- Voguing – Динамик, бүжгийн элемент бүхий илэрхийллийн урлаг.
- Runway – Загварын тайзны алхалтыг дуурайлгасан төрөл.
- Face – Нүүрний гоо сайхан, илэрхийллийн ур чадвар үнэлэгддэг төрөл.
- Realness – Оролцогчид тодорхой дүр төрхийг бодитоор илэрхийлэхийг зорьдог (жишээ нь, бизнесмен, загвар өмсөгч гэх мэт).
Дэгжин хээнцэр байх нь төрмөл биш суралцдаг зүйл.
Miss J. Alexander.
Хөгжим
Ballroom соёлын хөгжмийн гол төрөл нь “house music” юм. Ялангуяа vogue beats буюу хурдан (4/4)хэмнэлтэй, цохилтот хөгжмүүд тэмцээнүүдийн үндсэн хөгжим. Шоуны явцад MC буюу хөтлөгч хөтлөн явуулж, оролцогчдыг урамшуулдгаараа онцлог.
Ballroom Slang
Гол хэллэгүүд:
“Shade” – Хэн нэгнийг шууд бус байдлаар шүүмжлэх, ёжлох.
“Reading” – Хэн нэгний сул талыг хөгжилтэй байдлаар шүүмжлэх.
“Serving” – Үзүүлбэр дээр өөрийгөө итгэлтэйгээр илэрхийлэх.
“Legendary” – Ballroom-д олон жил амжилттай оролцож, нэр хүнд олсон хүнийг тодорхойлох хэллэг
“Realness” – Тухайн дүр төрхийг бодитоор харуулж чадаж буйг илтгэнэ.
“Werk” – Итгэлтэй алхаж, үзүүлбэрээ гайхалтай гүйцэтгэх.
Эдгээр хэллэгүүд нь поп соёл, тодорхой хэв маяг бүхий, өөрийгөө илэрхийлэх, нийгмийн үзэл бодлоо илэрхийлэх хэрэгсэл болж өдөр тутмын ярианд нэвтэрсэн байдаг. Жишээлбэл, “shade” болон “reading” гэх хэллэгүүдийг RuPaul’s Drag Race шоу болон интернэт орчинд ашиглагдсанаар өргөн тархжээ.
Ballroom соёлын нийгэмд үзүүлсэн нөлөө
Drag ballroom соёл нь LGBTQIA+ хүмүүсийн хувьд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, аюулгүй орон зайг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн поп соёлд ч томоохон нөлөө үзүүлсэн ба Madonna-гийн “Vogue” дуу, “RuPaul’s Drag Race” шоу, Женни Левингстоны “Paris is Burning (1991)” баримтат кино зэрэг нь ballroom соёлыг олон нийтэд таниулсан. Кино шүүмжлэгчид уг киног Нью-Йорк хотын драг ballroom-ийн “алтан үе”-ийг баримтжуулсан үнэтэй бүтээл хэмээн үнэлж, Америк дахь арьс өнгө, анги давхарга, хүйс, бэлгийн чиг баримжааны талаар гүнзгий судалсан гэж үздэг.
Өдгөө ballroom соёл нь Канад, Япон, Их Британи зэрэг олон улсад дэлгэрч, өөрийн өвөрмөц өнгө аястайгаар хөгжсөөр байна. Анхнаасаа л өөрийгөө илэрхийлэх, нэгнээ дэмжих зорилготой үүссэн энэ соёл дэлхий даяар хүмүүсийн бүтээлч сэтгэлгээ, эрх чөлөөг урамшуулсаар байгаа нь гайхалтай!
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.