Сатоши Ватанабэ: Зохиогч бүр эрхээ мэддэг байх хэрэгтэй

Сатоши Ватанабэ: Зохиогч бүр эрхээ мэддэг байх хэрэгтэй

Олон улсын Зохиолч, Хөгжмийн зохиолчдын Нийгэмлэгүүдийн Холбооны Ази, Номхон далайн бүсийн зөвлөх ноён Сатоши Ватанабэ нь олон улсын зохиогчийн эрх, хамтын удирдлагын байгууллагын хөгжилд манлайлан ажилладаг, Азийн бүсийн тэргүүлэх мэргэжилтэн юм.

Нийтэлсэн
11 сарын 27, 2025
Хуваалцах

2016–2022 онд тэрээр Зохиогч, найруулагч, хөгжмийн зохиогчдын олон улсын холбоо (CISAC)-ийн Ази, Номхон далайн бүсийн хорооны даргаар 2022 оны 12 дугаар сараас зөвлөхөөр ажиллан , тус бүс нутагт зохиогчийн эрхийн тогтолцоог шинэчлэх, хамтын удирдлагын байгууллагуудыг чадавхжуулахад томоохон хувь нэмэр оруулсан.

2024 оны 4 дүгээр сараас эхлэн Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (WIPO)-ын “Зохиогчийн эрхийн байгууллагын хөгжлийн менторшип хөтөлбөр”-ийн мэргэжилтнээр ажиллаж, Бангладеш, Пакистан, Лаос, Шри Ланка зэрэг хөгжиж буй орнуудад зохиогчийн эрхийг хамгаалах тогтолцоо, хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагааг олон улсын стандартын дагуу боловсронгуй болгох сургалт, бодлого стратегийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. 

-Та өөрийгөө танилцуулна уу. Монголд ирсэн зорилго тань юу вэ?

Миний энд ирсэн зорилго бол CISAC-ийн зөвлөхийн хувьд “Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг” хамтын удирдлагын байгууллагыг чадавхжуулах, Монголын хөгжмийн бүтээлийн зохиогчын эрхийг хамгаалах тогтолцоог хэрхэн сайжруулах талаар төрийн бодлого хэрэгжүүлэгч агентлагуудад зөвлөх туслах юм. Олон улсын стандартад нийцсэн, хөгжмийн бизнесийн эко системийг хөгжүүлэх шаардлага Монгол улсад бий.

Японд бол зохиогчийн эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин, оюуны өмчийг дээдлэх хэрэглэгчийн соёл, зохиогчийн эрхийг төлөөлөн удирдах, ашиглалтыг хянах дэд бүтэц систем маш сайн хөгжсөн. Хөгжмийн бүтээл зохиогчид бүх төрлийн ашиглалтын  сувгаас бүтээлээ ашиглуулсны төлбөрийг нэхэмжлэх, зохиогчийн эрхийн төлбөрийн хуваарилалтын талаарх мэдээллийг шалгах боломжтой.

-Хөгжим бол зөвхөн урлаг бус эдийн засгийн үнэт хөрөнгө. Гэвч олон оронд зохиогчийн эрхийн төлбөрийг “татвар” мэт ойлгодог хэвээр байна. Үүнийг хэрхэн өөрчлөх ёстой вэ?

Юуны өмнө энэ бол татвар биш. Хөгжмийн бүтээлийг ашиглахын тулд зохиогч лицензийн хураамжаа авах бүрэн эрхтэй. Гэхдээ хувь уран бүтээлч ганцаараа хэрэглэгч бүхэнтэй хэлэлцээр хийж, ашиглалтыг хянах боломж байхгүй. Тиймээс CMO буюу хамтын удирдлагын байгууллага энэ тал дээр хяналт тавьж, туслах үүрэгтэй үйл ажиллагаа явуулдаг.

(CMO-Collective Management Organization буюу хамтын удирдлагын байгууллага нь хөгжмийн зохиолч, дууны үг зохиогч, хөгжмийн найруулагч, паблишер, өв залгамжлагч зэрэг эрх эзэмшигчдийн эрх, лицензийн зөвшөөрлийг удирдаж, хэрэглэгчтэй хэлэлцээ хийж, бүтээл ашигласны төлбөрийг цуглуулж, уран бүтээлчдэд хуваарилдаг ашгийн бус байгууллага юм.)

Хувь хүн бүр өөрийн бүтээлээ янз бүрээр үнэлж болно. Харин CMO бүтээл ашиглалтын хэлбэр, хэрэглээ бүрээр стандарт тогтоож, хэрэглэгчийн зүгээс ирсэн санал, ашиг орлогын мэдээлэлд үндэслэн тооцоолдог. 

-Монголд хөгжмийн урлаг хурдацтай өсөж байгаа ч зохиогчийн эрхийн хэрэгжилт сул хэвээр байна. Хэрэв уран бүтээлчдийн орон зай, эрх нь хамгаалагдахгүй бол ямар эрсдэлтэй тулгарах вэ? 

Хуулиар хэрэглэгчдийг зохиогчийн эрхийн төлбөр төлөхийг үүрэг болгодог боловч хэрэглэгчид татгалзсаар байвал хууль эрх зүйн эрсдэл хэрэглэгчид зайлшгүй үүсдэг.

Нэг жишээ ярьж өгье. Японд “караоке” анх бий болсон үед аж ахуй нэгжүүдээс албан хураамж, бүтээл ашигласны төлбөр авч байгаагүй, энэ тогтолцоо ч үүсээгүй байсан. Улс даяар 400,000 орчим караоке үйл ажиллагаа явуулж байлаа. Бид төлбөр нэхсэн албан бичиг илгээсэн ч олонх нь эхэндээ үл тоомсорлож байв. Ингээд бид зарим нөлөө бүхий том караокенуудыг сонгон авч, бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглаж байгааг нь нотлох баримт цуглуулж, үйл ажиллагааг нь зогсоох хууль эрх зүйн арга хэмжээ авч эхэлсэн. Ингэж байж аж ахуй нэгжүүд “Үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл бүтээл ашиглах лицензийн төлбөрөө төлөх ёстой юм байна” гэдгийг ойлгосон. Бид хууль эрх зүйн хүрээнд ямар ч хэрэг дээр ялагдаж байгаагүй. 

Энэ үйл ажиллагаа 1980-аад оноос эхэлсэн бөгөөд одоо нийт караоке үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн 80% нь лицензтэй буюу хууль ёсны дагуу бүтээл ашигласны төлбөрөө төлөөд явдаг гэсэн үг юм. Энэ ажлыг эхлүүлэхдээ онлайн караоке машины үйлдвэрлэгч, түрээслүүлэгчтэй хамтран ажиллаж, тоон мэдээллийн дагуу хяналт тавьж эхэлсэн нь үр дүнгээ өгсөн. Тухайлбал, караоке машины хяналтын төхөөрөмж нь ямар кодтой дуу хэдэн удаа ашиглагдсан зэрэг тоон мэдээллийг дамжуулснаар хяналтын систем ажилладаг. Үйлдвэрлэгчийн борлуулсан караоке тоглуулагчыг  ашигладаг караоке баранд лицензийн өргөдлийн маягтыг борлуулж буй тоглуулагчтай заавал хамтад нь өгдөг болсон. Үүнийг салбарын хамтын ажиллагаа гэж нэрлэнэ гэж бодож байна.

-Технологийн дэвшилт,  хөгжим ашиглалтын хяналт улам нарийсч байгаа энэ үед төр засгаас хэрхэн оролцох хэрэгтэй вэ?

Японд салбар хоорондын хэмжээний гэрээ, хамтын шийдлээр асуудлыг зохицуулдаг. Засгийн газар лицензийн зөвшөөрөл бүтээл ашиглах гэрээний тухай тусгай заалт оруулсан. 

Караокед төв серверээс мэдээлэл авч дуу болгоныг нэг бүрчлэн бүртгэдэг. Энэ нь дуу ашигласны төлбөрийг сар бүр, жил бүр зөв хуваарилахад чухал. 

ТВ радио, дижитал сувгууд ба олон нийтийн газарт тоглуулсан дуу хөгжмийг бүртгэн тоолж хянаж, аудио файлыг хурууны хээ мэт ялган таних технологийг олон оронд ашигладаг ба хяналтын машин 5–10 секундын дотор дууны онцлогийг сонсож бүртгэдэг. Энэ бол дуу бичлэг таних технологи.

-Японд гэрэл зурагчид өөрсдийн бүтээлийг хэрхэн хамгаалдаг вэ?

Японд хараахан бүрэн тогтолцоо бий болоогүй ч зарим уран бүтээлчид урлагийн холбоо, уран бүтээлчдийн нийгэмлэгт элсэж, түүний хүрээнд бүтээл ашигласны төлбөр цуглуулах, удирдах боломжтой болж байгаа. Гэхдээ гэрэл зургууд цахим орчинд зөвшөөрөлгүй нийтлэгдэх, ашиглагдах тохиолдлууд ихэссээр байгаа тул дүрслэх урлагийн салбарт Хамтын Удирдлагын байгууллага (CMO)-ын хэрэгцээ үүсэж байна. Хэрэв гэрэл зурагчид хамтын нийгэмлэгт элсчихвэл бүтээл ашиглагдах бүрт хэрэглэгчдээс ашигласан төлбөрийг нэг бүрчлэн нэхэмжлэх шаардлагагүй болно гэсэн үг.

Японы CMO-ууд Европын CMO-уудтай хамтран ажилладаг учир олон улсын түвшинд гэрэл зурагчид, уран бүтээлчдийн эрхийг хамгаалах боломжтой байдаг. 

-Хиймэл оюун ухаан аль хэдийн хөгжмийн салбарыг удирдаад эхэлжээ. CISAC болон WIPO энэ өөрчлөлтийг хэрхэн хүлээж авч байна вэ? 

Бидний өдөр тутамдаа ашиглах болсон хиймэл оюун ухаан буюу Generative AI хоёр төрөлтэй, эхнийх нь “сурах”. Интернетээс текст, өгөгдөл, зураг зэрэг бүх төрлийн агуулгыг хайж, түүнээсээ сурдаг. Хоёр дах нь “үйлдвэрлэх”. Prompt буюу өгөгдөл өгөөд шинэ зүйл бий болгодог. CISAC бол хүний гараар бүтсэн урлагийн бүтээлийг хамгаалахад онцгойлон ач холбогдол өгдөг. Тиймээс бид бодлого боловсруулагчдад тодорхой зөвлөмж гаргаж байгаа.

Сургалтын зорилгоор ашиглаж буй аливаа урлагийн бүтээл лицензийн зөвшөөрөлтэй байх ёстой. Мөн ямар зохиогчийн эрхтэй бүтээл ашигласан нь ил тод байх ёстой. Засгийн газрууд хэт өргөн хүрээтэй “зохиогчийн эрхийн хөнгөлөлт” гаргахгүй байх шаардлагатай. Эдгээрийг зөрчвөл уран бүтээлчийн эрх хохирох талтай учир төр, засгийн газраас анхааралдаа авч хэрэгжүүлэх чухал болоод байна. 

-Таны олон улсын туршлагатай харьцуулахад Монголын бүтээлч эрхийн орчинд хамгийн дутмаг зүйл нь юу вэ? 

Монгол Улс WIPO treaty-Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээнд 1996 онд, “Дуу хөгжмийн тоглолт гүйцэтгэл ба дуу бичлэгийг хамгаалах тухай (WPPT – WIPO Performances and Phonograms Treaty)”-нд 2002 оны 12 дугаар сарын 20-нд нэгдэн орсон. Уг гэрээ нь Монгол Улсад 2003 оны 3 дугаар сарын 20-ноос хүчин төгөлдөр болсон хэдий ч бодит хэрэгжилт дутуу хэвээр байна. Тиймээс бид засгийн газрын байгууллагуудтай хамтран олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Энэ бол зөвхөн уран бүтээлчдийн асуудал биш, нийт нийгмийн ойлголтын асуудал. Уран бүтээлчид өөрийн эрхээ танин мэдэж, хамтран CMO байгуулж, бүтээлээ шударгаар үнэлүүлэх хэрэгтэй, мөн эрх нь ч бий. Хувь хүн энэ тал дээр дангаар гэрээ, хэлэлцээ хийх бараг боломжгүй учир CISAC уран бүтээлчдэд туслах болно. 

-1990-ээд онд Монголд уран бүтээлчдийн бүтээлийн эрхийг төр эзэмшиж, уран бүтээлч зөвхөн нэг удаа хөлс төлбөр авдаг тогтолцоотой байсан. Японд ямар жишиг байв?

Олон жилийн өмнө Японд ч зарим уран бүтээлч шинэ бүтээл захиалгаар хийж эрхийг нь төрийн байгууллагад шилжүүлэх тохиолдол байсан. Энэ нь Зүүн Европын социалист орнуудын туршлагатай төстэй. Төрийн өмчөөр бүтсэн зохиогчийн эрх гэсэн ойлголт байсан юм. Харин зүүн Европт тогтолцоо шинэчлэгдсэний дараа тухайн бүтээлүүдийн зохиогчийн эрх эргээд уран бүтээлчид буцаан олгогдсон.

Японы туршлагаас үзэхэд энэ тохиолдолд төр биш медиа компаниуд оролцдог. Тэд уран бүтээлчдээс захиалгаар бүтээл хийлгүүлэн худалдан авч, тодорхой төлбөрийн нөхцөлтэйгөөр эрхийг бүрэн авдаг. Гэвч бүтээл дараа нь маш амжилттай олонд танигдвал зохиогч тэр бүтээлийг ашигласны төлбөр авах боломжгүй болдог тул энэ сайн жишиг биш.

Тиймээс ямар ч тохиолдолд уран бүтээлч бүтээлийнхээ эрхийг CMO-д хадгалуулах ёстой. Ингэснээр CMO зохиогчид лицензийн төлбөрийг нь тасралтгүй цуглуулж өгсөөр байна. Энэ асуудал зөвхөн Монголд бус олон оронд бий. Тиймээс уран бүтээлчид аливаа гэрээ байгуулахын өмнө эрхээ сайн мэддэг байх ёстой.

-“Бүтээлийн үнэ цэнийг зөв системтэйгээр хамгаалж чадвал урлаг өөрийгөө хамгаалдаг” гэж хэлж болох уу?

Тийм ээ. Монголын зохиогчийн эрхийн хуулиар уран бүтээл бүрийг хамгаалах эрх дан ганц зохиогчид хадгалагдана. Уран бүтээлч өөрийн эрхийг сайн мэддэг байх ёстой. Хэн ч бүтээгч болж чадна, гэхдээ эрхээ мэддэг байх ёстой.

Цаг гарган ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье.

Дуу хөгжим бүтээгч Та зохиогчийн эрхийн роялти хүртэхийг хүсвэл Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн нийгэмлэгтэй гэрээ байгуулж,  www.moscap.mn вэбсайтаас хөгжмийн бүтээл ашиглалтын тарифтай танилцаарай.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.