• Нүүр
  • Сэдэв
  • Мэдлэг
  • Тэмцээн
  • Хөтөч
© Suuder INC. All Rights Reserved.
Powered by
Улаанбаатар хот | БОЛОВСРОЛЫН НҮҮДЭЛ

Улаанбаатар хот | БОЛОВСРОЛЫН НҮҮДЭЛ

Жил бүрийн намар хот руу чиглэсэн залуусын их нүүдэл болдгийг мэдэхгүй хүн гэж үгүй. Эрдэм өвөрлөж, амьдралаа цогцлоох зорилгоор оюутнууд хотод төвхнөж эхэлдэг билээ. Зарим нь холын хамаатан ах, эгчийнхээ хажуу өрөөнд байрлах бол ихэнх нь оюутны дотуур байранд, мөн байр түрээслэн сууна.

Нийтэлсэн
Pixels, Noise Art Media, Davaanyam
Оригинал
10 сарын 10, 2024
0 Сэтгэгдэл
Хуваалцах
  • Link
  • Tweet
  • Share
  • Email

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо - www.1212.mn 

Их хотын амьдрал ажин түжин, өдрөөс өдөрт өргөжин тэлэх атлаа ний нуугүй хэлэхэд гандмал саарал өнгөтэй хэвээр. Гудмаар холхих иргэд ямар нэгэн юманд адгаж яарсан, бухимдсан байх нь хотын өдөр тутмын танил төрх гэлтэй. Гэвч энэ удаа шувуу шиг ирээд, алсын замд зорилго, мөрөөдлөөрөө зүг бүрд нисэн одох нэгэн нүүдлийн тухай бичихээр шийдсэн минь энэ билээ. Гарчиг дээр бичсэнчлэн энэ бол Улаанбаатар хотод өрнөх "БОЛОВСРОЛЫН НҮҮДЭЛ" юм. Жил бүрийн намрын шаргал өдрүүдэд эрдэм өвөрлөхөөр цугласан хэчнээн мянган хүсэл тэмүүлэл хотод оргилон дэвэрч байдаг тухай цухас ч болов хүргэхээр зэхэв. Алс хол тэр дундаа Өвөрмонголоос Улаанбаатарыг зорин том мөрөөдлөө тээн ирсэн шинэхэн оюутнуудтай цөөн хором ярилцсанаа дэлгэе. 

Noise Art Media болон 17Film Lab-ийн чадварлаг уран бүтээлчид болох Б.Ирээдүй, Д.Даваанямтай хамтран ажиллаж буйг манай сайтын уншигчид хэдийн мэдэх биз ээ. Энэхүү хамтралын хүрээнд СУИС-ийн дотуур байрыг зорьсноор уг сэдвээр амжилттай сурвалжилга ярилцлага бэлтгэж чадсаныг мөн дурдах нь зүйн хэрэг болов уу. Д.Давааням нь шаггүй гэрэл зурагчин, уран бүтээлч төдийгүй СУИС-д багшилдаг билээ.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо - www.1212.mn 

Хичээлийн шинэ жил эхлэх үед Улаанбаатарт хөдөө орон нутгаас 8-9 мянган оюутан ирдэг байна. Энэ нь нийт оюутнуудын ердөө 10 хүрэхгүй хувьтай тэнцэж буйг статистик баримт батлах ажээ. Харин 3 мянга гаруй гадаад оюутан ирж суралцдаг ба тэдгээрийн бараг ихэнх нь оюутны дотуур байранд төвхнөн амьдардаг байна. 

©Davaanyam Delgerjargal
©Davaanyam Delgerjargal
©Davaanyam Delgerjargal
©Davaanyam Delgerjargal
Намуухан, СУИС-ийн Сэтгүүл зүйн ангийн нэгдүгээр дамжааны оюутан - ©Davaanyam Delgerjargal

Өвөрмонголын Ордос хотоос Улаанбаатарт ирээд буй Намуухан маань сэтгүүлч мэргэжлээр суралцахаар ирсэн.  Улаанбаатар хотод анх удаа ирж байгаа ч дахиад дөрвөн жил энд төвхнөх билээ. Мөн л монгол хэлээрээ академик боловсрол эзэмшихийн тулд СУИС-ийг зорьсон тухайгаа бидэнд учирлав. Түүний аав яруу найраг, уран зохиолд туйлын дуртай нэгэн бөгөөд аав, ээж нь хоёул Ордос хотноо амьдардаг.

Хорвоо, СУИС-ийн Жүжиглэх урлагийн ангийн нэгдүгээр дамжааны оюутан - ©Davaanyam Delgerjargal

Хорвоо жүжигчний мэргэжил эзэмшихээр Өвөрмонгол аймгийн Хөлөн буйр хотын Алтан Эмээл нутгаас 8 сарын 21-нд Улаанбаатар хотод анх удаа иржээ. Энд ирээд түүнд төрсөн анхны сэтгэгдэл гэвэл үнэхээр дотно санагдсан тухайгаа дэлгэв. Бүх хүмүүс монголоор ярьж байсан нь хэдийгээр анх удаа Улаанбаатарт ирсэн ч яг л “гэртээ” ирсэн мэт дотно байсан гэв. Өвөрмонголд жүжигчний мэргэжлийн хөтөлбөр энэ жилээс эхлэн хятад хэл дээр сургалтаа орох болсон тул тэрээр монгол хэл дээр хичээлээ үзэхээр Улаанбаатарыг зорьсон нь энэ билээ. Өвөрмонголчууд уйгаржин монгол бичгээр бичдэг тул энд ирэхээсээ өмнө кирилл үсгийг тэрээр сургалтын ном ашиглан бие даан сурч, элсэлтийн шалгалтуудаа онлайнаар өгчээ.

Тэнгэр, СУИС-ийн Найрал хөгжмийн удирдаачийн ангийн нэгдүгээр дамжааны оюутан - ©Davaanyam Delgerjargal
Тэнгэр, СУИС-ийн Найрал хөгжмийн удирдаачийн ангийн нэгдүгээр дамжааны оюутан - ©Davaanyam Delgerjargal

Төгөлдөр хуур шавилхан тоглох энэ хүү Эрдэнэт хотоос ирсэн. Гэхдээ төгөлдөр хуурыг сураад тун удаагүй байгаа гэв. Тэнгэрийн хамаатнууд хотод байдаг ч дотуур байранд байх нь оновчтой сонголт аж. Мэдээж сургуультайгаа ойр, дээрээс нь хамаатнууддаа хүндрэл учруулахгүй учир. “Би хөгжмийн ангийн оюутан болохоор байнга хөгжмөө давтах шаардлагатай. Айлд чимээ шуугиан гаргавал тухгүй шүү дээ.” гэсээр үргэлжлүүлэн төгөлдөр хуураа давтан тоглосоор байв. Тэрээр малчин айлын хүү бөгөөд гэрийнхэн дотроос нь урлагийн мэргэжил эзэмшсэн хүн үгүй ч багаасаа л хөгжимд хайртай байсан тухайгаа бидэнд ярьсан юм.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо - www.1212.mn 
Зулсар, СУИС-ийн Сэтгүүл зүйн ангийн нэгдүгээр дамжааны оюутан - ©Davaanyam Delgerjargal

Зулсар кирилл үсгийг энд ирэхээсээ  өмнө 15 хоногийн сургалтад хамрагдаж сурсан ажээ.  Одоогоор лекцээ уйгар бичгээр дэвтэртээ тэмдэглэж хөтөлж байгаа ба түүнд кирилл үсгээр ном унших жаахан бэрхшээлтэй хэвээр байгаа гэв. Гэхдээ ангийнхантайгаа, багштайгаа харилцахад ярианы хэлээрээ сайн ойлголцож байгаа учраас асуудалгүй. Энэ цэцгийн Улаанбаатарт амьдардаг холын хамаатны эгч түүнд хичээлийн шинэ жилийн өдөр амжилт хүсэн бэлэглэжээ.

©Davaanyam Delgerjargal
©Davaanyam Delgerjargal

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.

Категори+ original
Оригинал
Редакцийн сонгосон сэдвийн хүрээнд бэлтгэсэн онцгой нийтлэлүүдийг энэ булангаас уншина уу.
Унших