Үнэн түүхийг өгүүлэх "ҮНЭН" үзэсгэлэн тун удахгүй

Үнэн түүхийг өгүүлэх "ҮНЭН" үзэсгэлэн тун удахгүй

Монголын мэргэжлийн фото сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч М.Лхагвасүрэн (1941-2016) нь “Үнэн” сонинд олон жил ажиллаж, 1970-2000-аад оны Монголын нийгмийн өнгө төрх, улс төр, соёл, ахуй амьдралыг гэрэл зурагт баримтжуулсан юм.

Нийтэлсэн
10 сарын 1, 2025
Хуваалцах

Тэрээр 1981 онд анхны монгол сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн сансраас буух түүхэн агшныг сурвалжилж, “Сансарын гараа” зэрэг бүтээлд мөнхөлсөн нь Монголын сэтгүүл зүйн болон гэрэл зургийн түүхэнд онцгой хуудас нэмсэн. 

Түүний гэрэл зургууд Монголын 20-р зууны түүхэн үйл явдлын бодит гэрч болон үлдсэн бөгөөд хойч үеийн гэрэл зурагчдад  баримтат сэтгүүл зүйн жишиг болж байлаа.

Үзэсгэлэнд 1970–1990-ээд оны Монгол орны нийгэм, улс төр, соёл, ахуй амьдралын олон талт дүр төрхийг харуулсан бүтээлүүдийг толилуулна. Үйлдвэрийн ажилчдын хөрөг, эгэл ард иргэдийн өдөр тутмын амьдрал, хотын өөрчлөлт хөгжил, баяр ёслол, түүхэн үйл явдлуудыг бодитоор баримтжуулсан гэрэл зургууд энэхүү үзэсгэлэнгийн гол цөмийг бүрдүүлнэ. Мөн Монгол хүн сансарт нисч, эх дэлхийдээ буцан ирсэн түүхэн агшныг гэрэл зурагт мөнхөлсөн бүтээлүүд үзэсгэлэнгийн хүндэт хэсэгт багтсан.

ДУУДЛАГА ХУДАЛДАА

Үзэсгэлэнгийн үэр гэрэл зураг сонирхогчид болон уран бүтээл цуглуулагчдад зориулан цор ганц хувь, silver print хэвлэлтэй бүтээлүүдийг дуудлага худалдаагаар санал болгох юм.

*Silver print буюу мөнгөөр хэвлэсэн гэрэл зураг нь мөнгөний галоген давстай цаасан дээр химийн аргаар гаргаж авдаг уламжлалт хэвлэл бөгөөд гүн хар-цагаан өнгө, удаан хадгалагдах чанараараа өндөр үнэ цэнтэйд тооцогддог.

ХЯЗГААРЛАГДМАЛ ХЭВЛЭЛ

Энэхүү үзэсгэлэнгийн онцлох хэсэгт багтаж буй бүтээлүүдийг зөвхөн хязгаарлагдмал тоогоор хэвлэн цуглуулагчдын хүртээл болгоно. 

Үзэсгэлэнгийн үеэр болон дараа цөөн тооны захиалгаар авах боломжтой эдгээр бүтээл нь 5 болон 3 хувь хэвлэгдэх тул дахин давтагдашгүй, онцгой үнэ цэнтэй цуглуулгын тань нэг хэсэг болох юм.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: "М.ЛХАГВАСҮРЭНГИЙН БАРИМТАТ БҮТЭЭЛҮҮД"

Мөн үзэсгэлэнгийн хүрээнд “М.Лхагвасүрэнгийн баримтат бүтээлүүд” нэртэй хэлэлцүүлэг зохион байгуулагдах ба түүний онцлох баримтат гэрэл зургийн бүтээлүүдийн тухай салбарын нэр хүндтэй мэргэжилтнүүд, хамтран ажиллаж байсан уран бүтээлчид болон шавь нар нь өөрсдийн дурсамж, үнэлэлт, туршлагаа хуваалцаж, Монголын фото сэтгүүл зүйн үнэ цэн, түүхийн баримтат гэрэл зургийн ач холбогдлын талаар ярилцах болно.

WORKSHOP/CASE STUDY: ФОТО СЭТГҮҮЛЗҮЙ

Уг workshop/case study нь М.Лхагвасүрэнгийн гэрэл зураг авах арга барил, баримтат гэрэл зургийг бичвэртэй уялдуулан нийтлэл болгон олон нийтэд түгээн хүргэсэн туршлагын талаар өрнөнө. Мөн түүний нийтлэлүүдээс онцлон хэлэлцэж, фото сэтгүүлзүй болон баримтат гэрэл зурагт суралцаж буй оюутан, судлаачид, уран бүтээлчдэд зориулсан мэдлэг солилцох арга хэмжээ болох юм. Хэлэлцүүлэгт салбарын мэргэжилтнүүд, хамтран ажиллагсад болон шавь нар оролцож, өөрсдийн туршлага, дурсамжаа хуваалцах тул сонирхож буй хэн бүхэнд нээлттэй.  

Иймд гэрэл зураг сонирхогч та бүхнийг тус үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хаана: Монголын Үндэсний Музей / National Museum of Mongolia
Хэзээ: 2025 оны 10 сарын 10 - 10 сарын 19-ний өдрүүдэд
Зохион байгуулагч: Pixels / Gamma Photo Agency
Ивээн тэтгэгчид: Suuder. / Leica Camera Mongolia / Brussels Belgian Beer Cafe

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.