Гэрэл зурагчин Б.Инжинааш - “Glimpse of Us”
Монголын баримтат гэрэл зургийн орон зайд өөрийн өвөрмөц өнцөг, нягт мэдрэмжээрээ ялгардаг Гамма агентлагийн гэрэл зурагчин Борын Инжинаашийн анхны гэрэл зургийн ном “Glimpse of Us” хэвлэгдэн гарлаа. Энэхүү ном нь түүний 15 жилийн гэрэл зургийн аяллыг тольдох цонх мэт бөгөөд 2008–2023 оны хооронд авсан 141 гэрэл зургаас бүрдэх 160 нүүр бүхий бүтээлийн цомог юм.
Улаанбаатар хотод төрж өссөн Б.Инжинааш анх 2004 онд “Focus on Kids” хөтөлбөрөөр гэрэл зурагтай холбогдож, 18 настайдаа “Гамма” агентлагт туслах гэрэл зурагчнаар ажиллаж эхэлжээ. Түүний гэрэл зургууд National Geographic, TIME, Washington Post, Bloomberg зэрэг олон улсын нэр хүндтэй хэвлэлүүдэд нийтлэгдэж байсан бөгөөд тэрээр орчин үеийн Монголын нийгмийн шилжилт дундах хүмүүсийн харилцаа, төрх байдлыг гэрэл зургаар дамжуулан гүн сэтгэлийн мэдрэмжээр үзэгчдэд хүргэдэг билээ.
2016 онд тэрээр өсвөр үеийн монгол хүүхдүүдийн тухай “Монголын орчин цагийн өсвөр үеийхэн” гэрэл зургийн төслөөрөө Magnum Foundation-ийн “Emergency Talent” тэтгэлэгт шалгарсан нь түүний олон улсын хүлээн зөвшөөрлийн эхлэл байв. Үүнээс хойш түүний уран бүтээлийг Япон улсын “Угсаатан зүй” сэтгүүл тусгай дугаараар онцолж, 2022 онд Япон Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулж Японы “Угсаатан судлалын үндэсний музей”-д “100 жилийн өмнөх ба өнөө цагийн монголчууд” нэртэй үзэсгэлэн гаргаж байв. Мөн 2021 онд Нидерландын “Prince Claus Fund”-ын Seed Award-ын эзнээр тодорчээ. Ингээд уншигч та бүхэнд түүний анхны бие даасан үзэсгэлэн болон гэрэл зургийн номын талаар ярилцсанаа хүргэж байна.
“Биднийг гайхалтай агшин, гайхалтай кадрууд өдөр бүр хүлээж байдаг. Гагцхүү багахан эрэл хайгуул хэрэгтэй байх.”
- Б.Инжинааш
“Glimpse of Us” гэрэл зургийн номоо гаргах санаа анх хэзээ төрсөн бэ?
2022 онд Япон Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулж Японы “Угсаатан судлалын үндэсний музей”-д “100 жилийн өмнөх ба өнөө цагийн монголчууд” нэртэй үзэсгэлэн гаргаж байсан юм. Тухайн үед нэгэн хэвлэлийн газар хамтран ажиллах санал тавьж, тэр үеэс хойш гэрэл зургийн номоо гаргах санаа төрсөн юм. Ингээд гурван жилийн дараа буюу өнгөрсөн гуравдугаар сард анхны номоо өлгийдөн авлаа. Японы алдарт гэрэл зурагчин Дайдо Морияама гэрэл зургийн номоо хэвлүүлдэг, олон жилийн түүхтэй "Tokyo Inshokan Printing" гэх хэвлэлийн газартай хамтран ажилласан. Номын тухайд 2008–2023 оны хооронд авсан 141 гэрэл зургаас бүрдэх 160 нүүр бүхий хатуу хавтастай ном. Хэвлэлийн эх бэлтгэл, дизайнераар Мимүра Кан ажиллаж, "NomAz" хэвлэлийн компанийн үүсгэн байгуулагч, чөлөөт сэтгүүлч Канако Ониши, "Olympus" камерын брэндийн төлөөлөгч Тэцүро Шимизү, Токио Иншокон хэвлэлийн газрынНобүро Такаяанаги нар туслан дэмжиж хамтран бүтээсэн. Анхны гэрэл зургийн номоо хэвлүүлээд сэтгэгдэл маш өндөр байна. Номын хэвлэлийн талаар олон зүйлийг мэдэж авч, их туршлага хуримтлууллаа.
Номын хавтасны зургийн тухайд
Уг нь хавтасны дизайн хийхэд орон зайтай байлгах үүднээс энэ зургийг сонгоод бодчихсон байсан юм. Гэхдээ зургийг байрлуулж, нэрийг нь доор нь бичээд,цэнхэр дэвсгэртэй байх санааг дизайнер маань шийдсэн. Энэ зургийн тухайд бол Завхан аймагт авч байсан, яг санахгүй байгаа ч сонгуулийн өмнөхөн ямар нэг том хүн энд ирчихсэн, иргэдтэй уулзаж байсан юм. Энд байгаа хүмүүс дөрвөн зүг, найман зовхист хараад зогсчихсон байгааг зургаас харж болно.
“Glimpse of Us” хэмээх номын нэрний тухайд
Богинохон хугацаанд болоод өнгөрсөн ч сэтгэлд тод үлдсэн дурсамжтай холбоотой гэдэг утгаараа энэ нэрийг өгсөн. Гэрэл зураг өөрөө яг л тийм үйл явц. Тухайн зургийг дарахад хэдхэн хором болоод өнгөрч байгаа мэт боловч дурсамжинд үүрд үлддэг. Хүмүүс Joji-ийн дуунаас санаа авчихсан юм уу гэж байсан. Тэр дууг мэдэж байсан ч санаа аваагүй.
Үзэсгэлэнгийн тухайд
Токио хотод байрлах Olympus брэндийн “OM System Gallery” нь нээлттэй сонгон шалгаруулалт явуулж үзэсгэлэнгээ гаргах уран бүтээлчийг сонгодог. Тэнд амжиж материалаа явуулаад олон гэрэл зурагчдаас шалгарч, үзэсгэлэнгээ гаргах эрхтэй болсон. Хэзээ үзэсгэлэнгээ гаргамаар байгаагаа хэлээд хүсэлтээ өгдөг юм билээ. Хаврын урь орж, японд сакура яг дэлгэрч байсан яг тэр үеэр үзэсгэлэнгээ гаргая гэж шийдсэн. Тэгээд анхны бие даасан үзэсгэлэнгээ 4-р сарын 3-аас 14-ний хооронд амжилттай зохион байгуулаад, анхны бие даасан гэрэл зургийн номоо ч гаргасан. Үзэсгэлэнгийн зургуудаа өөрөө сонгоод, куратораар өөрөө ажилласан.
Японы гэрэл зургийн хэвлэл, үзэсгэлэн гаргах үйл явц Монголоос хэр ялгаатай байсан бэ?
Мэдээж ялгаа их байсан. Зургуудаа сар гарны өмнөөс бэлдээд хэвлэлдээ өгчихсөн байх хэрэгтэй байдаг юм билээ. Токиод ерөнхийдөө хоёр том гэрэл зургийн хэвлэлийн газар байдгаас нэгийг нь сонгоод хэвлүүлсэн. Зургийн цаасны сонголт зэрэг нь элбэг. Эхлээд А4 дээр хэвлээд баталдаг. Үзэсгэлэнгийн танхим нь ханан дээрээ зургаа шууд наачихаж болохоор тийм обойтой байсан нь их таалагдсан. Токиод амьдардаг монголчууд, өвөрмонголчууд, тува хүмүүс, монголоор ярьдаг япон хүмүүс ирж үзсэн. Япон хүмүүс “Танай монголд байшин барилга байдаг уу?, Хүүхдүүд нь сургуульдаа мориор явдаг уу?” гэх мэт асуултууд байнга асуудаг гэж зөндөө хүмүүсээс сонсож байсан л даа. Монгол гэхээр л өнөө нүүдэлчин, малчин ард иргэд, мал аж ахуй, хөдөө, байгаль, сүмо, том тал нутаг л байдаг гэж мэддэг болохоос залуучууд нь ийм царай төрхтэй, ийм хувцас өмсөж ийм хөгжим сонсдог, монголд ийм хоолны газар, гудамж талбай байдаг гэдэг төсөөлөл бараг л байхгүй. Монголд ирж үзсэн гадаад хүмүүс ч яг ямар амьдрал өрнөж байгааг мэдээд гэрэл зурагт буулгах боломжгүй. Тиймээс монголын одоогийн байгаа дүр зураг, Монгол гэж ийм улс, Улаанбаатар гэж ийм хот байдаг шүү гэдгийг харуулахаар эдгээр гэрэл зургуудаа та бүхэнд дэлгэж байна гэсэн тийм утгатай бичвэр үзэсгэлэнгийнхээ өмнөх үг дээр бичсэн. Ирсэн хүмүүс бүгд л гайхширсан байдалтай хүлээж авч, монгол гэж ийм газар байсан юм уу гээд л асууцгааж байсан. Үзэсгэлэнгийнхээ үеэр хоёр удаа уран бүтээлчийн яриа хийж, зургуудынхаа түүхийг ярьснаар илүү ойлголттой болсон байх. Мөн Японы гэрэл зургийн алдартай шүүмжлэгч үзэсгэлэнг маань ирж үзээд, одоогийн японы баримтат гэрэл зурагчид авч чадахааргүй маш сайн зургуудыг авсан байна гээд өөрийн хуудсандаа бичсэн гэж байсан. Маш хатуу шүүмж бичдэг хүнээс сайн үнэлгээ авснаа сонсоод маш их урам зориг авсан.
Монгол газрын зурагтай хэсгийг анхнаасаа бодож байсан уу эсвэл тухайн үедээ л шийдчихсэн үү?
Үзэсгэлэн дөрвөн хэсгээс бүрдсэн. Газрын зурагтай хэсэг бол анхнаасаа бодсон санаа байгаагүй. Эхэндээ дуу хоолойны хэлбэртэй зургуудаа байрлуулъя гэж бодож байсан юм. Өрөөд эхэлтэл цаанаасаа газрын зураг шиг харагдахаар нь нэг мөр газрын зураг шиг болгоё гэж шийдсэн. Тэгээд Хөвсгөл аймгийн хэсэгт Хөвсгөлийн Ханх суманд авсан зургууд, говийн хэсэгт говьд авсан зургууд, Чингис Хааны зургийг Хэнтийн хэсэгт гэх мэтээр өрж байрлуулсан. Гэхдээ ихэвчлэн хотод авсан залуучуудын зураг давамгайлж байсан. Монголд олон асуудал байгаа ч гэсэн бидэнд ирээдүй байгаа гэдэг утгаар яг голд нь хамгийн том зургаа байрлуулсан нь дөнгөж төрөөд гэртээ ирж байгаа шинэ хүний зураг. Хоёр дахь хэсэгт илүү тайван, нэг нэгээр нь үзэж болохоор хөдөө авсан зургууд, гурав дахь хэсэгт дан хөрөг зургууд, дөрөв дэх хэсэгт “Миний дуртай зургууд” хэмээх зарим зургууд нь хүмүүст хүнд хэцүү санагдаж магадгүй ч өөрийн дуртай тэдгээр зургуудаа сонгож байрлуулсан.
MEETING HIGH: Үзэсгэлэнгийн нэрний тухайд
Монголчууд ч бай, гадаадын хүмүүс ч бай хэн ч ойлгож болохоор тийм нэр өгье гэж бодсон юм. Гэрэл зургуудаа харахад надад бүгд л уулзалт, учралыг өгүүлж байгаа мэт санагдаж, эхлээд “Meeting” гэдэг үгээ бодчихсон байж байтал нэг л тийм уулзалтын зар шиг ч юм шиг мэдрэмж төрүүлээд байсан юм. Харин Канако найз маань “Meeting High” гээд нэрлэвэл ямар вэ гэдэг санааг гаргасан. Дүрмийн хувьд зөв биш ч үзэсгэлэнг үзэхээр ирж байгаа хүмүүстээ өөрийн авсан зургуудаа тайлбарлан халуун дотно яриа өрнүүлэх тэр үйл явц нь өөрөө энэ нэрний утгыг илэрхийлж байгаа юм байна гэж бодогдсон.
Монгол гэрэл зурагчны нүдээр япон орон ямар санагдав?
Тусалж дэмжсэн монголд хайртай япон хүмүүс маань үнэхээр халуун дотно хүлээж авсан. Хэдийн тэр хүмүүстэй олон жил найзлаад нөхөрлөчихсөн мэт л байсан. Азтай хувь тавилан гэж боддог. Харин япон бол амьдрах орчин сайтай сайхан газар. Токио үнэхээр л түм бужигнасан том хот юм билээ. Гэрэл зураг авахад бас асуудалтай зүйлс их байсан нь бид энд хүүхдийн зургийг хамаагүй авчихдаг шүү дээ, харин тэнд нэг удаа зураг авч байхад цагдаа ирээд хүний царайг битгий оруулаарай гэж сануулж байсан. р нь тэндхийн гэрэл зурагчдаас яаж гудамжинд зураг авдаг вэ гэж асуухад ихэвчлэн хүмүүсийг араас нь, эсвэл өөр юм авах гэж байгаа болоод л дардаг гэх мэтчлэн хариулсан. Мэддэг л аргууд байна лээ.
Өмнө нь япон руу хоёр сар гаруй явахдаа нэлээдгүй зураг авсан бол энэ удаад үзэсгэлэн, номын ажил дээр илүү төвлөрсөн. Тэнд байрны мөнгө, хүнс зэрэг нь өртөг өндөртэй, хотууд нь олон дүүргүүдэд хуваагдсан, тус бүрийн онцлогтой. Шинжүкүд өдөрт 3 сая 800 мянган хүн метрогоор зорчдог. Монголын нийт хүн амтай тэнцэхүйц гэсэн үг шүү дээ. Хувцас загварын хувьд бол үнэхээр өвөрмөц. Осакагийн хүмүүс Токиог бодвол илүү халуун дулаан уур амьсгалтай. Янз бүрийн л амьдрал байсан ч Японы залуучууд нь өөрсдөө тэнд амьдрахад жаахан хэцүү санагдсан. Ажилгүйдлээс болоод амиа хорлолт ихтэй, насжилт өндөр учир хөгшин хүмүүсийн хувьд амьдрахад илүү тохиромжтой. Бүх юмс шинэ содон, сонирхолтой. Амьдрал жинхэнэ буцалдаг метроны буудал дээр маш олон сэдвээр зураг авах боломжтой санагдсан. Цаашдаа япон явбал зөвхөн зураг авах зорилгоор явж, монгол хүний нүдээр япон орныг харуулсан цуврал хийх санаа байна.
Цаашид гэрэл зурагтай холбоотой төлөвлөсөн ажлууд бий юу? Монголд үзэсгэлэнгээ гаргаасай гэж хүлээж байгаа хүмүүс бишгүй олон байх.
Цаашид төлөвлөж байгаа ажлууд бий. Үзэсгэлэнгээ монголд гаргая гэж бодож байна. Одоогоор дан хар цагаан гэрэл зургаар дагнасан номын ажил руу ороод эхэлчихсэн явж байна. Olympus камерын grainy филтерт их дуртай, үүнээс л болж olympus камер авч байсан. Энэ камераараа авсан зургуудаа нэгтгэн ном хийхээр төлөвлөж байна.
“Он цаг өнгөрөх тусам түүхийн үнэт судлагдахуун болж, тухайн цаг мөчийг авч үлдэх хүчтэй, хамгийн амь бөхтэй гэрэл зургийн төрөл бол баримтат гэрэл зураг.”
- Б.Инжинааш
“Glimpse of Us” бол түүний харсан, мэдэрсэн, амьдарсан Монгол орон, монгол хүмүүсийн дотоод ертөнцийн бичиглэл. Уншигч та бүхэн энэхүү номыг хаврын номын баяр дээрх "NomAz" асраас 130,000 төгрөгөөр худалдан авах боломжтой ба арт номын онлайн дэлгүүр @zanbazaar-т мөн худалдаалж байна.
Фэйсбүүк хаяг: Injinaash Bor
Инстаграм хаяг: @injinaash_bor
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.