Цаас бол "санах ой", үүнийг дижитал ертөнц орлож огт чадахгүй

Цаас бол "санах ой", үүнийг дижитал ертөнц орлож огт чадахгүй

Дижитал ертөнцөөс хором ч холдож хагацаж чадахгүй мэт болсон өнөө цагт хүмүүс мэдээллийг хурдан, хялбар, товч байдлаар авахыг хүсэх болсон.

Нийтэлсэн
4 сарын 10, 2025
Хуваалцах

Гар утас, таблет, компьютерийн дэлгэцнээс өдөр бүр мянга мянган өгүүлбэр, зураг, дуу авиаг бид хүлээн авдаг. Гэвч энэхүү дижитал урсгал дунд бидний сэтгэлийг тас хийтэл тогшоод, тархийг түр ч болов амрааж чадах "ганц зүйл" бол хэвлэмэл ном юм. Ялангуяа бүтээлч сэтгэлгээг хөглөж, шинэ санаа олгох, өвөрмөц гоё зураглалтай ном бүр ч анхаарлыг татдаг нь маргаангүй билээ.

Брэнд ном бол сурталчилгааны хэрэгсэл биш

Энэ бол тухайн брэндийн сэтгэлгээний гүнийг, соёлын илэрхийлэмжийг дизайны амин сүнстэй цогцлоогч бүтээл. Эл номыг гартаа барих тэр мөчөөс эхлэн тухайн брэндтэй харилцаж эхлэх болно. Цаасны бүтэц, хавтасны баримжаа, хуудас эргүүлэх мэдрэмж. Энэ бүхэн ухамсаргүйгээр анхаарлыг татах атлаа мартагдашгүй мэдрэмжийг мөн үлдээдэг.

Дизайнер Ирма Бүүм  хэвлэмэл номыг урлагийн түвшинд хүргэж, бэхгүй буюу товойлгосон хийцлэл бүхий(эмбосс) ном бүтээж, хэрэглэгчийн оюун санаа, мэдрэхүйг сорьж байна. Энэ бол дижитал ертөнцийн хэзээ ч бүрэн орлож чадахгүй гүн гүнзгий биет харилцаа гэдэгт итгэлтэй байна.

"Ном бүтээнэ гэдэг зурах, видео бүтээхтэй эн дүйцэхүйц бүтээлч ажил төдийгүй хүн төрөлхтний соёлын салшгүй хэсэг. Аливаа мэдээллийг оновчтой, тогтвортой хэлбэрээр хадгалж, бас түгээдэг энэхүү хэрэгсэл нь цаг хугацааны шалгуурыг даван өнөөдрийг хүрсэн. Агуулгаасаа хамааран номын хэмжээ, жин, бүтэц нь харилцан адилгүй ч ном нь утга санааны цогц илэрхийлэл байж чаддаг. Тиймээс үүнийг түр зуурын хэрэглээ гэж харалгүй, хэзээд дэлгэж харахад үнэ цэнтэй, үнэн мэдээлэлтэй байхаар бүтээх ёстой гэж боддог. Номын энэхүү хувиршгүй чанар нь бидэнд амьдралын утга учрыг эргэцүүлэх, хийж буй үйлдлээ тунгаах боломжийг олгодог."

— Ирма Бүүм

Дижитал орчинд нийтлэгдсэн зүйлс маргааш ч устаж мэднэ

Хэвлэмэл ном бол цаг хугацааны гэрч. Брэндүүд өөрсдийн үнэт зүйлс, түүх, алсын хараагаа цаасан дээр үлдээх нь ирээдүйтэйгээ хийж буй тангараг лугаа ижил. Жишээлбэл, Chanel, Cartier, Hermès зэрэг брэндүүд өөрсдийн онцлогийг хэвлэмэл бүтээлээр дамжуулан өвлүүлдэг. Эдгээр ном нь зөвхөн сурталчилгаа бус түүх, соёл, ур ухааны архив болон хадгалагддаг.

Зураглал, зохиомж, текстийн байрлал, цаасны сонголт гээд бүх зүйлс маш нарийн төлөвлөгөөний дагуу брэнд ном бүтээгддэг. Зарим тохиолдолд эдгээр ном томоохон үзэсгэлэн, музейд байршсан байдгаас үзвэл угтаа энэ л хэвлэмэл номын ид шид аж. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.