
Япон, Монголын нийт 26 гэрэл зурагчны 200 гаруй бүтээл Монголын Уран Зургийн галерейд дэлгэгдлээ
“Токиогийн гэрэл зургийн сар”-ын хүрээнд Япон улсын 7 гэрэл зурагчин, мөн 2025 оны “Токиогийн гэрэл зургийн сар”-д Монгол Улсаас төлөөлөн оролцсон бусад гэрэл зурагчдын хамтарсан бүтээлүүд Монголын Уран зургийн галерейд дэлгэгдлээ.
Энэхүү үзэсгэлэн нь Токиогийн гэрэл зургийн сараас эхлэн НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг эрхэмлэн, байгальтай зэрэгцэн оршихуй болон байгаль орчны сэдвээр тасралтгүй зохион байгуулан ирсэн үйл ажиллагааны үр дүнг харуулахад чиглэжээ. Мөн гэрэл зургийг олон улсын тулгамдсан асуудлыг хөндөх, үзэл бодлоо илэрхийлэх хүчтэй хэрэгсэл болгон ашиглах боломжийг харуулах юм.

Нийт 200 гаруй гэрэл зургийн бүтээлээс бүрдсэн уг үзэсгэлэнгийн хэсэг тус бүр монгол болон япон уран бүтээлчдийн онцлог төрхийг шингээжээ. Үзэсгэлэнд оролцох монгол уран бүтээлчдийг сонгохдоо бүтээл нь сэдэвтэй уялдсан эсэхийг харахаас гадна сүүлийн үед уран бүтээлээ олны хүртээл болгосон гэрэл зурагчдыг сонгон оруулсан байна. Ингэснээр Монголын 19, Японы 7, нийт 26 гэрэл зурагчны уран бүтээл олон нийтийн хүртээл болж байна.


Цүжи Хироки
"North Finder" нийгэмлэгийн гишүүн, Японы гэрэл зурагчин

“Монгол Улсад анх удаа ирж, энэхүү хамтарсан үзэсгэлэнд оролцож байгаадаа туйлын баяртай байна. Монгол хүмүүсийн халуун дулаан сэтгэл, тусархаг зан чанар гүн сэтгэгдэл үлдээлээ.
Миний үндсэн ажил коммершл чиглэлийнх боловч байгалийн гэрэл зурагт маш их сонирхолтой. Энэ удаагийн үзэсгэлэнд Хоккайдо мужийнхаа байгалийн зураглалуудыг дэлгэлээ. Нэгэн цагт хүний буруутай үйл ажиллагаанаас болж сүйдэж байсан ч эргэн сэргэсэн Хоккайдогийн байгалийн төрхийг эдгээр зургуудаараа баримтжуулсан юм.
Манай ‘North Finder’ нийгэмлэг нь Хоккайдогийн 40 гаруй гэрэл зурагчныг нэгтгэдэг. Цаашид манай нутгийг зорин зураг авах сонирхолтой Монголын залуу гэрэл зурагчидтай холбоо тогтоож, хамтран ажиллахад бид хэзээд нээлттэй.”

Гэрэл зурагчин Б.Бат-Оргил
Э.Арохан
NHK телевизийн баримтат нэвтрүүлгийн найруулагч, зураглаач

“Би 2000 онд Японы Васэда их сургуульд Акира Куросавагийн кино судлалаар магистраа хамгаалснаас хойш NHK телевизэд баримтат киноны найруулагч, зураглаачаар ажиллаж ирсэн.
Энэ удаагийн үзэсгэлэнд TV TOKYO-той хамтран бүтээсэн ‘Living With Nature Mongolia’ баримтат цувралынхаа зураг авалтын үеэр буулгасан кадруудаа дэлгэлээ. Зураг авалтын явцад кинонд тоглосон хүүхдүүд өөрсдөө орчин тойрноо баримтжуулан зураг авч байсан нь их онцлогтой. Мөн анх Монголд ирэхдээ Төрийн шагналт, ардын уран зохиолч С.Эрдэнэ гуай, ‘Чингис хаан’ киноны ерөнхий найруулагч Б.Балжинням нартай хамт сар гаруй хугацаанд аялахдаа буулгасан ховор хөрөг зургууд болон Мяо, Блан зэрэг цөөнх үндэстнүүдийн аж амьдралыг харуулсан бүтээлүүдээ дэлгээд байна.
Монголчуудын өвөг дээдсээсээ уламжилж ирсэн байгальтайгаа зохицон амьдрах ухаан нь ганц өвснөөс эхлээд л мал сүрэг, ундаалах идээ, түлэх түлш хүртэлх бүхий л эргэлтэд шингэсэн байдаг. Монгол ахуйн энэхүү гүн ухааныг мэдрэх, хайрлан хамгаалах чухал цаг үе бидэнд ирээд байна. Энэ нь ч уг үзэсгэлэнгийн агуулгатай гүнзгий холбогдож байгаа юм.”

Гамма агентлагийн гэрэл зурагчин Л.Ганзориг

Л.Элбэгзаяа
Гамма агентлагийн гэрэл зурагчин

“Миний хувьд 1860-аад оны үед үүссэн гэрэл зураг буулгах альтернатив аргуудаас хамгийн хоргүй, байгальд ээлтэй ‘Cyanotype’ аргыг ашиглан бүтээлүүдээ туурвилаа.
Ихэвчлэн цаасан дээр хийдэг арга боловч арай өөр туршилт хийхийг хүссэн юм. Мөн цуврал бүтээлүүд маань ‘Цонх’ сэдэвтэй тул шилэн гадаргуу дээр буулгахаар шийдэж, эхлээд шилээ желатинаар бүрэх зэргээр олон удаагийн эрэл хайгуул, туршилтын дүнд эдгээр бүтээлүүд маань бий болсон.”


Гэрэл зурагчин Д.Давааням
Ёошико Мацүмото
Япон улсын гэрэл зурагчин

“Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд ихэвчлэн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сэдэвтэй зургууд дэлгэгддэг. Гэвч миний бодлоор нийгмийн тогтвортой хөгжлийн хамгийн чухал суурь багана бол ‘Гэр бүл’ юм. Тиймээс би энэ удаад хуримын болон 60-аас дээш насны хосуудын амьдралыг харуулсан цуврал бүтээлээрээ оролцож байна.
Энэхүү төслийнхөө хүрээнд би Токиогоос эхлээд алс холын Акита муж хүртэл Японы олон газраар 5 жилийн турш аялж, хосуудын амьдралын хэв маягийг судалж, хамтдаа цагийг өнгөрүүлсэн. Бүтээлүүдээс маань бэр бууж буй бүсгүй бурхандаа мөргөж буй япон уламжлалын ховор агшин болон настнуудад чин сэтгэлээсээ ‘Баярлалаа’ гэж хэлэхэд тэдний царайнд тодорсон дотно сэтгэл хөдлөлийг харах боломжтой.”


Япон–Монголын хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн: “Тогтвортой хөгжлийн зорилтын төлөөх соёлын солилцоо”
Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 2–6-ны өдрүүдэд
Хаана: Монголын Уран Зургийн Галерейд
Зохион байгуулагч: “Тогтвортой хөгжлийн зорилтын төлөөх соёлын солилцоо” үзэсгэлэн зохион байгуулах хэлтэс, Гамма гэрэл зургийн агентлаг
Дэмжигч байгууллага: Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Уран зургийн галерей
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.