33 жилийн өмнө бас дараа
Фото сэтгүүлч агсан М.Лхагвасүрэнгийн бичсэн нийтлэлийг эргэн сэргээн хүргэхээр бэлтгэлээ. Энэ эрхэм хүмүүний "ҮНЭН" хэмээх гэрэл зургийн үзэсгэлэн 10-р сарын 10-нд Монголын Үндэсний Музейд зохион байгуулагдах гэж байна. Эх сурв. 2005 он 2-р сарын 08-нд хэвлэгдсэн №026, 027 дугаартай "Монголын мэдээ" сониноос эш татав.
250 ЖИЛИЙН ЗАМНАЛ
250 жилийн өмнө Оросын анхны академич, алдарт эрдэмтэн Михаил Васильевич Ломоносовын санаачилгаар Москвагийн Улсын их сургууль 1755 онд байгуулагдсан нь Орос улсын анхны дээд боловсролын сургууль байв. Тэр үед М.В Ломоносов “Тэр хүний хэний хүү, охин байх нь хамаагүй, ихийг сурч мэдсэн оюутан л нэр хүндтэй байх болно” гэж тунхагласан Москвагийн их сургуулийг /МосУИС/ нээх ёслол 1755 оны дөрөвдүгээр сарын 25-ны тавдугаар сарын 7-ны өдөр болжээ.
М.В Ломоносовын хийсэн төслийн дагуу МосУИС анх философи, хууль ба анагаах ухааны гэсэн гурван факультеттай нээгдсэн ажээ. XVIII зууны үед тус сургуульд ажиллаж байсан Оросын 26 профессорын зөвхөн гурав нь л баян чинээлэг гаралтай, бусад нь тариачин удамтай байв. XIX зууны эхний хагаст МосУИС нь Орос орны боловсрол, улс төрийн амьдралд тэргүүлэгч байр эзэлж байнсны нэгэн тод жишээ бол декабристуудын олонхи тус сургуулийнхан байсан юм. Энд В.Г Белинский, А.И Герцен, Н.П Огарев нарын нэрт сэтгэгчдийн бүрэлдэхүүнтэй оюутны дугуйлан ажиллаж, 1500 оюутан суралцаж төгсчээ.
XX зууны эхэнд тус сургуульд М.Е Жуковский, М.Н Лебедев, К.А Тимирязев, В.И Вернадский зэрэг нэр цуутай олон эрдэмтэн ажиллаж байлаа. 1919-1936 онд ажилчин анги, тариачин гаралтай хүмүүсийг сургах зорилгоор бэлтгэл факультет нээж ажиллуулжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед эндхийн эрдэмтэн багш нар эрдэм шинжилгээний 3000 гаруй шинэ бүтээл нээсний дотор онгоц зохион бүтээх, усан онгоцыг удирдах, их бууны тусгалыг сайжруулах, анагаах ухааны практикт цусны бүлэгнэх чадварыг хурдасгах “тромбин” зэрэг шинэ бүтээл нэвтрүүлсэн нь дайны ялалтад асар их нөлөө үзүүлсэн байна. Дайнд багш, оюутан олон мянган хүн оролцож гурван мянга орчим эрдэмтэн багш, оюутан амь насаа алджээ. 1946 оноос зөвхөн Орос орны бус гадаад оюутан аспирантыг сургаж эхэлсэн анхны жилүүдэд манай нэрт зохиолч, академич, улстөрч Д.Цэвэгмид төгссөн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар 1992 оны зургадугаар сараас МосУИС нь өөрийн бие даасан эрх хэмжээтэй болжээ. Одоо тус сургууль 27 факультеттэй, олон улсын сургалт судалгааны төв 20 орчим хүрээлэн, эрдэм судлалын төв ажиллаж байна. 1942 оноос МиУИС манай МУИС-тай хамтын харилцаатай ажиллаж байгаагийн зэрэгцээ тус сургуулийн олон факультетийг 400 гаруй монгол оюутан төгссөн байна.
БИДНИЙ ҮЕИЙНХЭН
Сэтгүүл зүйн факультетийг 1956 оноос 1980 оныг хүртэл 74 оюутан төгсчээ. Манай факультет Улаан талбайн ард. Манжингийн талбайн хажуул МосУИС-ийн анхны төв байранд хичээллэдэг юм. Харин оюутнууд бол эхний хоёр жилд Ленины уулан дахь таван давхар оюутны байранд, гуравдугаар курсээс МоСУИС-ийн төв байр буюу Воробьевын ууланд амьдарна. Москва голын эрэг дагуу сүндэрлэх 32 давхар бадмаараг чулуун байшингийн орой үүлс дунд алс холоос харагдана. Энд хичээлийн, оюутны болон эмнэлэг, усан бассейн зэрэг хүний хэрэгцээний бүх үйлчилгээтэй тул оюутнууд хичээлээс бусад үед тэндээ бужигнаж байдаг сан.
СЭТГҮҮЛЧИЙН ХӨДӨЛМӨР ХҮНД
1967 оны сэтгүүлчийн факультетэд суралцах Монголын 10 оюутан анхны хичээлдээ суухаар явлаа. Уламжлал ёсоор ёсдүгээр сарын 1-ний өдрийн эхний лекцийг манай декан, доктор, профессор Ясен Николаевич Засурский унших байв. Ази, Африк, Европын 300 гаруй оюутан анх удаа бие биеэ сонжин харж, их танхимд цуглаж билээ. Хонх дуугарснаас хойш 10 минутын дараа намхан нуруутай, хурдан хөдөлгөөнтэй, 40 орчим насны хүн орж ирүүт явдал дундаа бидэнтэй мэндэлж өөрийгөө Ясен Николаевич Засурский гэж танилцуулав. Алдар хүндтэй сургуулийн том факультетийн декан гэмээргүй харагдсан юм. Гэтэл америк явж тэндхийн сургуулиудад лекц уншдаг эрдэмтэн хүн байсныг хожим мэдэв.
Анхны лекцийн үеэр "Оюутан нь та нар мэргэжлээ зөв сонгосон биз дээ. Уурхайчны дараа ордог хүнд мэргэжил шүү. Хатуу хэцүүгээс үл шантарч ажиллана биз дээ" гэхэд орос оюутнуудын зарим эсэргүүцэн исгэрч олонх нь бидний зоригийг бүү мохоо гэж хашхирч байсан юм. Манай декан Засгийн газрын шугамаар буюу урилгаар Америкт олонтаа явдаг тул бидэнд цөөхөн үзэгдэнэ. Лекцтэй Эрнест Хэмингуйн амьдрал уран бүтээлээс ирж эхнэрийг нь шүүмжлэх удаатай. Монголчуудтай уулзах бүрдээ Москвад сурвалжлагчаар ажиллаж байсан Э.Түмэнжаргал Б.Дашцэрэн нарыг магтаж, та нар тэдэн шиг сайн сэтгүүлч орчуулагч болоорой гэж захидаг байв. Дашцэрэн бол М.Шолохвын "Дөлгөөн Дон" романыг орчуулсан. Түмэнжаргал англиар маш цэвэр ярина шүү гэдэгсэн. Манай факультетын доктор профессор нар монголчуудад их найрсаг дотно ханддаг байв. Оросын хэвлэлийн түүхийн хичээлийг В.Пронин заадаг байлаа. Тэр үед 60 гаруй настай яриа хөөрөө сайтай тэрбээр, "Дайны үеэр танай орон манайд их тусалсан. Халуун дулаан хувцас монгол морины чадал их шүү. Манайхыг төгссөн сэтгүүлчид ихэвчлэн дарга болсон шүү дээ гээд С.Пүрэвжав, С.Жамбалдорж, М.Чойжил, Ц.Мишигдорж нарыг нэрлэдэгсэн.
БИ БАГШАА ИЧЭЭВ
Бидэнд В.Д.Пельт, В.В.Ученова, В.М.Горохов, Е.П.Прохов нарын нэртэй эрдэмтэн багш хичээл заадаг байв. Багш нараас хамгийн залуу нь В.Лапшина. Оросын уран зохиолын багш. Тэр эмэгтэй миний насны ойролцоо харагдана. Би "Үнэн" сонинд 6 жил ажиллаад сургуульд явсан юм. Гоолиг сайхан биетэй, хонгор шаргал үстэй, жинхэнэ л орос царайтай тэр нэг удаа битүү захтай цагаан ноосон цамц өмссөн байв. Би хамгийн урд талын ширээнд сууж байлаа. Багш хичээлээ яриад босч дотор сэтгэлдээ бүрэн уусаж итгэн гараа хөдөлгөх аж. Яриандаа болоод урт хүзүүгээ сунгах бүрд нь цасан цагаан хоолойд үлдсэн халуун үнсэлтийн мөр тод харагдах ажээ. Би хажууд суугаа Сандагийг тохойгоороо ёворч өөрийнхөө хүзүүг заав. Тэр инээмсэглэн Мягмарт шивнэж хэллээ. Гэтэл багшийн царай час улайгаад цамцныхаа захыг өөрийн эрхгүй дээш татаад ширээндээ суув. Хонх дуугарахад 10 минут дутуу байсан боловч та нар ядарч байна уу? Хичээл дууслаа. Завсарлах уу? гэж намуухан хэлээд үүд рүү явлаа. Тэр өдрөөс хойш би Лапшина багшаас битүүхэндээ зовж хичээлдээ тун идэвхтэй оролцдог болсон юм. Ер нь шалгалт бүрд сайн бэлдэж унш гэсэн зохиол бүрийг уншдаг байв. Би шалгалт өгөхөөр түүний өмнө суухдаа айж сандарч байгаагаа мэдэрдэг байлаа. Багш миний ярьсныг анхаарсан янзгүй суух боловч надад сайн эсвэл онц дүн тавина. Тавдугаар курст Улсын шалгалт өгөхөөр багшийнхаа өмнө суутал "За, Лхагвасүрэн /бусад багш нар бол Мишигийн гэж дууддаг сан/Би чамд 5 жил хичээл заав. Би чамтай чацуу юм билээ. Багш шавийн холбоотой сайхан байлаа. Би энэ хавар гэрлэсэн. Чи эхнэр авсан биз дээ гэж энгийн яриа үүсгээд чам шиг идэвхтэй оюутанд онцоос үр дүн тавихгүй сайн сэтгүүлч болоорой гэв. Түүнээс хойш 10 жилийн дараа төрөлх сургуульдаа мэргэжил дээшлүүлэхээр очиход Лапшина доктор, профессор болчихсон, нас бие тогтсон, намбалаг сайхан бүсгүй болсон байлаа.
ГЭРЭЛ ЗУРГИЙН СЭТГҮҮЛЧ БОЛСОН МИНЬ
Манай курст олон орны оюутан суралцана. Ираны хувьсгалч эмэгтэй Маделена гэж надаас хориод эгч, хичээлээс өөрийг мэдэхгүй нэгэн байв. Арван жилийн дараа очиход оюутан үеийнхээ өрөөнд тамхиа татаж, өтгөн кофе цайгаа уусаар суувч докторын зэрэг хамгаалсан мөртөө нутагтаа ганц ч очоогүй, Зөвлөлтийн коммунист намын төв хорооноос цалин авдаг хэвээр л амьдарч байлаа. Түүнтэй нэг нутгийн Хасан гэдэг их баян оюутан 1979 онд манай улсад ирээд "Өнөөгийн Монгол" гэдэг ном бичсэн бидний 74 сэтгүүлчээс гуравхан хүн гэрэл зургийн сэтгүүлч болжээ. 1972 онд М.Лхагвасүрэн Монголдоо анх удаа дээд мэргэжлийн фото сэтгүүлчээр төгсөв. Хожим нь Ж.Баярсайхан, О.Намхай нар төгссөн боловч олон жил мэргэжлээрээ ажилласангүй. Одоо Монголын мэдээ сонинд ажиллаж байна. Би 1976 онд "Гэрэл зурагчдын тусламж", "100 асуултын хариу", 1986 онд "Фото нийтлэлийн төрөл зүй өнөөгийн шаардлага", 1988 онд "Гэрлээр бичих урлагийн сурах бичиг l, ll, lll боть 2004 онд бичжээ. Бие даасан гэрэл зургийн цомог гэвэл "Хөвсгөл" 1992 он, "Монголын нутаг дахь чулуун хөшөөн дурсгал" 1996 он, "Улаанбаатар 360" 1999 онд зэрэг болно. Бас Хүүхдийн нэвтэрхий толь бичиг l, ll ботийн зургууд болон 1975 оноос хойш хэвлэгдсэн түүхт ойн өнгөт цомгийн зургийн зохиогчийн нэг болно. 1972 онд төгссөн 10 сэтгүүлч Ш.Сандаг, Ц.Мягмар, Ц.Юндэндорж, Л.Цасчихэр, Л.Батсүх, М.Өлзийсайхан, Г.Басдолгор, М.Лхагвасүрэн нар төвийн сонин хэвлэлд ажиллаж байсан юм. Өнөөдрийн байдлаар Ц.Баторших Хууль зүйн үндэсний төвд хэвлэл мэдээллийн нэгдсэн редакцын ерөнхий эрхлэгч, Доктор Ю.Эрдэнэтуяа УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл сурталчилгааны газарт ажиллаж байна.
Би анх оюутан байхдаа гэрэл зургийн уралдаанд оролцсоноос хойш гадаад болон дотоодын олон уралдаанаас диплом шагнал авсан байх юм. Надад нэртэй гэрэл зургийн мастерууд хичээл заадаг байлаа. Тухайлбал Төрийн шагналт Е.Л.Иофис, соёлын гавьяат ажилтан В.А.Малышев, доктор профессор В.Стяжкин нараас асар их юм сурсан даа. Манай факультет Улаан талбайн ард байх тул хичээл таруут Улаан талбай, Нэр нь тодроогүй баатруудын хөшөөнд гүйж очоод 2 цагийн дараа таны зургийг өгнө гэж хэлээд зураг авна. Факультетад зургийн лаборатори байнга ажилладаг болохоор хэдэн ч хүний зургийг хийж амждаг байлаа. Зураг сайхан гарчээ гээд явуулын хүмүүс мөнгө эсвэл ойролцоо ресторанд дайлдагсан.
МАНАЙХАН САНСРЫН НИСЛЭГТ ОРОЛЦСОН
МосУИС-ийг төгссөн академич, доктор, /PhD, ScD/ Б.Чадраа монгол хүн сансарт нисэх бүх ажлыг гардан хийсэн хүн. Физикч /PhD/, профессор Ж.Лхагважав, Ш.Чадраабал /PhD/, Ваша нар сансрын бэлтгэл судалгааны ажилд оролцсон юм. Москвагийн их сургууль төгссөн сэтгүүлчдээс М.Чойжил, Т.Галсан, Ц.Мишигдорж, Ц.Пунсаа, Б.Батболд, М.Лхагвасүрэн нар Нислэгийн үеэр Оддын хотхон нислэгийн удирдах төв Байконурт ажилласан билээ.
ОНЦЛОН ТЭМДЭГЛЭХЭД
МосУИС-ийг төгссөн оюутнуудаас ШУА-ийн анхны 7 академич, сурвалжлагч гишүүн 21, ШУА-ийн Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч найм, МУИС-ийн захирлаар 3 хүн ажилласан юм. Тус сургуулийн монгол оюутнуудаас 160 нь доктор профессор болсныг бодоход үнэхээр эрдэм мэдлэгийн их уурхай байна. 250 жилийн түүхэндээ дэлхий дахины болон Монгол Улсын нэрт эрдэмтэн мэргэд, өндөр мэдлэгтэй олон хүнийг сургасан төрөлх сургуулийнхаа мянга мянган багш нарт баярлаж, санан дурсч явдаг хүний нэгэн бичив.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.