• Нүүр
  • Сэдэв
  • Мэдлэг
  • Хөтөч
© Suuder INC. All Rights Reserved.
Powered by  
Гэрэл зургийн талаар цогц ойлголт авч болох гурван үзэсгэлэн дараалан нээгдэнэ

Гэрэл зургийн талаар цогц ойлголт авч болох гурван үзэсгэлэн дараалан нээгдэнэ

Гэрэл зургийн салбарын хөгжил, баримтат түүх, дурсамж болон олон улсын хамтын ажиллагааг нэгэн дор цогцоор нь харуулах гурван дараалсан онцлох үзэсгэлэнг танилцуулж байна. Үзэсгэлэн тус бүр өөр өөрийн гэсэн онцлог, баялаг сан хөмрөг, сэдэвчилсэн агуулгатай тул гэрэл зураг сонирхогч та бүхнийг урьж байна.

Нийтэлсэн
Pixels
Үзэсгэлэн
10 сарын 28, 2026
0 Сэтгэгдэл
Хуваалцах
  • Link
  • Tweet
  • Share
  • Email

“Цэрэнгийн Хаш гэрэл зургийн хальсанд үлдсэн дурсамжууд” 85 насны ойд зориулсан үзэсгэлэн

Нээлт: 10 дугаар сарын 28МУЗ-ийн “Улаан Гэр” галерейд

Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан гэрэл зураг нь хүний дурсамж, өдөр тутмын үйл явдал, хүүхэд насны найз нөхдийн хөрөг, ахуй орчин, хэрэглээний соёл, сурч боловсрох боломж зэрэг олон зүйлийг хэрхэн хадгалж үлдээдгийг үзэх боломжтой. Зургийг зөвхөн авч хадгалахаас гадна цуглуулга болгон архивлаж, дараагийн үедээ үнэт өв болгон үлдээхийн ач холбогдлыг тод харуулна. Мөн гэрэл зураг нь зөвхөн камерын хөгжилд төдийгүй түүхийг дагасан олон төрлийн техникийн дэвшилд нөлөөлсөн болохыг энэ үзэсгэлэнгийн зарим жижиг бүрдлээс харах боломжтой. 

Япон–Монголын хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн

“Тогтвортой хөгжлийн зорилтын төлөөх соёлын солилцоо”(Japan–Mongolia Joint Photo Exhibition: Cultural Exchange for SDGs)Нээлт: 11 дүгээр сарын 2
Монголын Уран Зургийн Галерейд

2022, 2023, 2024 онуудад зохион байгуулагдсан “Токиогийн гэрэл зургийн сар”-ын хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилт – Байгальтай зэрэгцэн оршихуй”, “Байгаль орчин” сэдвээр оролцсон Японы долоон гэрэл зурагчин, мөн 2025 оны “Токиогийн гэрэл зургийн сар”-д Монголоос оролцсон гэрэл зурагчид болон бусад уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд зохион байгуулах гэж байна.

Энэхүү үзэсгэлэн нь Токиогийн гэрэл зургийн сараас эхлэн НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг эрхэмлэн, байгальтай зэрэгцэн оршихуй, байгаль орчны сэдвээр тасралтгүй зохион байгуулж ирсэн үйл ажиллагааны үр дүнг харуулахад чиглэнэ. Мөн гэрэл зургийг олон улсын асуудлыг хөндөх, үзэл бодлоо илэрхийлэх хүчтэй хэрэгсэл болгон ашиглах боломжийг харуулах болно.

Зохион байгуулагч:

•  “Тогтвортой хөгжлийн зорилтын төлөөх Соёлын солилцоо” үзэсгэлэн зохион байгуулах хэлтэс•  Гамма гэрэл зургийн агентлагДэмжигч байгууллага: • Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
•  Монголын Уран зургийн галерей

Гамма агентлагийн 30 жилийн ойн үзэсгэлэн

Нээлт: 11 дүгээр сарын 22Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд

Монголын гэрэл зургийн салбарын түүх бол зуун дамнан өгүүлэгдэх баялаг өв юм. Энэхүү түүхийн тод бүрэлдэхүүн хэсэг бол Гамма гэрэл зургийн агентлаг билээ. 1990 онд Монгол Улс социалист тогтолцооноос ардчилсан нийгэмд шилжиж, улс төр, эдийн засаг, соёлын орон зай нээлттэй болсон үеэс чөлөөт хэвлэл, бие даасан уран бүтээлчид гарч эхэлсэн. Урлаг соёл, гэрэл зураг дахь хяналт суларч, улс төрийн хэрэгсэл байхаа больсноор бодит амьдралыг баримтжуулах, нийгмийн өөрчлөлтийг харуулах, сэтгэлгээний хэл болж хөгжих боломж нээгдсэн. Энэ үеийг Монголын гэрэл зургийн салбарт шинэ хуудас нээгдсэн гэж үзэж болно.

1996 онд Ц.Батзориг, С.Цацралт, Л.Ганзориг нар Монголын анхны бие даасан мэргэжлийн гэрэл зургийн агентлаг болох Гаммаг үүсгэн байгуулсан. Тухайн үед гэрэл зургийн бүтээл худалдаж авах ойлголт нийгэмд байгаагүй, зах зээл сул байсан хэдий ч тэд мэргэжлийн түвшинд ажиллах, гэрэл зургийн урлагийг хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнөө жил Гамма агентлагийн 30 жилийн ой тохиож, энэ хугацаанд тасралтгүй ажилласаар иржээ. Залуу үеийн өөрчлөлт дагаж, өнөөдөр Гамма нь зөвхөн гэрэл зургийн агентлаг бус, студи, хэвлэлийн газар, сан хөмрөг бүхий архивтай цогц байгууллага болжээ. Баримтат гэрэл зураг, гэрэл зургийн сэтгүүл зүй, музей, соёлын өв, баримал, уран зураг зэрэг үзмэрийн зориулалттай зураг авалт, гэрэл зургийн аялал зэрэг олон чиглэлээр өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Энэхүү баялаг түүхийг ойн үзэсгэлэнгээс үзэх боломжтой.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.

Категори+ exhibition
Үзэсгэлэн
Үзэсгэлэнгийн мэдээ мэдээллийг эндээс олж уншаарай.
Унших