World Press Photo 2025: Дайн, халдлага, цөхрөл

World Press Photo 2025: Дайн, халдлага, цөхрөл

World Press Photo-оос 2025 оны гэрэл зургийн уралдааны ялагчдыг зарлаж, дэлхийн шилдэг баримтат гэрэл зургийн бүтээлүүдийг толилууллаа.

Нийтэлсэн
5 сарын 20, 2025
Хуваалцах

Энэ жилийн уралдаанд үндсэн болон тусгай ангиллын нийт 42 бүтээл шалгарсан бөгөөд  бүс нутгийн хуваарилалт, зарим номинациудыг шинэчилсэн байна. Гэрэл зураг сонирхогч та бүхэнд шалгарсан бүтээлүүдээс онцлон тайлбарын хамт хүргэж байна. 

Баруун, Төв болон Өмнөд Ази - Махмуд Ажжур, есөн настай

Газа дахь дайны үеэр Израйлын онгоцноос харвасан пуужинд өртөж, хоёр гараа алдсан Махмуд хүүгийн түүхийг энэхүү зурагт буулгажээ. Тэсрэх бөмбөг унаж эхлэхэд түүний гэр бүл зугтаасан ч Махмуд ард үлдсэн хүмүүсийг яаравчлуулахын тулд эргэж очжээ. Гэвч дэлбэрэлт түүний нэг гарыг тасалж, нөгөө гарыг нь ноцтой гэмтээсэн байна. Одоо Катар улсад амьдарч буй тэрээр бүхнийг хөлөөрөө хийж сурсан бөгөөд “Миний хамгийн том хүсэл бол хиймэл гартай болох” хэмээжээ.  

Хойд болон Төв Америк – Доналд Трамп руу халдсан оролдлого

2024 оны 7-р сарын 13-нд Пенсилвани мужийн "Butler Farm Show Grounds"-д болсон сонгуулийн кампанит ажлын үеэр Бүгд Найрамдах Намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трампын чихэнд сум туссан мөчийн дараахан АНУ-ын тусгай албаны ажилтнууд түүнийг тайзан дээрээс яаралтай буулгаж буй агшныг энэхүү зурагт буулгажээ. Түүнийг устгах гэсэн оролдлого болон түүнээс үүдсэн хэвлэл мэдээллийн хандалт нь ерөнхийлөгчийн сонгуулийг төдийгүй АНУ-ын улс төрийн ирээдүйг тодорхойлох онцгой эргэлтийн цэг болсон юм.

Баруун, Төв болон Өмнөд Ази – Түүхэн цуврал “Эмэгтэйчүүдгүй нутаг” 

Кабул хотын баруун хэсэгт байрлах нэгэн хувийн ахлах сургуульд суралцаж буй өсвөр насны охидын зургийг энэхүү цувралд харуулсан юм. Тэд Америкийн хөтөлбөрийг англи хэлээр судалдаг ч албан ёсны боловсролын гэрчилгээ авах боломжгүй. Учир нь Афганистанд эмэгтэйчүүд их, дээд сургуульд суралцах эрхийг хориглосон хэвээр байна. Энэ сургууль нь орон нутгийн Талибаны зөвшөөрлийг аман хэлэлцээрийн түвшинд авч, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж буй ховор тохиолдол бөгөөд өнөөдөр өдөр бүр сургуулийн насны 700 охид өндөр хамгаалалт дор суралцсаар байна. Тус гэрэл зураг нь эмэгтэйчүүдийн боловсролын төлөөх чимээгүй боловч зоримог тэмцлийг баримтжуулжээ.

Африк – Урт хугацааны төсөл “Эмэгтэй хүний бие — тулалдааны талбар”

Амхарагийн цэргүүдийн буудлагад өртсөн Эритрей залуу эмэгтэй сумны сорвио харуулж буй нь. Тэрээр Тиграй дахь Май Айни дүрвэгсдийн хуаранд нөхөр, хоёр хүүхэд болон дүүгийнхээ хамт амьдарч байжээ. Дайн эхэлмэгц тэд Амхара бүс нутаг дахь Дабат нэртэй өөр нэг хуаранд дүрвэсэн байна. Гэвч тэнд очсоныхоо дараа нөхрөөсөө тусгаарлагдаж, хүүхдүүдийнхээ нүдэн дээр хүчирхийлэлд өртсөн юм. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн мэдээлснээр Май Айни болон Ади Харуш хуаранд 24,000 Эритрей дүрвэгч өдөр бүр айдас дунд амьдарч, хүмүүнлэгийн тусламж авч чадахгүй хэвээр байна. Энэхүү гэрэл зургийн төсөл нь эмэгтэйчүүдийн биеийг дайны хэрэгсэл болгон ашиглаж буйг илчилж, хүний эрхийн зөрчлийг баримтжуулсан ноцтой баримт болсон юм.

Баруун, Төв болон Өмнөд Ази – Түүхэн цуврал “Израйлийн довтолгооны дор: Газа” 

2024 оны 4-р сарын 7-нд Израйлын цэргүүд Газын бүсээс гарсны дараа хоёр хоногийн дотор Кан Юнис хотын оршин суугчид нутаг руугаа эргэн ирж буйг цувралаар харуулжээ. Израйл улс 2024 оны турш Газын эсрэг дайнаа үргэлжлүүлсэн нь бүс нутгийн ихэнх хэсгийг балгас болоход хүргэжээ. Олон улсын сэтгүүлчдийг тус бүс нутагт нэвтрэхийг хориглосон ба энэ нөхцөлд дотоодын гэрэл зурагчид амь насаа эрсдэлд оруулан дайныг баримтжуулсаар байна. Гэрэл зурагчин Али Жадаллах өөрөө ч дайнд ойр дотнын хүмүүсээ алдсан бөгөөд “Би сүйдсэн байшин бүрийг зураглах болгонд өөрийн байшингаа, харин нурангиас шархадсан хүмүүсийг гаргаж ирэх бүрд эцэг, дүү нараа дурсдаг” хэмээн ярьжээ. Энэхүү цуврал нь дайны бодит үнэн, эмгэнэл, уй гашууг ил тод харуулсан юм.

Хойд болон Төв Америк – “Констанс Уинн II"

2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр Пенсилвани мужийн Уилкс-Барре хот дахь өөрийн гэртээ буй Констанс Уинн. Энэ гэрийг боолчлолоос зугтаж ирсэн өндөр өвөө нь барьжээ. Пенсилвани бол АНУ-д боолуудыг анх хүлээн зөвшөөрч, хоргодох газар болсон анхны мужуудын нэг юм. Гэрэл зурагчин Монтгомери сонгуулийн үеэр тус бүс нутагт хэдэн долоо хоногийг өнгөрүүлжээ. Сүүлийн 12 жилийн хугацаанд энэ муж нь улс төрийн хувьд шийдвэрлэх нөлөө бүхий бүс нутаг болоод байгаа юм. 

Европ – Түүхүүд | Ардчилал харанхуйн дунд мөхдөг | Рафаэль Хайгстэр

2024 оны 6-р сарын 30-нд Германы Эссен хотод болсон Германы "Альтернатива" (AfD) намын холбооны их хурлыг харуулсан зураг. Олон германчууд тус намын хэт барууны үзлийг ардчилалд заналхийлж байна хэмээн үздэг.

Европ – Түүхүүд | Гүрж дэх эсэргүүцлийн жагсаал | Михаил Терешченко

2024 оны 12-р сарын 7-нд Гүржийн Тбилиси хотод болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласны дараа нэгэн эмэгтэй тариурт хийсэн тунгалаг шингэнээр нүдээ зайлж буй нь. Тэрбээр хамгаалалтын цанын маск, амьсгалын аппарат, мөн халуун хийн сав барихын тулд бээлий өмссөн байв.

Европ – Урт хугацааны цуврал | Гэрт утааны үнэр ханхалж байна |

2023 оны 1-р сар, Оросын Сибирь дэх Томск хотын шөнийн клуб. Энэ үед ОХУ-ын төр Украйн дахь дайны эсрэг олон нийтийн эсэргүүцлийг бараг бүрэн дарахад хүрсэн байв. Украйн дуу хөгжим тоглуулах нь ч иргэний эсэргүүцлийн хэлбэр гэж тодорхойлогдож байлаа. Гэсэн ч тус клубт украйн дуунууд эгшиглэж байв.

Африк – Түүхүүд | Нууранд нам гүм ноёлжээ

2024 оны 3-р сарын 20-нд дарсан энэ гэрэл зурагт Киву нуурын загасны төрөл болох сардин загас торонд баригдаж байгааг харуулжээ. Цаг уурын өөрчлөлт, хэт их загасчлал, хийн олборлолтын байгууламжууд зэрэг нь нуурын хойд эрэгт орших Гома хотын самбаза загасны тоо толгойнд аюул учруулж байна. Руанда болон Ардчилсан Конго улсын хил дээр орших энэ сүрлэг нуурын эргэн тойронд олон түүх сүлэлдэн оршдог. Гэвч нуурын усан доор болон түүнийг тойрсон загасчин айл өрхүүдийн амьдралд үл итгэлцэл, тодорхойгүй байдал нуугдаж буй.

Африк | Амьдрал зогсохгүй 

2024 оны 1-р сар. Суданы Омдурман хотод болсон хуримын ёслолын үеэр авсан зураг. Суданд хуримын ёслолын дагуу хуримлагчид буудлага хийдэг уламжлалтай. Омдурман хот байнгын агаарын цохилтод өртөж буй ч нэгэн найз нь хуримынхаа нандин мөчийг баримтжуулж өгөхийг Мосабаас хүсчээ. Тэрээр “Мөргөлдөөн, халдлага үргэлжилж байсан ч хурим сайхан болж өнгөрлөө. 2023 оны 4-р сард эхэлсэн Суданы дайн айдас, дүрвэлт дагуулж, төрсөн гэрээсээ нүүхэд ч хүргэсэн. Бид амьдралдаа энэ бүхнийг туулна гэж хэзээ ч төсөөлж байсангүй” хэмээжээ. 

Баруун, Төв болон Өмнөд Ази – Урт хугацааны цуврал | Сумд хил хязгаар үгүй 

“Үхэл бол бидний хувьд тэнгэрийн тавилан. Хэзээ тохиох нь Бурханы мэдэлд.” хэмээн 2019 оны 2-р сард Ираны Курдистанд зургаа татуулсан Рахман хэлжээ.

Колбарууд буюу хилийн үүргийн ажилчид Ирак, Туркээс гэр ахуйн хэрэгсэл, гар утас, хувцас зэрэг барааг Ираны Курдистан руу амь насанд халтай бартаат уулс дээгүүр дамжуулан зөөдөг. Ираны засгийн газар барууны хориг арга хэмжээний улмаас гадаад валютыг хэмнэж, дотоодын үйлдвэрлэлээ хамгаалахын тулд эдгээр барааг импортлохыг хориглосон. Курд ард түмэн олон арван жилийн турш зах хязгаарын шахагдсан байдалд амьдарсаар ирсэн нь бүс нутгийн ажилгүйдэлд хүргэжээ. 

Ази, Номхон далайн бүс нутаг – Урт хугацааны цуврал | Те Уревера – Туҳое ардын амьд өвөг дээдэс

2022 оны 1-р сарын 14-нд Шинэ Зеландын Рүатоки тосгонд орших "Tataiwhetu Trust" хэмээх органик сүүний аж ахуйд нутгийн сургуулийн сурагчид хөдөө аж ахуйн үндсэн ур чадварыг сурч буй нь.

Те Уревера бүс нутгийн Нгаи Туҳое ард түмэн хэл, соёлынхоо онцлог, үнэт зүйлсийг өнөөг хүртэл хадгалсаар ирсэн бөгөөд тусгаар орших хүсэл, итгэл үнэмшлээрээ алдартай. 2014 онд Шинэ Зеландын засгийн газар Туҳое ард түмэнд өвөг дээдсийнхээ нутаг дэвсгэрийг удирдан захирах эрхийг олгосон түүхэн шийдвэрийг гаргасан нь урьд өмнө байгаагүй соёлын томоохон алхам байв.

Өмнөд Америк – 2025 оны World Press Photo-ийн шилдэг бүтээлийн дэд байр | Амазоны ган гачиг 

Амазон дахь Манакапуру тосгонд амьдардаг ээждээ хоол хүргэхээр явж буй залуу эр. Өмнө нь завиар хүрэх боломжтой байсан энэ тосгон ган гачгийн улмаас ердөө хоёр километрийн урттай хатсан голын ёроолоос өөр юу ч үгүй үлджээ. Дэлхийн хамгийн том ширэнгэн ойд ийм цөлөрхөг хуурай дүр зураг харагдах нь усны хомсдолыг жихүүцмээр тод харуулж байна.

Өмнөд Америк – Түүхүүд | Бразилийн түүхэн дэх хамгийн хүнд үер

2024 оны 5-р сарын 6-нд Бразилийн Риу Гранди ду Сул мужийн Каноас хот тэр аяар үерт автжээ. Энэхүү үер байгаль орчны ихээхэн сүйрэлд хүргэж, 600,000 гаруй оршин суугчийг орон гэрээ орхиход хүргэж, 183 хүний амийг авч одсон юм. Засгийн газар үүнийг тус мужийн түүхэн дэх хамгийн том уур амьсгалын гамшиг хэмээн зарласан бөгөөд нийт 2 сая гаруй оршин суугч, хүн болон амьтан, эдийн засгийн асар их хохиролд өртсөн гэж мэдээлсэн. Олон улсын судлаачдын үзэж буйгаар, уур амьсгалын өөрчлөлт улам эрчимжсэн нь үер тохиох магадлалыг хоёр дахин нэмэгдүүлсэн гэжээ. 

Өмнөд Америк | Ботафогогийн фанатууд: Бахархал ба Ялалт 

2024 оны 11-р сарын 30-нд Бразилийн Рио-де-Жанейро хот дахь Ботафого багийн талбай болох Нилтон Сантос цэнгэлдэхэд байрлуулсан дэлгэцээр тоглолтыг үзэж, ялалтаа тэмдэглэж буй фанатууд.

Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо (CONMEBOL)-ны Либертадорес цомын шигшээ тоглолт Аргентины Буэнос-Айрес хот дахь Мөнхийн дурсгалын цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд Бразилийн хамгийн эртний, нэр хүндтэй хоёр баг болох Ботафого болон Атлетико Минейро багууд учраа таарсан юм. Энэ удаа Ботафого түүхэндээ анх удаа тус цомыг хүртэж, өрсөлдөгч Атлетико Минейрог 3:1 харьцаатай хожжээ.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.