EP.10 - Хязгаарлалт бол эрх чөлөө

EP.10 - Хязгаарлалт бол эрх чөлөө

Орчин үеийн нийгмийн асуудал бол хүмүүст хэтэрхий олон сонголт тулгаж буй явдал юм. Энэ олон сонголтыг хэрхэн зохицуулж, эрх чөлөөнд хүрэх талаар зөвлөж байна.

Нийтэлсэн
10 сарын 25, 2024
Хуваалцах


19. ХЯЗГААРЛАЛТ БОЛ ЭРХ ЧӨЛӨӨ

 Орчин үеийн нийгмийн асуудал бол хүмүүст хэтэрхий олон сонголт тулгаж буй явдал юм. Дэлгүүрээс нэг овьёос авах гээд орлоо гэж бодъё. Тэр тасагт дор хаяж 5-10 брэндийн овьёос байх нь гарцаагүй. Бүр дотроо янз бүрийн амттай. Шоколад, ваниль, нэрс, гүзээлзгэнэ гээд явж өгнө. Зарим нь бүр дотроо хэдэн тэрбум ашигтай бактеритай, нэмэлт сахартай, бас сахар багатай, тийм ч витаминтай, ийм ч эрүүл гэх мэт. Харж байгаад шоколадтайг нь авлаа. Маргааш өглөө босоод өнөө овьёосоо идэж байхдаа бананатайг нь авчихдаг байж уу гэж бодогдоно. Үүнийг сэтгэл судлаачид "сонголтын дарангуйлал" буюу "сонголтын парадокс" гэж нэрлэдэг. Хэтэрхий олон зүйлээс нэгийг нь сонгох хэрэгтэй болох үед бид дарамт мэдэрдэг. Нэг юм худалдаж авчхаад, дараа нь харамсаад, стресстээд л. Гэрэл зурагчин хүн олон камер, дурантай байвал зураг авахад бус алийг нь ашиглах талаараа бодоход их цаг зарцуулна шүү дээ. Харин сонголт цөөн байх тусам стресс бага, сэтгэл амар амгалан болдог. Өөрт байгаа цөөн хэрэгслээ бүтээлчээр ашиглахыг хичээгээрэй. Ийнхүү "хязгаарлалт" нь илүү сэтгэл хөдөлгөм, сонирхолтой зураг бүтээхэд тусална.

"Хэтэрхий их сонголт таны амьдралыг сүйрүүлнэ. Нэг зүйл дээр төвлөрөөд цааш нь өргөжүүл." 

- Дэвид Алан Харви

Гудамжны гэрэл зургийн олон мастерууд "нэг камер, нэг дуран" зарчмыг баримталж ирсэн. Анри Картье-Брессон гэхэд 50 мм-ийн дуран Leica хар цагаан хальсны камераараа алдартай зургуудынхаа ихэнхийг бүтээж байсан бол Алекс Уэбб ихэвчлэн Leica хальсны камер, 35 мм дуран, Kodachrome өнгөт хальс л ашигладаг байсан. Дайдо Морияма ч мөн Ricoh GR, 28 мм-ийн дуран, хар цагаан, өнгөт хальс л ашиглаж ирсэн. Мэдээжийн хэрэг Тодд Хидо зэрэг олон камер, дуран ашигласан гайхалтай гэрэл зурагчдыг дурдахгүй байж болохгүй. Хэрэв та анхлан суралцагч бол зөвхөн нэг камер ашиглах эхлэхийг зөвлөж байна. 


20. АМЬДРАЛАА БАРИМТЖУУЛ

2013 оны 1-р сард өвөө минь нас барсныг мэдээд хамгийн эхний онгоцонд суухдаа Ricoh GR1v камераа 28 мм-ийн дуран, Neopan 400 гэх 10 ороосон хальсны хамт авч явлаа. Оршуулганд камер авч явж яах гэж байгаа юм бол гэж бодож магадгүй. Зориудаар өвөөгийнхөө сүүлчийн замд үдэж буйг нь баримтжуулж авах гэсэн санаа минь тэр л дээ. Энэ камерыг сонгож авч явсан минь ч учиртай. Хальсаар авч байгаа учраас нэг зураг авчхаад л дэлгэцнээс нь хараад байхгүй. Бас оршуулгын үйл явцад илүү төвлөрч чадсан. Тэнд очиход нээрээ л хором ч сатаарахгүй байлаа. Өдийг хүртэл хийсэн цувралуудаас хамгийн утга учиртай нь "Миний өвөө" цуврал гэж санагддаг. Гудамжны гэрэл зурагчин гээд үргэлжид бусдын зургийг буулгах биш өөрийн амьдралаа баримтжуулж авах нь ямар чухал болохыг энэ цувралаас ойлгосон юм.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.