Энгийн эрхэмсэг төрхийг бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай хувцас

Энгийн эрхэмсэг төрхийг бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай хувцас

Төв дэлгүүрийн нээлтийн үеэр загварын шоу хийсэн ба бид тус шоу дээрх коллекцийн талаар Сүлжмэлийн ахлах дизайнер Ц.Энхбилэг болон Дизайны хэлтсийн дарга Милатай ярилцсан билээ.

Нийтэлсэн
8 сарын 10, 2024
Хуваалцах

Хувцас загварт дуртай, эрхэмсэг, тансаг төрх бүрдүүлдэг хүн бүрийн шүүгээнд ноолууран хувцас гарцаагүй байдаг. Аль ч улиралд ямар ч үйл ажиллагаанд өмсөхөд биед эвтэйхэн бөгөөд загварлаг сонголт болдог нь ноолуурын онцлог билээ. Монголд ирсэн жуулчин бүр Говь компанийн дэлгүүр рүү зүглэдэг нь ноолуурын чанар, загвар, үнийн хувьд дотооддоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани болсныг илэрхийлж буй юм. Биднийг Gobi Cashmere-ийн үүдэнд ирэх үед дизайны хэлтсийн дарга А.Мөнхбаяр /Мила / найрсгаар угтан авсан юм. 

Тухайн тайзан дээр Говь брэндийн классик загварууд болон наадам коллекцийн загваруудаас бүрдсэн нийт гуч гаруй төрлийн лүүк толилуулсан юм. Коллекц нь цэрэг армийн хүчирхэг хэв маягийг уусган илүү үндэсний хэв шинжийг агуулах агаад хувцас давхарлах техник ашигласан загваруудтай байв. Ноолуур гэхээр ихэнх хүмүүст зөвхөн өвөл өмсдөг, дулаахан гэх тогтсон үзэл байдаг талаар тэд дурссан юм. Гэхдээ ноолуурыг аль ч улиралд өмсөхөд тохиромжтойн дээр загварлаг харагдах бүрэн боломжтой тухай онцоллоо. 

Энэхүү коллекцид зөвхөн ноолуур гэлтгүй даавуу, торго зэрэг олон төрлийн материалтай хослуулан урлажээ. Энэ нь мөн текстайл салбарт өрнөж буй инноваци болсон аж. Ингэснээр ноолууран хувцас илүү нимгэн, олон сонголттой болоод зогсохгүй зуны халуун наранд ч өмсөхөд тохиромжтой болж байгаа юм.Говь брэндийн нэрийн хуудас гэж хэлэхүйц бар шааль нь энэ жилийн хувьд хүннүгийн үеийн түүхэн олдворуудад дүрслэгдсэн домгийн амьтдаас сэдэвлэн барлаж урласнаараа онцлогтой гэв. Сүүлийн үед дэлхий нийт хүйс харгалзахгүй өмсөх боломжтой загварыг таашаадаг болсон. Тэр утгаараа Говь брэндийн наадмын коллекцид аль ч хүйсийн хүн өмсөх боломжтой хантааз багтжээ. Шоун дээр оёмол есөн бүтээгдэхүүн, сүлжмэл гурван бүтээгдэхүүн болон гурван төрлийн шаалийг хослуулан толилуулсан төдийгүй өдгөө нийтэд тус оёмол сүлжмэл төрлийн бүтээгдэхүүнүүдийн загвар бүр нь дотроо хоёроос гурван өнгийн сонголттойгоор худалдаалагдаж байна.

Эхний алхам бол ямар өнгө төрх, хэв маяг, онцлогтой байх талаар санаагаа цуглуулж  самбар (mood board)-аа гаргана. Тэр санаагаа гаргахад хэрэглэгчдийн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага маш чухал байдаг. Судалгаа сайн байх тусам оновчтой санаа төрдөг талаар тэд хэлж байсан юм. Үүний дараа нарийн деталь хэсгийг зураад тэдгээр “sketch”-ээс сонгож загвар зохион бүтээгчдэдээ өгснөөр тэд эсгүүрээ гарган цааш үргэлжилдэг ажээ.

Энэ зуны коллекцийн загвар дээрх цэцгэн хээ нь намуу цэцгийг илтгэх ба тухайн хээний санааг монголын түүхийн музей дэх хана, хувцасны хээнээс санаа авч бүтээжээ. Moodboard өнгөц харахад энгийн зураг мэт боловч бүх л санаа өнгө төрхийг агуулдаг төдийгүй moodboard хэрхэн гаргахаас шалтгаалан “sketch”-ийн өнгө ч тодорхойлогддог.  Дизайнерууд бол загварын санаа гаргахаас эхлэн нийтэд тавигдах хүртэл цаашлаад бүтээгдэхүүн сурталчилгааны өнгө төрхийг гаргах, моделиудын имиж бүрдүүлэлт, бүтээгдэхүүний онцлогийн талаар худалдааны зөвлөхүүдэд мэдээлэл өгөх гэх мэт бүх үйл явцын турш хамт байдаг ажээ.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.