• Нүүр
  • Сэдэв
  • Мэдлэг
  • Хөтөч
© Suuder INC. All Rights Reserved.
Powered by  
Цэрэнгийн Хаш: Хальсанд үлдсэн дурсамжууд (1955–2010)

Цэрэнгийн Хаш: Хальсанд үлдсэн дурсамжууд (1955–2010)

Гэр бүлийн түүх, нандин дурсамжууд гэрэл зургийн хальсанд мөнхрөн үлдэж, цаг хугацааны урсгалд улам үнэ цэнтэй болдог билээ. Уншигч танд "Цэрэнгийн Хаш: Хальсанд үлдсэн дурсамжууд (1955–2010)” 85 насны ойн гэгээн дурсгалд зориулсан үзэсгэлэнг хүргэе.

Нийтэлсэн
Pixels
Ярилцлага
11 сарын 1, 2026
0 Сэтгэгдэл
Хуваалцах
  • Link
  • Tweet
  • Share
  • Email

Уг ярилцлагыг бид Ц.Хаш гуайн төрсөн охин,“Сурикон студио”-ийн үүсгэн байгуулагч, уран бүтээлч Х.Сүрэн (Surensuzi)-г төрөхөөс ч өмнө гэр бүлээрээ амьдарч байсан Өглөөний гудамжны байранд өрнүүлсэн юм. Өдгөө Сүрэнгийн ажлын өрөө болсон энэхүү дулаахан орон зай урьд нь аавынх нь бүтээлч өрөө байжээ. Сургуулиа төгсөж ирээд аавынхаа эд зүйлсийг өвлөж авснаас хойш тэрээр гэр бүлийнхээ түүхийг мөнхлөх хэд хэдэн том ажлыг төлөвлөж эхэлсний анхных нь энэхүү үзэсгэлэн юм. Бид аавынх нь гэгээн дурсгалд зориулан тус үзэсгэлэнг зохион байгуулж буй охин Х.Сүрэнтэй аавынх нь амьдрал, гэрэл зургаар дамжин үлдсэн өв, дурсамжийн талаар ярилцлаа.

Үзэсгэлэнг “Сурикон студио”, “Гамма” агентлаг хамтран аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 12-ны өдрүүдэд МУЗ-ийн “Улаан Гэр” галерейд олны хүртээл болгож байгаа бөгөөд архивт хадгалагдаж байсан 100 гаруй хальсны гэрэл зургууд, позитив слайдууд дэлгэгдэж буйгаараа онцлог юм.

Бидний аав, ээжийн минь хайрт хань Ц.Хаш 1941 онд Улаанбаатар хотод төржээ. Авга ах Пэрэнлэй нь олон жил Маршал Х.Чойбалсангийн жолоочоор ажилласан тул бага балчраасаа авгынхаа жолооддог төмөр хүлэгтэй танилцаж,  машин техник сонирхох болсноо дурсдагсан. Аав минь автомашины инженерээр сурч боловсрон, Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Дресден хотын Техникийн их сургуульд Техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан юм. Дүрслэх урлаг, гэрэл зурагт маш их сонирхолтой бөгөөд өөрөө зурагчин эсвэл архитектор болохыг хүсдэг байсан ч хувийн шалтгааны улмаас тэр хүслээ гүйцээж чадаагүй юм билээ. 1990 он хүртэл Автозасварын үйлдвэрт ажиллаж байгаад нийгмийн шилжилтийн үед хувиараа аялал жуулчлалын бизнес эрхэлдэг болсон. Тэр үед би төрөөд, ээж ажилдаа явж, аав намайг хардаг байлаа. Жуулчдыг хөдөө дугуйтай, гэрэл зургийн аялалд авч явж, өөрөө ч тухайн үедээ их зураг дардаг байв. Насан эцэслэх хүртлээ машины эд анги засаж янзлах зэрэг ажил хийхийн хажуугаар гэрэл зургаас огтхон ч холдоогүй. 

Маш сониуч, бизнесийн ухаантай, судлаач шинжээч хүн байсан юм. Юм олдохгүй хүндхэн цагт эвдрэл гэмтэл гарвал өөрөө засаад янзалчихна. Компьютер, төрөл бүрийн программд тун сонирхолтой байснаас гадна "Техникийн боол болж болохгүй шүү, хэрэглэж байгаа электроник зүйлсээ сайн ухаж судалж ашиглаж байх хэрэгтэй" гэж байнга захидаг байв. МУИС-д сурдаг байхдаа амьд хөгжмийн хамтлагт тоглодог байсан. Монголын хамгийн анхны цахилгаан гитарыг өөрөө урлаж байсан гэдэг. Намайг биологийн чиглэлээр сурч байхад "Амьд амьтантай ойрхон байгаад хэрэггүй, үүний оронд гэрэл зурагтайгаа ойрхон бай" гэдэг байж билээ. Гэрэл зурагтай холбоотой аав бид хоёрын дурсамж гэвэл надад "Зеныт 133" камер бэлэглэж байсан нь байх даа.

Тухайн үед хальс хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ, амьдралаа баримтжуулдаг үндсэн арга л байсан болов уу.Аав маань өсвөр наснаасаа л эхлэн гэрэл зураг авч эхэлсэн байдаг юм. Аавын маань ашигладаг байсан хальс тийм ч амар зураг авдаг хальс биш, ISO нь хэт бага гэх мэтчилэн маш их ур чадвар шаардахуйц байжээ. Боловсруулсан хальс ч бий, огт боловсруулаагүй нь ч бий. Цаг хугацаа өнгөрөх тусам өнгө нь гандчихсан, дарагдчихсан гээд хальснууд нь янз бүр болсон байсныг бүгдийг нь Гамма агентлагт аваачиж сэргээн боловсруулсан юм.

1970-аад оны эхээс 2000-аад он хүртэл хальс өргөн хэрэглээнд байсан бөгөөд 1980-аад оны эхээр өнгөт хальс түгээмэл болж эхэлж байжээ. Тухайн үед кино зураг авалт, мэдээ сурвалжилгын хальснаас тасарч үлдсэн хэсгийг авч гэрэл зураг авахад ашигладаг байсан гэдэг. Кино үйлдвэрийн хальснууд том дамартай тул тэндээс гэрэл цохиулахгүйн тулд харанхуйд гар аргаар ороож бэлтгэх нь маш нарийн ажил байсан гэдэг юм.

Энэхүү үзэсгэлэнд аавынхаа боловсруулж амжаагүй, сайтар ороож хадгалсан тэрхүү үнэтэй хальснуудаас шүүж, хамгийн сонирхолтой 100 гаруй гэрэл зургийг сонгон хүргэж байна. Ихэнх нь хөрөг зураг, байгаль, аялал,ажлын холбогдолтой дурсамж байлаа. Мөн зургийнх нь багагүй хэсгийг өндөр ур чадвар шаарддаг Орво маркийн хальс, слайд машинд хийж үзэх зориулалттай поситив хальс эзэлж байгаараа онцлог юм.

© Munkhtsetseg Nyamgerel, Noise Art Media

“Гэрэл зураг авахын тулд заавал “гэрэл зурагчин байх” албагүй.”

Кадр бүр заавал ямар нэгэн гоц бүтээл болох ёстой гэсэн хатуу хэв загварт баригдах шаардлагагүй шүү дээ. Айл бүхэнд л хором мөч бүрийг буулгадаг нэг сонирхогч байдаг. Тиймээс хүн бүр  өөрийнхөө ертөнцийг тольдож, энэ урлагтай холбогдож болно. Гэрэл зураг бол нэг талаас урлаг, нөгөөтэйгүүр амьдралыг баримтжуулах энгийн хэрэглээ юм. Бид энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулан гэр бүлийнхээ нандин дурсамжийг хуваалцахын сацуу уг төрөл ямар үнэ цэнтэй болохыг харуулахыг зорьсон. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хальсны архиваа яаж хэрэглэх, хэрхэн зөв хадгалахаа мэдэхгүйн улмаас хаяж гээсэн тохиолдол цөөнгүй. Тиймээс авдрын мухарт тань хэн нэгэн дарж үлдээсэн хальсны гэрэл зургууд байвал түүнийгээ дахин боловсруулж угаагаад дижитал болгоод ашиглаж бас болдог шүү гэдэг ойлголтыг үзэсгэлэнгээрээ дамжуулан өгөхийг хүссэн юм.

© Munkhtsetseg Nyamgerel, Noise Art Media

Ц.Хашын гэргий Ч.Энхтуяа:

"Өнөөдөр манай гэр бүлийн хувьд маш сайхан өдөр тохиож байна. Энэ жил миний ханийн 85 насны ой тохиож байгаа бөгөөд охин Сүрэн маань энэхүү сайхан үйл хэргийг санаачлан бодит ажил болгосонд их баяртай байна. Хаш маань маш олон төрлийн сонирхолтой, аливаад чин сэтгэлээсээ ханддаг сониуч хүн байсан юм. Түүний нэгээхэн хэсэг нь гэрэл зураг байв. Хальсанд үлдсэн тэрхүү үнэтэй дурсамжуудыг дахин амилуулж, үзэсгэлэн гаргаж байгаад сэтгэл маш өндөр байна. Бидний залуу нас, үр хүүхдүүдийн маань бага балчир цаг хугацааг эргэн харахад үнэхээр сайхан байна. Өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа."

© Munkhtsetseg Nyamgerel, Noise Art Media

Ц.Хашын төрсөн хүү Х.Болорсайхан:

"Аав маань гэрэл зурагт маш их сонирхолтой, уйгагүй зураг дардаг байсан нь дүү Х.Сүрэн бид хоёрт ч их нөлөөлсөн юм. Аавын минь үлдээсэн бүтээлүүд амилж, энэхүү танхимд дэлгэгдсэнд маш их баяртай байна. Өөрийн минь ч өмнө нь олж харж байгаагүй олон зураг энд байна. Бас хүүхэд насны минь нандин дурсамжууд сэдэрч, сэтгэл үнэхээр догдолж байна.

Дүү маань энэхүү төслийг санаачлан, аавынхаа бүтээлүүдийг сэргээж, олон нийтийн хүртээл болгож байгаад гүнээ талархаж байна. Энд одоогийн залуучуудын тэр бүр мэдэхгүй, тухайн цаг үеийн нийгэм, амьдралын өнгө төрхийг бодитоор өгүүлэх түүхэн гэрэл зургууд ч мөн багтжээ. Аав маань автомашины инженер хүн байсан болохоор намайг ч бас машинд их сонирхолтой болгосон. Үүний адил гэрэл зурагт дурлах болж, байгаль, хот, хүн гэсэн сэдвүүдээр зураг авах дуртай болсон доо. Аавыгаа Германы Дресден хотод эрдмийн зэрэг хамгаалж байх үед би хамт байсан гэх мэт хүүхэд насны минь сайхан дурсамжууд эрхгүй тодорч байна."

© Munkhtsetseg Nyamgerel, Noise Art Media

Ц.Хашын бэр Ү.Наранцэцэг:

"Хаш ах инженер хүн байсан болохоор техникийн өндөр мэдлэгтэйгээс гадна урлаг, уран сайхны нарийн мэдрэмжтэй, аливааг олон талаас нь эргэцүүлдэг, мэдсэн зүйлсээ бусадтайгаа харамгүй хуваалцдаг эрхэм хүн байлаа. Энд дэлгэгдсэн бүтээлүүдийг харахад монгол ахуй, монгол гэрийг харуулсан дурсамжтай кадрууд болон байгалийн үзэсгэлэнт газрууд гээд маш сайхан зургууд байна. Энэхүү утга учиртай ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа охин Х.Сүрэнд баяр хүргэе."

Цэрэнгийн ХашХальсанд үлдсэн дурсамжууд (1955–2010) 85 насны ойн гэгээн дурсгалд зориулав.

2026.10.28–11.12Улаан Гэр галерейд

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.

Категори+ interview
Ярилцлага
Хамгийн сонирхолтой яриа өрнүүлэх зочдыг уншигч та бүхэнтэй уулзуулах болно.
Унших