EP.23 - Гэрлийн зүг тэмүүл
Магнум агентлагийн гишүүн, гэрэл сүүдрийн мастер Алекс Уэббийн зөвлөгөөг энэ дугаараар хүргэж байна. Түүний 30 гаруй жилийн туршлагын үр дүнд бий болсон "Suffering of Light" цуврал 2011 онд хэвлэгдэн гарч байжээ.
43. Гэрлийн зүг
Гэрэл гэгээ энгийнийг ч ид шид болгон хувиргах хүчтэй. Грек хэлэнд “гэрэл зураг”-ийг φωτόςγραφή гэдэг бөгөөд phōtós (φωτός) нь "гэрэл", graphé (γραφή) нь "зурах" буюу "гэрлээр зурах" гэсэн утгатай аж. Зураачдын “халдлага”-д өртсөн 1800-аад оны анхны гэрэл зурагчид угтаа “гэрлээр зураачид” байсан байх нь. Үндсэндээ, уран зураачдаас ялгарах онцлог нь хэрэгсэл буюу камер л байж. Одоо бодох нь ээ, урлагийн хүмүүс “биш” гэж гүтгэн доромжлуулсныхаа хариуг гэрэл зурагчид грек хэлний φωτόςγραφή хэмээх үгээр хайцаалж "бид ч бас зураачид, гэрлээр л зурдаг юм" гэж бардамнах боломжтой байжээ.
Үргэлж гэрлийн зүг тэмүүл. Гудамжинд зураг дарахдаа гэрэл сүүдрийн харьцааг сайтар анзаар. Өдрийн нарыг алдалгүй камераа бариад гараарай. Хар цагаан зураг дээр нэмэх нь нартай өдөр. Тайлбарлах шаардлагагүй төсөөлөгдөж байгаа байх. Харин өнгөт зурагт гэрэл сүүдрийн харьцааг төгс буулгадаг тэр нэг гэрэл зурагчин бол Алекс Уэбб билээ. Түүнээс гэрэл сүүдрийн зохиомжийн талаар суралцах зүйлс их бий. Нар мандах болон жаргах үеэр гэрэл сүүдрээр тоглодог түүний арга барил гэрэл гэгээ юуг ч ид шид болгон хувиргах чадалтайг харуулдаг. Өдрийн ид нар зургийг үхмэл болгох гээд байдаг талтай. Тухайн хугацаандаа хотын хаана ямар газар их хүнтэй, зураг авахад тохиромжтой байгааг судлаад тогтоогоод авчих. Тэгээд кофе уугаад хөгжим сонсдог ч юм уу, түр амраад аваарай. Яг нар жаргах үеэр өнөө газраа очоод хормыг ч алдалгүй бүхнийг буулга. Заавал сүртэй зохиомжтой зураг авах гээд яах вэ. Нар хаашаа ч юм шингэн алга болох мөчид урсаад л өнгөрөх цаг хугацааг яаран яаран туулж буй эгэл хүмүүсийг яг тэнд нь гацааж цааш гэрлийн зүг тэмүүл.
Цуврал нийтлэл таалагдсан бол сэтгэгдэл үлдээгээрэй, дараагийн нийтлэлээр уулзацгаая!
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.