• Нүүр
  • Сэдэв
  • Мэдлэг
  • Хөтөч
© Suuder INC. All Rights Reserved.
Powered by  
Б.Очирсүрэн: Домогт хатдын түүх, соёлыг шинэ үеийнхэнд хүргэхийг зорьлоо

Б.Очирсүрэн: Домогт хатдын түүх, соёлыг шинэ үеийнхэнд хүргэхийг зорьлоо

Уран барималч Б.Очирсүрэнгийн анхны бие даасан үзэсгэлэн болох “The Legends of the Queens” (Домогт Хатад) “Хаан Галерей”-д 2026 оны 10-р сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилж байна. Тэрээр үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээ археологийн олдвор, түүхэн сурвалж болон эдийн соёлын дурсгалд тулгуурлан бүтээжээ. Уран бүтээлч шастирын дэргэдэх ажиглагч бус, цадиг түүхийг өөрсдөө бүтээлцсэн монгол хатдын сэтгэлийн ариун дотоод хүч, нийгэмд үзүүлсэн нөлөөг шинэ өнцгөөр тодруулж, дахин эргэцүүлэх орон зайг хэрхэн бүрдүүлсэн тухай бидэнтэй ярилцсаныг хүлээн авна уу.

Нийтэлсэн
Pixels
Ярилцлага
10 сарын 27, 2026
0 Сэтгэгдэл
Хуваалцах
  • Link
  • Tweet
  • Share
  • Email

Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

Намайг Бат-Эрдэнийн Очирсүрэн гэдэг. 2014 онд Дүрслэх урлагийн академийг уран барималчаар төгссөн. Аав ээж хоёр маань баримлын шавар аваад өгөхөөр л тоглоод байж байдаг, бүр багаасаа л өөр тоглоом сонирхдоггүй байсан. Бас морь зурах их дуртай хүүхэд байлаа. Би Монгень сургуульд сурч төгссөн. Тэнд уран зураг, уран барималын суурь хичээлүүд заадаг бөгөөд томоохон уран бүтээлчид хичээл заадаг байсан нь миний ирээдүйн замналд том нөлөө үзүүлсэн. 

Европ руу сурахаар яваад цар тахлын үеэр буцаад эх орондоо ирсэн юм. Тухайн үед “Чингис Хаан” музейн бүтээн байгуулалт ид өрнөж, музейд дэлгэгдэх археологийн олдворуудын дэглэлт, уран баримлууд дээр ажиллах боломж тохиосон. Мөн Үндэсний Соёлын Төвд сэргээн засварлалтын шинжлэх ухааны чиглэлээр нэг жил суралцаж, их зүйл сурч мэдсэн. Сургуулиа төгссөнөөс хойш тасралтгүй уран бүтээлээ туурвиад явж байна.

“Домогт хатад” сэдвээр үзэсгэлэн гаргах санаа анх хэрхэн төрөв?

Оюутан байхаасаа л хатдын баримлууд хийдэг байсан бөгөөд дипломын ажлаараа Алаг Бэхи хатны баримлаар хамгаалж байлаа. Уран бүтээлч хүн өөрт хамгийн ойр байгаа сэдвээр уран бүтээлээ туурвихыг хүсдэг. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү өндөр мэдрэмжтэй, тэвчээртэй, ухаантай,чадамжтай байдаг. Эмэгтэй хүнгүйгээр энэ ертөнц оршихгүй шүү дээ. Агуу хаадыг эмэгтэй хүмүүс төрүүлж, өсгөж бойжуулаад зогсохгүй хажууд нь түшиг тулгуур болж, агуу гүрнүүдийг босгон байгуулахад домогт хатад ард нь байсан. Тиймээс эмэгтэй хүнийг хүндэтгэх үнэ цэнийг бодож, анхны хүрлийн баримлын энэхүү үзэсгэлэнгээ дэлгэж байна.

“Чингис Хаан” музейд ажиллаж байхдаа монгол хатдын түүх, эдэлж хэрэглэж байсан хувцас, гоёл чимэглэл, археологийн үнэт олдворуудын талаар бүгдийг судалж мэдэж авсан. Хүннүгийн эзэнт гүрэн, Монголын эзэнт гүрэн, Их Юань болон 15-р зуунаас 19-р зуун хүртэлх монгол хатдыг он цагийн дарааллаар бүтээсэн. Музейд хүмүүсийн тэр бүр харж чаддаггүй монгол хатдын тансаг төрх, хувцас хэрэглэл, соёл ахуйг шинэ үеийн залуучууддаа үзүүлэхийг зорьсон юм.

Уран баримлын төрлүүд болон энэ удаагийн үзэсгэлэнгийн бүтээлүүдийн тухайд?

Уран баримал буюу сонгодог хийцийн төрөл гэж бий. Харин том хэмжээтэй хөшөө зэргийг монументаль баримлын төрөлд хамааруулдаг. Уран баримал бол сонгодог урлагийн өвөг буюу эртнээс гаралтай, уран бүтээлчээс маш их цаг хугацаа, хөдөлмөр шаарддаг урлагийн нарийн төрөл юм. Тухайлбал, энэхүү үзэсгэлэнгийн санааг 5 гаруй жилийн өмнөөс бодож эхлээд, энд дэлгэгдсэн 7 том хэмжээний хүрэл, ган цутгуураар хийсэн бүтээлүүд нийт 3 жилийн хугацаанд бүтсэн.

Хүний царай төрх, зан аашийг баримлаар гаргахад юуг голлон анхаардаг вэ?

Уран баримлаар хүний царай төрхийг дүрслэх нь тун ярвигтай. Тухайн хатдыг яг ийм царайтай байсан гэж харуулах баримтат гэрэл зураг байхгүй шүү дээ. Тиймээс монгол эмэгтэй хүний царай төрх, төв азийн эмэгтэй хүний тухайн үеийн биеийн бүтэц, анатоми, гавал толгойн онцлог зэрэг мэдээлэл дээр тулгуурлаж, уран бүтээлч өөрийн дотоод мэдрэмжтэйгээ уялдуулан урладаг.

Зарим хатдын харц тайван амгалан бол зарим нь илүү сүр хүчийг үзүүлсэн шийдэмгий, зоригтой төрхтэй байх жишээтэй. Мөн гарын хөдөлгөөн хүртэл олон зүйлийг илэрхийлдэг. Уран баримал бол угаас цэвэр мэдрэмжийн урлаг юм.

Бүтээл төрөн гарах үйл явц хэрхэн өрнөдөг вэ?

Эхлээд санаагаа гаргаад, скеч зурна. Мэргэжлийн баримлын шавраар төмөр карказ зангидаж байгаад моделио гаргана. Түүнээсээ хэв аваад, хатуу материал болгон цутгуурын үйлдвэр рүү тээвэрлэнэ. Энэхүү бүтээлүүд Хятадын Хибэй мужид цутгагдсан бөгөөд маш хол замыг туулдаг гэсэн үг.

Овор хэмжээ нь том учраас моделио хэсэг хэсгээр нь салгаж авч яваад үйлдвэр дээр угсарч янзалдаг. Угсарсны дараа дахин металын хэв авхуулдаг буюу нэг бүтээлийг хoрэлээр цутгахын тулд 3 удаа хэв авдаг. Маш өндөр температурт хүрлийг хайлуулж, том үйлдвэрт уран сайхны хүрэл цутгуур хийдэг бөгөөд Монголд ийм хэмжээний үйлдвэр байдаггүй юм.

Өмнө нь би европт амьдардаг монгол уран бүтээлчидтэй хамтран Австри улсад 4 хамтарсан үзэсгэлэнд оролцож байсан. Аз завшаан тохиож Венийн Дэлхийн музейд (Weltmuseum Wien) бие даасан баримлын үзэсгэлэнгээ гаргах боломж олдож байлаа. Маш том музей тул хугацаа нь маш шахуу байсан. Харин одоо монголд дэлгэж буй анхны бие даасан үзэсгэлэнгээ урт хугацаанд Хаан галерейд гаргаж, олон хүн үзэж байгаад баяртай байна. 

Монгол дахь уран баримлын салбарын хөгжил болон залуу уран бүтээлчдэд хандаж юу хэлэх вэ?

Монголд уран баримлын салбар хөгжлийн хувьд нэлээд ахиц дэвшилтэй явж байгаа гэж хардаг. Гэхдээ уран барималчид үзэсгэлэн гаргахад цаг хугацаа, санхүүгийн хувьд асар их зүйл шаарддаг тул ойр ойрхон гардаггүй. Олон шат дамжлагатай учраас 3-4 жилд нэг л удаа том баримлын үзэсгэлэн гардаг юм. Түүхэн сурвалжаас сэдэвлэсэн, зөвхөн домогт хатдыг онцолсон ийм үзэсгэлэн өмнө нь гарч байгаагүй юм.

Маш сайн хөдөлмөрлөж, юм сайн уншаарай гэж залуучууддаа хандаж хэлмээр байна. Уран бүтээлчдэд тохиолдох хүндрэл бэрхшээл гарах бүрд битгий шантраарай. Өвөг дээдсийнхээ түүхийг бас маш сайн судлаарай гэж зөвлөмөөр байна. Үзэсгэлэн үзэж байгаа нийт үзэгчдийн дийлэнх хувь нь залуучууд байгаад маш их баяртай байна. Залуучууд маань үзээд сайхан сэтгэгдлүүд үлдээж байгаад уран бүтээлчийн хувьд урам зориг дүүрэн байна.

Гэрэл зургийг: ©Myagmardorj Ochirkhuyag @maagaa

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.

Категори+ interview
Ярилцлага
Хамгийн сонирхолтой яриа өрнүүлэх зочдыг уншигч та бүхэнтэй уулзуулах болно.
Унших