
Honeydip хамтлаг монголд
Монголын инди болон амьд хөгжим сонирхогчдын хувьд нэгэн онцгой үйл явдал тохиож, Японы shoegaze, dreampop урсгалын төлөөлөл “Honeydip” хамтлаг анх удаа Монгол улсад хүрэлцэн ирлээ. 1990-ээд оны сүүлчээр Токио хотоос төрөн гарсан тус хамтлаг нь “Summer’s Gone” дуугаараа сонсогчдын сэтгэлд гүн хоногшсон билээ. Арваад жил завсарласны эцэст эргэн нэгдэж, хөгжмийн замналаа дахин эхлүүлсэн тэд NarBar-ын тайзнаа сонсогчидтойгоо уулзсан юм. Хамтлагийн гишүүдтэй Монголд ирсэн сэтгэгдэл, shoegaze хөгжмийн мөн чанар болон тэдний дотоод ертөнцийн талаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
Монголд ирсэн сэтгэгдэл ямар байна вэ?
Маш баяртай, хөгжилтэй, бидний бодож байснаас ч илүү сайхан байна. Урьд нь Монголд ирж тоглоно гэж огт төсөөлж байгаагүй. Мөн эндхийн хүмүүс ямар төрлийн хөгжим сонсдогийг ч сайн мэддэггүй байлаа. Японд бол "Монгол" гэхээр хүмүүс ихэвчлэн Асашёорюү эсвэл Чингис хаанаар л төсөөлдөг шүү дээ. Өөр юу байдгийг бид ч сайн мэддэггүй байсан.
Өнгөрсөн жил нэгэн хөгжмийн наадамд оролцох талаар яригдаж байсан ч тухайн үедээ ирж амжаагүй юм. Түүнээс хойш л "Монголд очиж тоглох юмсан" гэх хүсэлтэй болцгоосон. Ингээд нэг жилийн дараа мөрөөдлөө биелүүлж, Монголд тоглолтоо хийхээр ирсэндээ үнэхээр их баяртай байна.
Гэрэл зургийг: @D.Zandanbat/ Gamma Agency"Honeydip" хамтлаг анх хэрхэн бүрэлдэж байсан бэ? Мөн хэрхэн эргэн нэгдсэн талаараа хуваалцаач?
Энэ талаар яривал нэлээд урт түүх болно байх. Хамтлаг анх байгуулагдах үед бид 20, 30-аад настай залуус байлаа. Тэгээд тодорхой шалтгаануудын улмаас хамтлаг маань тарсан юм. Гэтэл бидний дуу YouTube хуудаснаа тавигдаж, яг ковид цар тахлын үеэр хүмүүс маш их сонссон байсан. Түүнийг дагаад "Энэ хамтлаг хаачсан юм бол?", "Яагаад тоглохоо больчихсон юм бэ?" гэх асуултууд ч их ирэх болсон.
Тэр үед бидэнд хамтлагаараа эргэн нэгдье гэх бодол шууд төрөөгүй. Харин 2023 оны 11-р сард нэгэн зүйл тохиолдож, буцаад тоглох сэдэл төрсөн юм. Үүнээс хэдэн жилийн өмнө нэгэн Хятад кинонд бидний хөгжмийг ашиглах санал ирж байлаа. Тэр киноны дууны санал ирэх үед бид хоорондоо холбогдоогүй бараг 10 гаруй жил өнгөрсөн байсан. Тэгээд тэрхүү саналаас үүдэн "Хамтдаа нэг уулзаж ярилцъя" гээд цугларцгаасан юм. Тэр урт хугацаанд бөмбөрчнөөс маань бусад нь өөр өөр хамтлагт хөгжмөө тоглосоор байсан бол бөмбөрчин маань л ганцаараа хөгжмөөс нэлээд хөндийрсөн байсан. Ингээд 2024 оны өвөл бид хамтлагаараа дахин уулзаж ярилцаад, албан ёсоор эргэн нэгдэхээр шийдсэн дээ.
Монгол дахь shoegaze урсгалын талаар юу гэж бодож байна вэ?
Монголын залуу үе, хөгжмийн чиг хандлагын талаар огт мэдээгүй байсан. Монголд яагаад shoegaze жанрт ингэж их дуртай болсон юм бол гэж гайхаж байлаа. Хөгжмийн наадмуудын тусламжтайгаар олон шинэ хамтлагууд төрөн гарч, нээгдэх болсон юм байна. Сүүлийн жилүүдэд Хятад, Америк зэрэг газруудад ч shoegaze урсгалыг маш ихээр сонсох болсон нь анзаарагдсан. Монголын залуу үеийн хөгжим сонирхогчдод барууны гэхээсээ илүү Азийн орнуудын shoegaze хамтлагууд илүү их нөлөөлдөг юм шиг санагдсан.
Гэрэл зургийг: @D.Zandanbat/ Gamma AgencyХамтлагийн гишүүд хөгжмөөсөө гадна биедээ байнга авч явдаг зүйлс юу вэ?
Шибүяа Жүн (Вокал): Энэ амны хаалт буюу маскыг байнга биедээ авч явдаг. Дуучин хүн учраас хоолойгоо маш сайн хамгаалах хэрэгтэй байдаг тул дандаа маск зүүдэг.
Такахито Кажимото (Басс гитар): Гар утас л байх даа. Утас байхгүй болвол "Одоо яана даа" л гэж боддог.
Хаяашима Сато (Бөмбөр): Надад халуун газар байх их хэцүү байдаг юм. Тийм болохоор сэрүүцүүлэгч (cooler) байнга авч явдаг.
Ёшимицү Авазү (Гитар): Би "Кинако" (Kinako) гээд шар буурцгийн нунтаг хаана ч явсан авч явдаг.
Та бүхэн хамгийн их урам зориг авдаг хөгжим болон хамтлагуудаасаа нэрлэвэл?
Шибүяа Жүн: 1980-аад оны хөгжмүүд, тэр дундаа The Cure, David Bowie нараас их урам зориг авдаг.
Такахито Кажимото: Japan хамтлагийн басс гитарчин Mick Karn, мөн Duran Duran хамтлагийн басс гитарчин John Taylor нар бол миний хувьд хамгийн том inspiration.
Хаяашима Сато: Ойрын үед шинэ хөгжим тийм ч их сонссонгүй. Харин 1980-аад оны хөгжим сонсохоор л залуу үе маань санаанд орж, ихэд догдолж хүлээж авдаг. Сэтгэл хөдлөлд автдаг (emotional) гэх үү дээ, гэхдээ маш эерэг утгаараа. Бас ойрд надад Монголын уран бүтээлч Magnolian маш их таалагдаж, маш их сонсож байгаа.
Ёшимицү Авазү (Гитар): Надад яг энэ хамтлаг, эсвэл тэр цомог гэж онцлох зүйл байхгүй ээ. Төрөл бүрийн л хөгжим сонсох дуртай. Хөгжмийн платформууд дээр санал болгож гарч ирдэг янз бүрийн хөгжмүүдийг сонсдог.
Гэрэл зургийг: @D.Zandanbat/ Gamma AgencyЦаашдын төлөвлөгөө болон сонсогчдодоо хандаж хэлэх үг?
Сэтгэл маш өндөр, их жаргалтай байна. Дараа Монголд заавал ирэх болно оо. Биднийг дэмждэг сонсогч нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Цаашдын төлөвлөгөөний тухайд, яг одоо бид шинэ уран бүтээлүүд дээрээ ажиллаж байна. Ирэх жил боломжтой бол шинэ цомгоо гаргахаар төлөвлөж байгаа. Ярилцсандаа маш их баяртай байна, баярлалаа!
Гэрэл зургийг: @D.Zandanbat/ Gamma Agency
Гэрэл зургийг: @D.Zandanbat/ Gamma AgencyТа бүхэнд ч бас цаг гарган ярилцсанд маш их баярлалаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.