If Only I Could Hibernate / Баавгай болохсон (Behind the scene)
“Бид утаагаар бус харин ахан дүүсийнхээ ядуурлаар амьсгалдаг. Сайн боловсрол л биднийг энэ намгаас гаргаж чадна” гэх хүчтэй дуу хоолойг найруулагч П.Золжаргал “Баавгай болохсон” киногоор дамжуулахыг хүссэн билээ. Тэр хүсэл тэмүүллийн цаана амьдралын олон эгшиг ноот хөвөрч байсныг энэхүү бичвэрээрээ уламжлан хүргэх гэж буйдаа туйлын таатай байна.
Урт цагааны үзүүрт орших дэн буудлын нэг давхарт жижигхэн атлаа цаанаа нэг тухтайхан өрөөнд оффислож суух хүмүүс бол “Баавгай болохсон” киноны арын албаны ажилчид. Нэг өрөө байрыг гурван хэсэг болгоод хуваачихсан гэмээр. Тэр өрөөний арай илүү зайтай хэсгийг нь том өрөө гэх ба гурван ширээ, хэдхэн сандалтай агаад тэнд хүмүүсийн чадлаараа цуглуулсан зөөврийн компьютер, принтер, бичиг цаас байрлана. Харин ханаар нь дүүрэн өнгө өнгийн цаас наасан байх нь эгээ л ийм ханын цаастай өрөө юм уу даа гэж бодогдохоор. Голын нарийхан хэсэгт нь харин уулзалт хийх булан байна. Гэхдээ яваандаа тэнд жүжигчдийн хувцас, жижиг хэрэглэл орж ирсэн учраас продакшн багийн мэдэлд очсон гэж хэлж болно. Хамгийн сүүлд үүдний хэсэг. Тэрийг гал тогооны булан гэж нэрлэдэг. Цонхны тавцан дээр нь хүн болгон өөрсдийн цайны аягаа тавина. Хажууд нь кофе чанагч болон богино долгионы зуух байрладаг. Харин хажуугийн ширээнд бөөнөөрөө суугаад өдрийн хоолоо идэж, цай ууцгааж, өдрийн хачир нэмэх ярианууд тэр ширээний эргэн тойронд л өрнөнө. Тэнд ажиллах хүн бүрд өөр өөрсдийн гэсэн оноосон үүрэг байх ба их л хөл хөдөлгөөнтэй завгүй агаад нэг л ер бусын үнэр ханхалдаг байв. Одоо бодоход тэр дотно үнэрийг би “халуун дулаан уур амьсгал” юм байна гэж боддог.
ЭХЛЭЛ
Төгсөх курсийн өвлийн амралтаар өөрийн хүсэл мөрөөдлийг дагаад хамгийн анх найруулагч П.Золжаргалтай (Зоро) эгчтэй уулзаад кинонд нь ажилламаар байгаагаа хэлэхэд надаас “Чиний дуртай кино чинь юу вэ? Яагаад дуртай вэ? Тэгвэл дуртай найруулагч чинь хэн бэ? Яагаад дуртай вэ?” гэж асуухад л энэ миний байхыг хүссэн газар мөн юм байна, юу ч болсон ямар ч үнээр хамаагүй би энд ажиллана гэсэн бодлыг өвөртлөөд энэ багт нэгдэж орж байв.
Кино сонирхогч, шимтэн үзэгч гэдгээс бусдаар бол цав цагаан цаас шиг надад ерөнхий хувцасны дизайнер Ц.Ариунсэтгэл (Сэги) эгчийнхээ доор хувцасны туслахаар ажиллах боломж олдов. Ер нь киноны жүжигчид, найруулагч, зохиол, план л надад сонирхолтой санагдаж байснаас биш тухайн жижиг хэрэглэл, хувцас, тайзыг анхаарч байгаагүй хүний хувьд хувцас дээр ажиллана гэдэг яг л үл мэдэх нэгэн том ертөнц рүү шумбачих шиг л санагдсан. Сэги эгчтэй цуг өглөө гаргаад л хотын бүхий л комисс буюу хуучин хувцасны дэлгүүрээр хэснэ. Нарантуулын комисс бараг миний хамгийн дуртай хэсэг байх. Хувцас дээр төсөвлөсөн төсөв харьцангуй бага байсан тул хамгийн чухал гэсэн хувцаснуудаа бид хоёр худалдаж авчхаад (хамгийн үнэтэй нь гол дүрийн хүүгийн пүүз) бусад хувцсаа ид шидийн оронд хандивлагдсан хувцаснаас сонгож бэлтгэсэн юм. Гэхдээ ид шидийн оронд ихэнхдээ хүүхдүүдэд зориулж хувцас ирдэг тул том дүрүүдэд өмсүүлчих хувцас олдоогүй тул Сэги эгч өөрийн хүүхдүүдийнхээ хувцаснаас, би өөрийнхөө арай том гэсэн ганц, хоёр хувцсаа цуглуулаад бүрдэж байв. Дараа нь бид хоёр зохиолоо хэд хэдэнтээ уншаад энэ хувцсыг энэ дүрдээ, энэ хувцас мөн энэ сцен дээр орох юм байна гээд чамбай гэгч нь төлөвлөгөөгөө гаргаж сууна. Хамгийн анх зохиолоо уншсан сэтгэгдэл болон давтаж уншсан сэтгэгдэл түүнээс хойш ер өөрчлөгдөж байгаагүй. Яаж ингэж сайн бичсэн юм болоо, дүр болгон өөрийн утга учрыг тээж, нэг дүр нөгөө дүрээ дэмжиж, үйл явдал бүхэн өөр мэдрэмж үлдээж байсан нь намайг дандаа гайхшруулдаг байв. Тэр ч утгаараа уг зохиолыг унших тоолонд найруулагч П.Золжаргалын 6 жил хөгжүүлсэн зохиолын хүч хөдөлмөр, чин сэтгэл надад болоод манай багийнхны сэтгэлд гүн хүрч асан болов уу.
ТӨРСӨН ӨДРИЙН ХАНДИВ БОСГОЛТ
Би одоо хүртэл энэ киног бүтээхэд хэр хэмжээний төсөв хэрэгтэй байсан талаар сайн мэдэхгүй ч Зоро эгч “ Хамгийн түрүүнд бид хүүхдүүдтэй ажиллаж байгаа, мөн манай багийн гишүүд хэн нэг аав ээжийн хайртай хүү, охин. Хэн нэг айлын хайртай аав, ээж нь учраас хүмүүсээ даруулахгүй, өлсгөхгүй, 24 эсвэл 48 цагаар тасралтгүй ажиллуулмааргүй байгаа учраас хүссэн санхүүжилт маань үнэхээр хэрэгтэй байсан” гэж саяхан ярилцах үедээ хэлж байсан юм. 2022 оны 1 сарын 14, зураг авалт эхлэхээс 5 хоногийн өмнө зураг авалтанд дутагдаж байгаа төсвөө босгох үүднээс хандив босгох бяцхан үйл ажиллагааг Зоро эгч өөрийн төрсөн өдрөөр зохион байгуулж байв. Уг үйл ажиллагаанд сайн дурын байгууллага, албан байгууллага хийгээд хувь хандивлагч нар 5,000 төгрөгөөс эхлээд чадах чадахаараа туслахыг хичээсэн. Хэдий байгаа төсөвтөө тааруулаад эхэлж болох байсан ч энэ бүхний ард яг л стандартын дагуу, сэтгэл хангалуун зураг авалтыг хийхийг хүссэн сэтгэл байсан юм. Мэдээж уг хүмүүсийн ачаар бид бүхэн өглөө, өдөр, оройн хоолтой, аюулгүй зорчих унаатай, ханиад хүрэхгүйн тулд витамин C, D-тэй, идэр хүйтэнд дулаацуулагч биеийн халаагчтай байсан шүү гэдгийг хувьдаа онцолж талархмаар байна.
ХАЛУУН ДУЛААН ЗУРАГ АВАЛТ
Зураг авалтын үед кино багийн итгэлцэл, дэмжлэг ялангуяа идэр хүйтний үед бие биеэ дэмжиж сонсох, багаар ажиллах нь хамгийн чухал байдаг тул яаж уг баг хамт олноо бүрдүүлсэн талаар Зоро эгчээс асуухад “Анхны бүрэн хэмжээний киногоо хийх гэж байгаа залуухан мөн эмэгтэй найруулагчийн хувьд намайг сонсдог, ойлгодог хүмүүсээр багаа бүрдүүлэхийг хичээсэн. Яг хүмүүстэй уулзаад ярианы өнгө төрх, байдлаас нь ямар хүн бэ гэдэг нь шууд мэдэгддэг. Жоохон ширүүн авиртай, ярьж байгаа зүйлийг маань сонсохгүй эсвэл дээрэлхүү зантай байвал за энэ миний ажиллах хүн биш юм байна гэж мэдрэгддэг. Тэгээд хамгийн түрүүнд “Шар автобус” богино кинон дээр хамтарч ажилласан зураглаач Д.Давааням бол яг намайг сонсдог, сонсоод дараа нь өөрийн өнцгөө тайлбарлаж хэлдэг, хүнд зураг авалтын үед багаа хөгжөөж сэтгэл зүйгээр нь дэмждэг байсан. Мөн нэг удаа гэрлийн найруулагч Б.Төгсөө маань ‘За, энэ хэсгийг авлаа’ гэж намайг хэлэхэд хажуугаас ‘Зоро, саяны хэсэг чамд яг таалагдаагүй тэ, чи найздаа 15 минут л өгчих дахиад гэрлийг нь өөрчлөөд энэ хэсгийг авъя' гэж байсан. Тийм үед уг нь би бараг гуйх байтал Б.Төгсөө өөрөө тэгж мэдэрч асуусан нь энэ хүн намайг үнэхээр сайн мэдэрч, дэмжихийг хичээдэг болохыг нь ойлгосон. Манай продакшн дизайнер Ц.Ариунтөгс ах бас дандаа хөгжилтэй зүйлс ярьж бид бүхнийг хөгжөөдөг, ажлаа ч яг таг хийдэг тийм хүн. Ко-продюсер С.Батхишиг эгч маань багаа бас сайн анзаардаг. Тэнд нэг хүн уурлаад яваад байвал очоод яасан ийсэн гэж асуугаад, өөр хүн ажлаа цалгардуулаад байвал очиж нэг загнаад, тусламж хэрэгтэй хүн байвал өөрөө гар бие оролцоод гүйдэг. Дууны найруулагч Зэндмэнэ-Эрдэнэ, дууны оператор Билгүүн нар маань үнэхээр мэргэжлийн хүмүүс. Зураг авалтын сет бэлэн болоод бүгд өөр өөрсдийн юмаа бэлдээд дуусахад тэр хоёр маань аль хэдийн бэлэн болчихсон, яг зураг авч байхад ямар нэг чимээ шуугианыг сайн анзаардаг гэх мэт энэ бол яг мэргэжлийн зан чанар байгаа юм. Манай 1-р найруулагч Г.Бямбажаргал 2-р найруулагч М.Алтаншагай нар бол бас үнэхээр алтан гартай залуучууд шүү. Сэргэлэн, цовоо, жүжигчдээ, баг хамт олноо сайн авч явсан. Хишгээ эгч, Бямбаа, Шагай нарынхаа ачаар зураг авалтын үед би зөвхөн дүрсээ яаж гоё авах уу л гэж бодсон. Тэрнээс цаадах арын бүх ажлыг энэ хүмүүс маань нугалж өгч байсан. Тэгээд энэ мэт өөрийн яг хүссэн хүмүүсээр багаа бүрдүүлсэн учраас зураг авалт маань маш халуун дулаан болж өнгөрсөн.”
Зураг авалтын өглөө бүр бид өглөө 06:00 цаг гэхэд оффис дээрээ цуглаад тухайн өдрийн зураг авалтын зүйлсээ зэхэж аваад өөрсдийн ид шидийн автобусандаа суугаад явдаг байлаа. Хотын хөл хөдөлгөөн арай эхлэх болоогүй ч тэнд байгаа хүмүүс үргэлж л аз жаргал бялхсан байгаа нь харагддаг байв. Эсвэл би л ганцаараа жаргалтай байсан юм болов уу? Гэхдээ тэгж бодохгүй байна аа. Дөнгөж сэрээд шууд ирсэн багийнхан маань өглөөдөө халуун аарц, кофе, боорцгоо идээд ажилдаа орцгоодог байв. Хүнд зураг авалтын үед бол амттай хоол үнэхээр жаргал шүү.
Хүүхдүүдтэй ажиллах үнэхээр баяр хөөр нэмдэг юм байна гэж уг киноны ачаар ойлгож авсан юм. Заримдаа би өөрөө ч хүүхэд бил үү гэж бодоод хамт тоглодог, найзалдаг болчихдог юм билээ. Гэхдээ тэр хэрээрээ хүндхэн сцен, диалоги мөн туршлагагүй учир хүүхдүүдтэй ажиллана гэдэг найруулагч хүний хувьд бас нэг хүнд даваа байдаг байх. Яг энэ талаар найруулагч Зоро эгчээс асуухад “Эхлээд би жүжигчин хүүхдүүддээ өөрийн юу мэдэрч, юунд эмзэглэж уг киног хиймээр байгаагаа цаашлаад энэ хэсэг дээр яагаад ингэж оруулмаар байгаагаа хэлтэл намайг маш сайн ойлгосон. Хүүхдүүдийн хувьд ч том хүмүүс өөрсдийнх нь яриаг сонсдоггүй л болохоос бидэнтэй адил хэлмээр байгаа тэр бачуурал, эмзэглэл бий. Тэрийг нь л кинон дээрээ гаргаж ирсэн. Киноны зарим хэсэг дээр ёс бус үг хэллэг агуулагддаг. Гэхдээ энэ бол үнэхээр бодит байдал. Хажууд нь хүн байхгүй л бол хүүхдүүд бие биетэйгээ ялангуяа хөвгүүд нэгэнтэйгээ нэг л үйл үгээр ярьдаг. “П.., Г..” гэдэг үгийг хэлдэг нь үнэн учраас түүнийг ний нуугүй киноны нэг хэсэг болгож оруулсан. Гэхдээ жүжигчин хүүхдүүддээ тайлбарлаж хэлэхдээ ‘Энэ бол зөвхөн зохиолын дүр болох Гаригийн л үг шүү. П.Батмандахын үг биш. Энэ л зөвхөн Гаригийн л түүх’ гэдгийг сайн тайлбарлаж хэлдэг байсан.”
Олон газруудаар очиж зураг авалтаа хийсэн ч хамгийн гоё байршил нь миний хувьд ногоон нуурын цэцэрлэгт хүрээлэнгийн коток байсан. Яг уулын хонхорхойд оршдог энэ цэцэрлэгт хүрээлэн зундаа нуур болоод өвөлдөө коток болчихдог юм байна лээ. Хамгийн дээр нь гараад шаргалтан жаргах нарыг, анир чимээг эвдэх хүүхдүүдийн инээд, чимэглэл болгон өлгөсөн өнгө өнгийн туузан гэрлүүд үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Харин хамгийн хэцүү зураг авалтын байршил зайсан толгой байсан. Бүх багаараа зайсан толгой руу гарах амаргүй байсны дээр салхитай хүйтэн өдөр байсан тул найруулагч ‘cut’ гэж хэлэхэд л дулаан хөнжлөө бариад гүйж очиж жүжигчдээ хучдаг байв. Киноны хамгийн гол хүмүүсийн нэг бол яах аргагүй жүжигчид учраас ханиад хүргэчих вий, дааруулчихвал үгээ сайн тод хэлж чадахгүй болохоор үргэлж халуун цай, дулаан хөнжлөөр хучдаг байсан сан.
ТӨГСГӨЛ ХИЙГЭЭД ЭХЛЭЛ
Ийнхүү 2 сар үргэлжилсэн зураг авалт дуусаж Post-production-ын ажил руу найруулагч маань орсон юм. Post-production-ын ажил дээр би байгаагүй тул найруулагч Зоро эгчээс ямархуу үйл явцтай болж дууссан талаар, сүүлд киногоо үзэхэд зарим хэсэг маань хасагдчихсан байсан, яагаад хассан мөн киноны дууны хувьд яагаад ингэж онцолж авч сонгосон талаар асуусан юм. Харин эл асуултын хариу болгож тэрээр “...Уг киноны ард мөн манай франц Продюсер байсан. Тэр продюсер маань хэд хэдэн эвлүүлэгч нарыг надад санал болгосон. Тэр дунд миний үзээд урам авсан Shahrbanoo Sadat найруулагчийн The orphanage киноны эвлүүлэгч Alexandra Strauss байсан. Эдгээр хүмүүстэй zoom call хийн танилцаж, мөн таалагдсан болохоор эвлүүлэгчээрээ сонгосон. Кинонууд нь оскар авч байсан, Венецийн алтан арслан авч байсан туршлагатай хүмүүс шүү дээ. Тэгээд яг уулзаад үзсэн чинь санаснаас маш энгийн, даруухан мөн хүн сонсдог эмэгтэй байсан. Ер нь хүн чаддаг байх тусмаа л даруухан байдаг юм билээ. Монголд байхдаа би ерөнхий хар монтажаа гаргачихсан байсан. Тэгээд би өөрөө бүтээгч болохоор, яаж зовж авснаа мэдээд байгаа болохоор нэгийг нь хасаж чадахгүй Alexandra Strauss-руу 2 цаг 10 минутын хар монтажаа явуулаад намайг очихоос долоо хоногийн өмнө кинон дээр маань ажиллаад тэгээд хамгийн анх гар хүрсэн киногоо үзсэн чинь аймар гоё болчихсон, гацаад байсан хэсэг нь учиртай болчихсон байсан. Тэгээд тэндээсээ мэдээж өшөө илүү зүлгэсэн. Тэгээд Alexandra Strauss ‘Чи энд хэлэх гээд байгаа хэсгийг энэ хэсэгт хэлчихсэн болохоор дотроо дахиад давтаад байна. Тэгээд давтаад байхаар үзэгчдэд сайхан мэдрэмжийг өгөхгүй.’ гээд аваад хаячхаж байгаа юм. Гэхдээ тэгж хэлэхдээ яагаад энэ хэсгийг авч байгаа юм гэдгээ дандаа баримттай, утга учиртай тайлбарладаг байсан. Тэгээд манай Alexandra Strauss хөдөө эдлэндээ ногоо, мод тарьдаг хүн. Нэг удаа надаас манай эдлэн зоог барья гэж уриад очиж байсан юм. Тухайн эдлэн дээр нэг мод аягүй гоё гөлөглөөд, ургаж байсан чинь тэр мөчрийн шууд тариад авчихсан. Аягүй гоё цэцэг байсан ч хайр найргүй тайраад л. Гэхдээ моднууд нь хачин гоё хэлбэртэйгээр ургаад улам үзэсгэлэнтэй харагдаж байсныг санаж байна. Тэгээд нэг ёсондоо ‘cut’ хийсэн хэрэг байж л дээ. Тэр нь тухайн модыг өвтгөхдөө биш харин илүү гоё харагдуулах гэж, бүр ч үзэсгэлэнтэй байлгах гэж cut хийсэн аж. Ингэж л надад энэ хүн миний киног илүү гоё болгох гэж шаардлагагүй нуршуу хэсгийг авч хаяж байгаа юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн. Хөгжмийн хувьд бол би угаас л хөөмий ашиглахыг хүссэн. 2017 онд дөнгөж зохиолоо бичээд явж байхад routes nomades гэдэг холбооноос гаргасан хөөмий сонгомол цомог сонсоод ёс заншлаа сайн мэдэхгүй надад тэр цомог бүхэлдээ үнэхээр таалагдсан юм. Тэр нь Johanni Curtet хэмээх угсаатан зүйч, Монгол хөгжмийг 20 гаруй жил судалсан хүн. Судалгаа хийх үедээ Ховд аймгийн Чандмань суманд очиж хөөмийлж сурсан хүний санаачилсан ажил болж таарсан. Тэгээд яг л энэ хүнээр хөгжмөө бичүүлэхийг зорьсон болохоор холбогдоод ‘post-production-ын мөнгөө олоогүй байгаа ч би таны хөөмийг ашигламаар байгаа тухай дуулгаж санал тавьсан даа. Та миний хөгжмийг хийгээд өгч болох уу?’ гэж намайг асуухад ‘Би энэ ажилд чинь оролцмоор байна. Мөнгө битгий бод оо’ гээд байж байтал төд удалгүй ертөнц дэлхий дэмжиж тэтгээд буй мэт post-production багтаа зарцуулах мөнгө бүтчихсэн. Ингээд би түүнд ‘Би мөнгө олсон, post-production ажлаа Франц улсад хийе. Хоёулаа хөгжмөө францад бичүүлнэ шүү’ гээд л баяртай нь аргагүй хэлснээ санаж байна. Улаанбаатар маань уудам монгол нутгийн өнцөг булан бүрээс шилжин суурьшсан нүүдэлчдийн хот. Тэгээд ч зогсохгүй тэдгээр үндэстэн, ястан овог аймгуудын эртнээс өвлөгдөж ирсэн онцгой хөг аялгуугаар дүүрэн баялаг. Нүүдэлчин түмний хөгжим эгшиг гэдэг бүхэл бүтэн тусдаа агуу соёл юм. Орчин цагт хип-хоп, бит бокс гээд урсгал, төрлөөрөө олон салаа байдаг шиг. Тэгэхээр гол дүр маань ч өөрөө хөдөөнөөс хотод шилжин ирсэн. Нүүдэлчин хөг эгшиг байхад мөн орчин цагийн хөгжим оршдог үеийн хүүхэд. Тэгэхээр үүнийг Johanni Curtet маш сайн мэдэрч, энэ хоёр хөгжмийг хослуулъя гээд гайхалтай хөгжим бичиж өгсөн.” хэмээв.
Уран зураг, гэрэл зураг, бичиглэл, дүрслэхүйн урлаг гээд бид бүхний дотор өөр өөрсдийн илэрхийлэхийг хүсдэг ‘хэл’ олон янзаар илэрч гардаг шиг найруулагч П.Золжаргал ч мөн өөрийн хэлээр дамжуулан дуу хоолойгоо түгээхийг зорьсон нь энэ ажээ. Тэрхүү дуу хоолойны нэг ноот эгшгийг сонордуулахыг хичээсэн миний бичвэрийг энд хүртэл уншсанд баярлалаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.