Өвлөөс чи юуг санахыг хүсдэг вэ?
Өвлийн сүр жавхлан, үзэсгэлэн гялааныг гүйцэх өөр улирал үгүй. Тиймдээ ч зөвхөн энэ улиралд харагддаг онцгой зүйлс их бий. Ингээд гэрэл зурагчин О.Мягмардоржийн өвлийн тухай гэрэл зургуудыг дэлгэе.
Цастай өвөл, мөстэй өвөл
Цан хүүрэг жавартай өвөл
Хүүхэд бидний хүлээсэн өвөл
Хүйтэн гэлгүй хүсдэг өвөл
Цана чаргаар гулгадаг өвөл
Цагаан тэшүүрээр гулгадаг өвөл
Цас мөсөн дээр тоглохгүй бол
Мөнгөн өвөл гомдох байх даа
- Д.Маам
Арай гэж олон сар үргэлжилсэн хүйтэн өвөл нэг л мэдэхэд буцна, бас ирнэ. Цас хайлж, шороо шуурч, мод нахиалж хавар болно. Бороо ч орно. Удалгүй зун ч бас ирнэ. Тэгээд намар. Дахин давж гарах, амьд үлдэх ёстой хүйтэн, урт өвөл болно.
Бидний амьдралын хагас нь өвөл байдаг ч зун болоход өвлийн бүх ой санамж хайлаад урсчихдаг.
Өвлөөс чи юуг санахыг хүсдэг вэ?
Хүйтэн, цас, хальтиргаа, утаа, зуд бүгд өмнө нь хэзээ ч надтай таараагүй юм шиг. Хавар надад ирээдүй л харагддаг, тэр нь зун. Намар харин өнгөрснийг сануулдаг ч зун л бодогддог. Удахгүй тэсгим хүйтэнд даарахгүй юм шиг, үргэлж халууцаж, навчны сүүдэрт сэрүүцэх юм шиг.
Үстэй малгайн дороос
Үстэй алчууранг дороос
Уруул, нүд харагдахгүй болохоор
Өвөл чамд гунигтай санагддаг уу?
Өвөл надад гунигтай санагддаг
Цасанд даруулж бөхийсөн хүмүүс
Цантсан, бүрхүүлт, бүүдийсэн хүмүүс
Царайгаа харуулалгүй гудамжинд зөрөх
Царайлаг ч байж мэдэх хүмүүс
Өө, өвөл чамд гунигтай санагддаг уу?
Өвөл надад гунигтай санагддаг
Хүйтнээс нуугдсан дулаахан үг
Хүмүүсээс ичсэн нүцгэн мод
Хаана байна аа, тэр улаан, ногоон
Хаа сайгүй л цагаан... цагаан
Өвөл чамд гунигтай санагддаг уу?
Өвөл надад гунигтай санагддаг
- Л.Өлзийтөгс
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.