Ulaanbaatar Artweek - 2025

Ulaanbaatar Artweek - 2025

Улаанбаатар хотын иргэдэд чөлөөт сэтгэлгээ, орчин үеийн урлагийг түгээх зорилгоор "Ulaanbaatar Art Week" үзэсгэлэн урьд өмнөхөөсөө илүү өргөн цар хүрээнд зохион байгуулагдлаа. Нийт 73 уран бүтээлч оролцосон ба монументал бүтээлүүд, жендерийн тэнцвэртэй оролцоо, нийгмийн орон зайн талаарх шинэлэг хязгаарыг тэлжээ.

Нийтэлсэн
6 сарын 1, 2025
Хуваалцах

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны санаачилгаар Монголын Урчуудын Эвлэлтэй хамтран "Ulaanbaatar Art Week" үзэсгэлэнг тав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.  Тус үзэсгэлэнгийн ерөнхий чиг хандлага, энэ жилийн онцлогийн тухайд куратор Б.Бат-Эрдэнэ болон КАТ-ийн захирал Б.Батзоригтой ярилцлаа.

Үзэсгэлэнгийн куратор Б.Бат-Эрдэнэ:

“Энэ жилийн дүрслэх урлагийн долоо хоногт Венец, Хавана, Норд-Арт, Европын керамик, Солонгосын каллиграф зэрэг олон улсын биенналуудад оролцож уран бүтээлээ таниулсан 63 уран бүтээлчийн бүтээл оролцож, архитектур, кураторын багийн бүрэлдэхүүнтэй нийт 73 уран бүтээлч байгаагаараа онцлог болж байна.

Мөн уран бүтээлчдийн 56 хувь нь эрэгтэй, 44 хувь нь эмэгтэй буюу жендерийн хувьд ч харьцангуй тэнцвэртэй байна. Илүү том орон зайд, том хэмжээтэй монументал бүтээлүүдийг дэлгэсэн нь зөвхөн үзэмж талаасаа бус бүтээлийн санаа, нөлөөллийн хувьд ч илүү хүчтэй илэрхийлэл болсон. Нээлттэй сонгон шалгаруулалтаас хасагдсан бүтээлүүдийг ‘муу’ гэж үзэхгүй. Бүтээлүүдийн агуулга, харилцан уялдаа, нийт масс хаашаа чиглэж байгааг харгалзан үзэж куратор сонголтоо хийдэг. Тухайн бүтээл өөрөө ямар нийгмийн сэдвийг хөндөж, бусад бүтээлтэй хэрхэн харилцаж буй нь их чухал санагддаг.”

КАТ-ийн захирал, архитектор Б.Батзориг:

“Энэ жилийн үзэсгэлэнг онцгой болгож буй нэг зүйл бол архитектурын уран бүтээлчдийн оролцоо юм. Бид хотын орон зайг хэрхэн олон нийтэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгож болох тухай асуудлыг хөндсөн. Энэ хүрээнд Пассаж төв хэмээх энэхүү урлагийн орон зай болсон түүхэн барилга байгууламж, мөн түүний өнгөрсөн он цаг, ашиглалт, зориулалтыг архитектурын мэргэжлийн үүднээс судлан олон нийтэд танилцуулахыг зорьсон. Төслийн хүрээнд нийт 7 архитектор хамтран ажиллаж, "хот ба бүтээл", "орон зай ба хүн" хэмээх уялдаа холбоог шинээр тодорхойлохыг эрмэлзлээ. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.