World Press Photo үзэсгэлэн

World Press Photo үзэсгэлэн

НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилго, дэлхийн дулаарлыг бууруулах зорилттой уялдан “World Press Photo 2025” үзэсгэлэн Улаанбаатарт нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн нь дэлхийн өнцөг булан бүрд болж буй уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сүйтгэл, хүний нөлөөний үр дагаврыг гэрэл зурагчдын өнцгөөс харуулсан сэтгэл хөдөлгөм, хурц мэдрэмж төрүүлэх бүтээлүүдийг танилцуулж байна.

Нийтэлсэн
5 сарын 27, 2025
Хуваалцах

“Down to Earth – Хүн байгаль хоёрын холбоо” нэртэйгээр дэлгэн тавигдсан уг үзэсгэлэн нь зөвхөн асуудлыг онцлоод зогсохгүй, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд итгэл найдвар, бүтээлч шийдэл, олон улсын хамтын ажиллагааны ач холбогдлыг ч онцолж буй. Үзэсгэлэнгийн үеэр бид Нидерландын Хаант Улсын БНХАУ дахь Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга хатагтай Дэзирэ Оофттой ярилцаж, World Press Photo сангийн үйл ажиллагаа, Нидерландын засгийн газрын үзэл баримтлал, уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улсад хэрхэн анхаарал хандуулж буй талаар сонирхолтой ярилцлага өрнүүллээ.

World Press Photo сан ба Нидерландын ЭСЯ хэрхэн хамтран ажиллаж эхэлсэн бэ?

World Press Photo сан болон Нидерландын засгийн газар урт хугацаанд хамтын ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жил “Resilience” нэртэй дэлхий дахинд эмэгтэйчүүдийн хүч чадал, туулж буй бэрхшээлийг харуулсан сэтгэл хөдөлгөм түүхүүдийг сэдэвчилсэн үзэсгэлэн гаргаж байсан бол энэ жил дэлхий даяар улам ноцтой болж буй уур амьсгалын өөрчлөлт дээр анхаарал хандуулж байна. 2030 он гэхэд дэлхийн дулаарлыг 2°C-аас доош хязгаарлах Парисын хэлэлцээрийн зорилт биелэхэд ердөө тавхан жил үлдээд байгаа энэ үед асуудал шийдэгдэх бус улам даамжирч байна. Үзэсгэлэнгээрээ дамжуулан бид уур амьсгалын өөрчлөлтийн хор хөнөөлийг ойлгуулж, түүнийг даван туулах итгэл найдвар, бүтээлч шийдлүүдийг хуваалцахыг зорьж байна. Мөн хэвлэлийн эрх чөлөө бол чөлөөт, ардчилсан нийгмийн суурь зарчим гэж үздэг. Сэтгүүлчид чөлөөтэй ажиллах нөхцөлийг хангах нь бид бүгдийн хариуцлага юм.

“Down to Earth – Хүн байгаль хоёрын холбоо” гэсэн нэрийг яагаад сонгосон бэ?

“Down to Earth” хэмээх үзэсгэлэнгийн нэрийг философич Бруно Латурын ижил нэртэй номоос санаа авсан. Энэ үгээр дамжуулан бид байгаль дэлхийд маань ямар үйл явц өрнөөд буйг эргэн харах боломжтой болно гэж үзсэн. Хүн төрөлхтөн байгальтай сэтгэл зүйн төдийгүй, хамтын үйлдлээр дахин холбогдох шаардлагатайг энэ нэр цохон тэмдэглэж байгаа юм.Товчхондоо улс орнууд улс төр, хил хязгаар үл харгалзан хөрсөн дээрээ бууж илүү тогтвортой, хүртээмжтэй ирээдүйн төлөө эв найрамдалтай ажиллах уриалга юм.

Монголын үзэгчдэд үзэсгэлэнгээр дамжуулан ямар уриалга хүргэхийг зорьсон бэ? Мөн уур амьсгалын өөрчлөлт Монголд хэрхэн нөлөөлж байна гэж үзэж байна вэ?

Үзэсгэлэнгийн зорилго нь уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, далайн түвшний өсөлт, ой хээрийн түймэр зэргийн хор уршгийг мэдрүүлэхийн зэрэгцээ шийдэл, хамтын ажиллагааны эерэг түүхүүдийг харуулах явдал юм. Монголд агаарын температур нэмэгдэж, ган, үер зэрэг цаг агаарын үзэгдлүүд давтагдах боллоо. Эдгээр нь уламжлалт аж ахуй, ялангуяа мал аж ахуйд хүндээр тусч байна. Усны хомсдол ч улам хурцдаж байна. Ийм өөрчлөлтүүдийн эсрэг бүс нутаг, улс орон, олон улсын түвшинд Монгол, Нидерланд зэрэг орнууд хамтран хор уршгийг бууруулах, шинэ шийдэл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой.

Үзэсгэлэнд багтсан 20 бүтээлийг хэрхэн сонгосон бэ? Нийт хэдэн орны ямар уран бүтээлчид оролцсон бэ?

World Press Photo уралдааны сүүлийн жилүүдийн шагналт 20 бүтээлийг дэлгэж, үзэсгэлэнгийн хүрээнд бид “газрын хөрс”, “агаар”, “гал”, “ус” гэсэн дөрвөн сонгодог элементийн өнгөөр түүхүүдийг ангилан үзүүлсэн. Эдгээр нь уур амьсгалын өөрчлөлтийн харилцан уялдаатай, гүн гүнзгий нөлөөг тайлбарлах хүрд болж өгч байна. Мөн бид дэлхий нийтийн төлөөллийг оролцуулах үүднээс нийт 16 орны 19 гэрэл зурагчдыг онцолсон. Монгол орныг онцолсон түүх ч бас бий. 

Уур амьсгалын өөрчлөлтийг хамгийн хүчтэй илэрхийлсэн нь аль зураг гэж бодож байна вэ?

Миний сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөсөн, Уур амьсгал хэр хурдан өөрчлөгдөж байгааг хамгийн сайн илэрхийлсэн зураг бол Фижи улсын Лотомау Фиафиа хэмээх ахмад настан зээ хүүгийн хамт усанд бараг л бүрэн автсан байдалтай зогсож буй гэрэл зураг юм. Түүний багад энэ газар шагай татам эрэг төдий л байсан гэж дурссан байсан. гэж бодож байна. Зөвхөн Фижи ч гэлтгүй Нидерландад ч бас далайн түвшний өсөлтөөс үүдэлтэй аюул тулгараад байгаа нь бүс нутаг бус дэлхийн хэмжээний аюул болохыг сануулж байна.

Үзэсгэлэнгийн дараа гэрэл зургийн салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх төлөвлөгөө бий юу?

Монголын үзэгчид World Press Photo үзэсгэлэнг ихээхэн сонирхож ирсэнд бид баяртай хүлээж авч байгаа. Ирээдүйд ч монголын гэрэл зургийн салбарт хамтран ажиллахад бэлэн байна. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.