LEGACY: Гэрэл зургийн архивыг эргэлтэд оруулах “Өв” төсөл
“Өв” бол гэрэл зурагчдын олон жилийн хөдөлмөр, цаг хугацаа зориулагдсан хальсны бүтээлүүдийг эргэлтэд оруулж, гарт баригдах бодит бүтээл болгох зорилготой урт хугацааны төсөл юм.
Д.Давааням: Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд гэрэл зургийн “Өв” төслийг эхлүүлээд, гэрэл зурагчдын урын санг олон нийтэд толилуулах, танилцуулах, эргэлтэд оруулах, гэрэл зургийн цуврал ном товхимол гаргах, үзэсгэлэн гаргах ажлуудыг хийж байна. Өнгөрсөн оны 4-р сард Ц.Батзориг агсан болон Гамма агентлагийн захирал, гэрэл зурагчин Л.Элбэгзаяа нарын үзэсгэлэнг Улаан Гэр Галерейд нээж байсан. Тухайн үзэсгэлэнд гарсан зургуудын хязгаарлагдмал хэвлэлийг зарж борлуулах, хүмүүст хүргэх ажлыг амжилттай хийсэн. Түүнээс хойш төсөл маань үргэлжилсээр энэ хооронд хальс боловсруулах, сканнердах зэрэг ажил явагдсаар жилийн дараа буюу өнгөрсөн сарын 26-нд Ц.Батзориг агсны төрсөн өдрөөр “Өв” төслийн эхний ном болох "LEGACY - Batzorig Tsevergmid" номоо гардан авч, нээлтээ хийлээ. Тун удахгүй хоёр дахь цуврал болох "LEGACY ll - Elbegzaya Lkhagvasuren" ном маань 5-р сарын 16-нд нээлтээ хийх гэж байна. Аливаа үйл явдлыг ойн баяртай давхцуулах нь их. Энэ жил Гамма гэрэл зургийн агентлаг байгуулагдсаны 30 жилийн ой, Ц.Батзориг агсны 60 насны ой, Л.Элбэгзаяа ахын 55 насны ой зэрэг олон ойн баяр энэ жил зэрэгцэн тохиож байгаа нь төслийн цаг хугацаатай ч уялдаж буй.
Цуврал ном хэвлүүлэх тул загвар хэв нь тогтсон ижил байна. Мөн номд нийт 134 гэрэл зураг багтана. Эхний хоёр ном маань дан хальсны, хар цагаан зургуудаас бүрдэж, нэг ном 300 хувь хэвлэгдэн гарч буй. Ц.Батзориг агсны ном бүтэхэд нийт 2000 гаруй хальсыг сканнердаж, 600 гаруйг нь хэвлэн хараад нийт 134 зургийг номд оруулахаар сонгосон. Л.Элбэгзаяа ахын хувьд 6 сарын турш 12000 гаруй хальсыг сканнердаад, номд оруулах зургуудыг сонгосон. Цаашид төсөлд оролцох гэрэл зурагчдын бүх хальсийг дижитал хувилбарт оруулж, тухайн зурагчин ямар төрлийн зураг түлхүү авсныг, түүхийн аль хэсгийг эдгээр зургуудаас судалж шинжилж болох, ашиглаж болох хэдэн зураг байгааг, мөн тэдгээрийг яаж ашиглаж эргэлтэд оруулахыг судалж болох юм. Учир нь гэрэл зурагчдад тулгамддаг гол асуудал бол архиваа цэгцлэх. Хэн, хаана, хэзээ, ямар зураг авч байлаа гээд хайж олоход төслийн зорилт маань том тус болно гэж найдаж байна.
Л.Элбэгзаяа: Энэ зорилт маань хэрэгжээд эхэлвэл Монголын баримтат гэрэл зурагчдын дунд маш том хэмжээний архивын сан үүснэ. Итгэлцлийн үндсэн дээр бий болсон энэ сан нь түүхчид, судлаачид, гэрэл зурагчид зэрэг өргөн хүрээнд ашиглагдаж, манай салбарын түүхийг бичилцэж, урт удаан хугацаанд оршин тогтнох нөхцөл бүрдэнэ. Харин өөрийн архиваа хав дараад л байвал түүхийн нэгэн хэсэг мэдэгдэхгүй тэндээ л үлдэнэ шүү дээ. Магадгүй олон жил өнгөрөх тусам баримтат гэрэл зургийн төрлийг ойлгодог үе өнгөрч болно шүү дээ.
Гаднын улсуудад энэ мэт архив цуглуулж, ном товхимол, үзэсгэлэн гаргах нь байсаар ирсэн, тогтмол соёл байдаг бол манайд шинэ зүйл болоод байгаа юм.
Л.Элбэгзаяа: Номд багтсан гэрэл зургууд бол 1990-ээд оны байдлыг харуулсан, миний гэрэл зургийн эхэн үеийн, залуугийн минь зургууд. Гэрэл зурагчдын хувьд гэрэл зургийг авсан тухайн үедээ зориглож бүтээл болгон, бодит гарт баригдах хэмжээнд болгохгүй л бол дараа нь эргэн харж, ялгаж задлах, ном товхимол болгох эсхүл үзэсгэлэн гаргана гэдэг барагтаа боломжгүй мэт хүндрэлтэй асуудал болдог. Нүд нээгдээд ирэх тусам хуучин авсан зургуудаа голох зэргээс эхлээд ямар зургийг сонгож номд оруулах вэ гэх сонголт нь хэцүү болж ирнэ. Тэгээд орхичихсон байж байтал “Өв” төсөл эхэлж, залуусынхаа тусламжтай зураг сонголтоо хийж, номын үйл явц маань амжилттай үргэлжлээд дууслаа. Дан хар цагаан хальсаар авч байсан, 1980-аад оны сүүлээс 2000 оны эхэн үе хүртэлх үеийн гэрэл зургууд бий.
Тухайн үед биедээ гурван янзын хальстай гурван зургийн аппарат авч явдаг байлаа. Нэгд, сүүлийн үеийн, найдвартай аппаратандаа слайд хальс хийчихнэ, энэ хальсаараа цэвэр зарах зорилготой, ажилтай холбоотой, гоё гэсэн зургуудаа авна. Өөртөө биш хүмүүст зориулж авсан тул тэдгээр зургууд миний дотоод мөн чанарыг илэрхийлэх зургууд байгаагүй. Дараагийнх нь өнгөт хальстай аппарат. Түүгээрээ дан захиалгын зургууд авдаг байлаа. Харин хар цагаан хальсны аппаратаараа зөвхөн өөртөө зориулж зураг авдаг байлаа. Эдгээр хэнд ч үзүүлж харуулаагүй, миний гэсэн нандин зургуудаа энэхүү номдоо багтаалаа.
Хальсны гэрэл зураг яг л археологийн олдвортой адил. Бидний харж үзээгүй, хэдэн зуун, мянган хальс санамсаргүй байдлаар устан үрэгдэж, гэмтэж алга болсон байх нь бий. Төсөөлшгүй агшныг мөнхөлсөн түүхэн гэрэл зургуудыг нээн илрүүлж олон нийтэд хүргэх нь бидний эрхэм зорилго билээ.
Гэрэл зурагчин Л.Элбэгзаяагийн "ӨВ ll" цуврал номын нээлт 2026 оны 5-р сарын 16-нд 15:00 цагаас Elixir Coffee & Wine Bar-т болох тул гэрэл зурагчид, сонирхогчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.