СУРВАЛЖИЛГА: Кино уран бүтээлчдийн их баяр - "Улаанбаатар" ОУ-ын кино наадам

СУРВАЛЖИЛГА: Кино уран бүтээлчдийн их баяр - "Улаанбаатар" ОУ-ын кино наадам

Нээлтийн өдөр хэвлэлийн бага хурал, улаан хивсний ёслол болж “Хангарьд” шагнал гардуулах ёслолоор монголын уралдаант хэсэг шалгарсан 10 киноны баг, уран бүтээлчдэд 13 шагналын төрөлд гардуулж нээлтийн киногоор найруулагч Б.Баатарын “Гажуудал” УСК толилуулагдлаа. Ингээд уншигч та бүхэнд нээлтийн үеэр наадмын хүндэт зочидтой ярилцсан сэтгэгдлийг хүргэж байгааг хүлээн авна уу.

Нийтэлсэн
10 сарын 18, 2024
Хуваалцах

"Улаанбаатар" олон улсын кино наадмын маань үнэ цэн бол олон ургалч үзэл, авьяас, тэгш байдал гэж би хэлнэ. 

- “Гүрү медиа” компанийн продюсер Ц.Ариунаа

МУЗ-ийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл: Монгол уралдаант хэсэгт шалгарсан кино баг болон шагнал гардуулах ёслолоо өргөжүүлэх зорилготойгоор өнгөрсөн жилээс эхлэн манай наадам улаан хивсний ёслол хийдэг болсон. Уг нээлтийн өдөр "Хангарьд" шагнал гардуулах ёслол болон наадмын нээлтийн киног дэлгэцнээ толилуулдаг. Энэ жилийн наадмын онцлог бол хотын захын дүүрэгт амьдардаг хүүхэд залууст монгол болон олон улсын артхаус кинонуудыг үзэх гэр бүл, найз нөхдөөрөө цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд уриалах зорилго бүхий "Залуу Үзэгч" хөтөлбөрийг нээсэн явдал юм. Мөн наадмын үндсэн хөтөлбөрүүд "Үзэхийн хязгаар" сонгодог киноны хэсэг, "Авдраа уудал" сургалтууд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн. Тэнгис, Өргөө 3 (Shangri-La), Синема Некст кино театруудаар долоо хоногийн турш монголын кино сонирхогч, үзэгчид маань үзэсгэлэнт байгаль, уур амьсгалын өөрчлөлт, хүний эрх, жендер, ёс суртахуун, нүүдэлчин амьдрал, хот соёл гээд өргөн сэдэвтэй, олон найруулагчийн ертөнцөөр аялах боломжтой болж байна.

“Гажуудал” нээлтийн киноны найруулагч Б.Баатар: Энэ жилийн кино наадам өмнөх жилүүдтэй харьцуулахад өргөн цар хүрээтэй болж байна. Миний хувьд 2022 оны наадмаар “Этгээд” киногоороо оролцож шилдэг кино, шилдэг найруулагч шагнал хүртэж байсан. Энэ жил “Гажуудал” хэмээх бие даасан хоёр дахь уран бүтээл маань нээлтийн киногоор шалгарч эх орондоо киногоо нээж байгаад сэтгэл маш өндөр байна. Киноны утга санааны хувьд өнөөгийн нийгмийн болж бүтэхгүй байгаа бүх л асуудлыг хөдөөгийн сумын төвийн байдлаар харуулж, өнөөдөр хийсэн сонголт маргааш бидэнд хэрхэн нөлөөлж буйг хөндөхийг хичээсэн. 

Баримтат гэрэл зургийн Батзориг сангийн захирал, “Noise Art Media” хамтран үүсгэн байгуулагч, гэрэл зурагчин Д.Давааням: Улаанбаатар кино наадмыг жил бүр сэтгэл догдолж хүлээдэг. Наадам маань 16 жил тогтвортой зохион байгуулагдаж, кино уран бүтээлчдийг дэмжиж, шагнал гардуулдагт болон жилээс жилд өргөжин тэлж байгаад үзэгчийн зүгээс маш талархалтай хүлээж авдаг. Гаднын олон алдартай кино наадмуудаар нээлтээ хийсэн, шагнал хүртсэн, алдар нэр нь түгсэн үзвэрүүд үзэгч бидний мэлмийг мялаадаг нь наадмын онцлог юм. Тэдгээр киног гадаад яваад үзэж чадахгүй ч эх орондоо үзэж таашаах боломжийг наадам маань нээж өгч байгаад маш их баяртай байна. 

“Өмнөдийг зорих замд” УСК-ны продюсер Н.Отгонбат: Энэ жилийн наадамд анх удаа хоёр улсын хамтарсан төслөөрөө оролцоод шилдэг киногоор шалгарсанд маш их баяртай байна. Кинонд БНСУ-ын дууны найруулагч, баг хамт олонтой хамтран ажиллаад, мөн шилдэг хөгжмийн зохиолч шагнал авлаа. Манай кино бол Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд амьдардаг Сүхээ гэдэг хүний бодит түүх. Анх санаагаа гаргаад найруулагчтайгаа очиж уулзаад өөрөөр нь түүхийг нь яриулж байв. Бодит түүх учраас маш их сэтгэл хөдөлсөн. Ингээд кино бүтээх суурь болсон. Зохион байгуулагч нартаа баярлалаа гэж хэлмээр байна.

“Гүрү медиа” компанийн продюсер Ц.Ариунаа: Аливаа улсын нийслэл хотууд дэлхий даяар өөрийн нэрийг тамгалсан кино наадамтай байдаг. Улаанбаатар олон улсын кино наадам бол 16 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байгаа манай киноны салбарынхны хувьд “цагаан сар” гэж хэлэхэд болно. Ахмад уран бүтээлчидтэйгээ очиж золгох, шинэ залуу уран бүтээлчдийн хийж бүтээсэн уран бүтээлүүдийг шинжих зэрэг агуулгын хувьд маш баялаг наадам. Мөн олон улсын үзвэрийн хэсгээр “Cannes”, “Berlin”, “Sundance”, “Toronto” international film festival зэрэг дэлхийн алдартай “магнаг” кино наадмуудад оролцож шагнал хүртсэн кино бүтээлүүдийг Улаанбаатарын иргэд үзэх боломжтой ийм өгөөжтэй наадам билээ. Энэ жилийн наадмаар Гүрү медиа Австралийн найруулагч Габриель Брэдитэй хамтран бүтээсэн “Чоно үүр шөнөөр ирдэг” хэмээх холимог жанрын бүтээлээрээ оролцож байна. Манай кино алдарт Лондон, Цьюрих, Мумбай болон баримтат киноны салбарын Канн гэж хэлж болох IDFA зэрэг кино наадмуудад оролцсон. Эгэл хүмүүс энэ дэлхийн уур амьсгал, байгаль орчны өөрчлөлтөд өөрсдийн жинхэнэ мөн чанараа хэрхэн хадгалж үлдээж байгаа талаар манай кино өгүүлнэ. Мөн энэ жилээс шинээр гарч байгаа “Залуу үзэгч” хөтөлбөрөөр “Сэр сэр салхи” кино маань үнэгүй толилуулагдах гэж байна. 

Намрын налгар өдрүүдээр наадмын үзвэрүүдээ амжиж үзээрэй.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.