Бүрэн бусын онол үзэсгэлэн 

Бүрэн бусын онол үзэсгэлэн 

Орчин үеийн урлагт өвөрмөц дуу хоолой, гүн ухааны сэтгэлгээгээрээ танигдсан уран бүтээлч Даваагийн Дорждэрэм найм дахь бие даасан үзэсгэлэнгээрээ үзэгчдэд нэгэн гүн орон зайг нээж харууллаа.

Нийтэлсэн
5 сарын 27, 2025
Хуваалцах

Бүрэн бусын онол бол уран бүтээлчийн 25 жилийн замнал, түүний бүтээл туурвих үйл явц, ухамсар, талархал, эргэлзээ, тайвшралын хэлхээс юм. Үзэсгэлэнгийн нэр нь XX зууны суут математикч Курт Гёделийн “Бүрэн бусын теоремууд”-аас эш авсан бөгөөд аливаа систем дотроо төгс үнэн болон төгс тодорхой байж чадахгүй гэх санаатай гүн холбоотой. Ингээд үзэсгэлэнгийн мастерклассын үеэр эрхэм куратортой ярилцсанаа хүргэж байна.

Д.Дорждэрэм нь 1981 онд хүндийн өргөлтийн тамирчин Цэрэнгийн Даваагийн ууган хүү болон Улаанбаатар хотод мэндэлжээ. Социалист тогтолцоот нийгэмд бага насаа өнгөрүүлж, ардчилсан нийгмийн шилжилтийн үеэр өсвөр насны босгыг давсан тэрээр таван настайгаасаа эхлэн барималд дурлан урлагт ойр өсжээ. Улмаар сонирхолдоо хөтлөгдөн “Үйлдвэр Урлалын Коллеж” болон “Дүрслэх Урлагийн Дээд Сургууль”-д тус тус боловсрол эзэмшиж, мэргэжлийн уран бүтээлчийн гараагаа эхлүүлсэн. Түүний бүтээлүүд Монгол улсын оны шилдэг бүтээлээр сонгогдон “Монголын Уран Зургийн Галерей”-н сан хөмрөгт (2010, 2024), Сингапур улсын “Урлагийн Музей”-д (2008), Япон улсын “Фүкүока Хотын Азийн Урлагийн Музей”-д  (2009) болон дотоод, гадаадын олон цуглуулагчдад хадгалагдсаар байна.

Куратор Чиндэгсүрэнгийн ЧИНБАТ

Уран бүтээлч Д.Дорждэрэмтэй би 2020 онд найзаараа дамжуулан танилцаж байсан юм. Урлан дээр нь очихдоо бүтээл урлах явцтай нь танилцсанаас хойш түүний арга барил, илэрхийлэмж намайг ихэд гайхшруулсан. Би өөрөө урлагаас хол, математикч мэргэжилтэй. Одоогоор IT-ийн салбарт ажилладаг. Хоёр жилийн өмнөөс бид хамтран үзэсгэлэн хийх санаагаа ярилцаж эхэлсэн. Тэр үеэс эхлэн түүний бүтээлүүдийн цаад агуулга, илэрхийлэмжүүд Гёделийн теоремтой ихээхэн уялдаатай болохыг анзаарсан. 

Бүрэн бусын онол (Incompleteness theory) нь аливаа логик систем өөрийнхөө үнэн эсэхийг бүрэн нотолж чадахгүй гэсэн үндсэн санаатай. Энэ онол нь хоёр теоремоос бүрддэг бөгөөд ерөнхийдөө систем дотроо үнэн, худлыг төгс ялгаж чадахгүй болохыг тайлбарладаг. Энэ санааг Дэрмээ бүтээлээрээ дамжуулан хүний оршихуй ч мөн тодорхой бус, үнэн эсэх нь эргэлзээтэй гэдгийг илэрхийлж байгаа юм. Хувь хүн төдийгүй уран бүтээлчийн хувьд хүн өөрийн оршихуйг бүрэн батлан нотолж чадахгүй. Энэ нь математик онолын түвшинд ч яригддаг халуун сэдэв юм. Орчин үеийн олон уран бүтээлч яг энэ логик дээр тулгуурлан өөрийгөө илэрхийлж, илүү гүн утгатай, тодорхой бус байдалд суурилсан бүтээл хийж байгаа анзаарагддаг. Incompleteness буюу “бүрэн бус байдал” гэдэг нь хүмүүс дотоод хүсэл эрмэлзэлтэй зөрчилдөж, хүн болгон л “төгс төгөлдөр” болохыг эрмэлздэг ч үнэндээ бүрэн бус болохыг хүлээн зөвшөөрч, тайвширч сурах хэрэгтэй мэт. 

Үнэн хэрэгтээ бид яг юуны төлөө биеэ хэт дайчлан хэнд ч ойлгомжгүй хэм хэмжээ рүү тэмүүлэх болсон нь эргэлзээ төрүүлнэ. 

Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээс тухайлан нэгийг нь авч үзвэл?

“Silent meeting” нэртэй бүтээлд хоёр бүрээ хөгжим ашиглагдсан. Нэгийг нь хогийн цэг дээрээс олж, нөгөөг нь худалдаж авсан. Гадна талыг нь эсгийгээр бүрж, цардаж, хэлбэр дүрсийг өөрчилсөн. Анхнаасаа ийм хэлбэртэй байгаагүй, хайлуулах, хэлбэржүүлэх замаар шинэ төрхтэй болгожээ. Хоёулаа яг л нэг үйлдвэрээс гарсан мэт адилхан. Амьдралынхаа хугацааг дуусгаж, үүргээ биелүүлсэн хоёр бүрээ сая нэг амьсгаа аваад дахин уулзаж буй мэт. Чимээгүй мөртлөө дуутай байснаас илүү их утга агуулж буй мэдрэмжийг төрүүлж байгаа юм. Бидний анзаарахаа больсон, чухал боловч үл үзэгдэх зүйлсийн тухай ч байж мэднэ.

Эсгийний тухайд

Уран бүтээлч маань өмнө нь ч мөн эсгийгээр бүтээл туурвиж байсан тул зөвхөн энэ үзэсгэлэнд зориулсан хэрэгсэл гэж хэлж болохгүй. Эсгий бол монголчууд бидний амьдрал, өв соёлтой салшгүй холбоотой. Нүүдэлчдийн хэдэн мянган жилийн турш хэрэглэж ирсэн эсгий нь эхэндээ ширүүн, барзгар, тухгүй мэт боловч удах тусам дулаахан, зөөлөн болдог. Нээлтийн үеэр нэг гадаад зочин “Танай энэ эсгий гэдэг материал их хачин. Дотор арзагнах мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ үзэсгэлэнг бүтэн үзээд нэг тойроод ирэхэд тэр мэдрэмж аажмаар алга болж байна” гэж хэлсэн. Эсгий гэдэг чинь хонины ноос шүү дээ. Харин ноос гэдэг бол генийн мэдээллийн маш том эх сурвалж. Нэг ширхэг үсэнд ямар их мэдээлэл агуулагддаг билээ, тэгэхээр үзэсгэлэнгийн орон зайнд ашиглагдсан эсгий материал өөрөө хэчнээн гүн давхаргатай, мэдээлэл агуулж байгааг төсөөлөхийн аргагүй. Бид өдөр тутмын амьдралдаа ийм нарийн зүйлсийг бодохоо больчихсон. Харин энэ үзэсгэлэн ийм зүйлсийг эргэн харж, бодох боломжийг олгож байгаа юм.

Уран бүтээлч Д.Дорждэрэмийн хэлснээр, “Үзэсгэлэн, ялангуяа бие даасан үзэсгэлэн бол уран бүтээлч хүний хувьд өөрийгөө сорьсон, чухал үечлэл болдог. Ямар ч байсан нэг үечлэл давлаа, сэтгэл өндөр байна. Баярлалаа. 

Хамтран ажилласан куратор Б.Мөнгөнчимэг

Үзэсгэлэн 5-р сарын 30-ныг хүртэл Монголын Уран Зургийн галерейд толилуулагдана

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.