
Д.Гунгаа: Уран бүтээлч хүнд хамгийн нөлөөтэй зүйл бол байгаль бас амьдрал
Өнөөдрийн зочин бол Монголын зураасан зургийн урлагийн нэртэй төлөөлөгч, Улсын Гавьяат зүтгэлтэн, зураач Д.Гунгаа багш юм. Саяхан Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд түүний "Амьдралын өнгө" нэртэй үзэсгэлэн нээлтээ хийлээ. Ийм бүрэн хэмжээний даацтай, чамбай зохион байгуулалттай, жинхэнэ мастеркласс үзэсгэлэн ойрд ер үзэгдээгүй санагдана. Уламжлалт зураасан зургийн хэв маягийг усан будаг, уран тансаг зураас бичилтийг хослуулсан нийт 108 бүтээлийг уг үзэсгэлэнд дэлгэжээ. Зураасан зургийн төрлөөр дагнан бүтээн туурвидаг цөөн бүтээлчдийн дунд “Графикийн Гунгаа” хэмээн хүндлэгдсэн энэ эрхэм хүмүүнтэй үзэсгэлэнгийн нээлтийн үеэр цөөн хором ярилцсанаа уншигч танд хүргэе.
Энэ удаагийн “Амьдралын өнгө” хэмээх үзэсгэлэнгийнхээ тухай танилцуулж өгнө үү.Энэ жил Дүрслэх урлагийн байгууллагын 60 жилийн ойг тохиолдуулан надад үзэсгэлэн гаргах урилга ирсэн. Энэ дагуу үзэсгэлэнгээ амжилттай сайхан нээж байна. Юун тэргүүнд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хамт олонд талархал илэрхийлэх нь зүйн хэрэг. Үзэсгэлэнг нээхэд туслалцаа үзүүлсэн, хамтран зохион байгуулж буй эрхэм хүмүүст баярлалаа. Өнөөдөр үзэсгэлэнгээ нээгээд сэтгэл их өндөр байна.
Үзэсгэлэнгийн дэглэлтийн хувьд эхний танхимд дан бар зураг, хоёр дахь танхимд хөрөг зургууд, харин хоймор танхимд сэтгэлгээгээ задалж чөлөөтэй зурсан бүтээлүүдээ дэлгэсэн. Хийц, арга техникийн хувьд ялгаатай бүтээгдсэн нийт 108 бүтээл бий.


Аливаа уран бүтээлчдийн амьдралын тодорхой мөчлөг, түүх, туршлага гэх мэт олон хүчин зүйлсээс шалтгаалан уран бүтээлийн өнгө аяс нь дагаад хувьсан өөрчлөгддөг шүү дээ. Таны сүүлийн үед туурвисан бүтээлүүдэд хэр өөрчлөлт гарсан бэ?
Ер нь тухайн цаг үе, мэдрэмжээс шалтгаалаад өөр хэв маяг, сэдэвтэй бүтээлүүд төрдөг. Сая үзэсгэлэнг дэглэх үеэр бүтээлүүдийнхээ ялгаануудыг тод мэдэрлээ. Дахиад таван жилийн дараа гэхэд бүтээлүүд маань арай өөр хэв маягтай байхыг үгүйсгэхгүй. Орчин цагт байгаль экологийн асуудал, цаг үе, орчин, нийгэм хурдацтай өөрчлөгдөж байна. Уран бүтээлч хүнд хамгийн нөлөөтэй зүйл бол байгаль бас амьдрал юм. Тиймээс өөрчлөлт гэдэг нэг талаас хөгжиж байна гэсэн үг.
Өөрчлөлттэй зэрэгцэн хөгжих, шинэчлэгдэх, өөрийгөө дайчлах нь уран бүтээлч хүнд зайлшгүй байх ёстой чанар.


Та ямар үед зураг зурах хамгийн дуртай вэ?
Зүгээр суухыг хүсдэггүй. Хэзээ онгод орж ирэх бол гэж хүлээдэггүй. Би чинь энэ жил 77 настай шүү дээ. Үлдсэн амьдралдаа илүү их зүйл хийж бүтээх юм сан гэж зорьж байна. Ойрын үед өөртөө төмөр бар, хэв зэргийг шинээр авсан юм. Тэр шинэ хэрэгслүүдээ ашиглаад өөрийгөө дайчилж шинэ бүтээлүүд гаргахаар төлөвлөсөн.
Яг зураг зурах өдрөө бол би эрт сэрээд санаануудаа тэмдэглэж бичдэг. Тэгээд үдийн өмнө 11:00-13:00 цаг, эсхүл үдээс хойш 15:00 цаг гээд нүд тодроод эхэлдэг юм. Бусад цагаар нэг их сайн сууж чаддаггүй.

Монголын зураасан зургийн төрлийн том төлөөлөгчийн хувьд зураасан зургийн онцлогийг тайлбарлана уу.
Зураасан зураг гэдэг дүрслэх урлагийн том төрлийн нэг. Хадны сүг зургаас эхлээд бүхий л зураг зурааснаас эхэлдэг. Өөрөөр хэлбэл суурь нь юм. Технологи сайжирч шинэчлэгдсэн ч суурь үргэлж байсаар байх болно. Энэ л гол онцлог нь юм даа.


Залуу уран бүтээлчдэд юуг захиж хэлэх вэ?
Ном, сэтгүүл уншаарай гэж захимаар байна. Миний л бодол шүү. Тал бүрийн өргөн мэдлэгтэй, хөгжих хүсэл эрмэлзэлтэй, эрэл хайгуулч байж чадвал хүссэн хүсээгүй гараас сайн бүтээл бий болдог. Хүний хөгжил гэдэг мэдээлэл, мэдлэгтэй холбоотой. Асар их мэдээллийн урсгалаас аль хэрэгтэйг сорчилж мэддэг, хүртсэн мэдлэгээ эзэмшиж ашигладаг байх хэрэгтэй. Мөн мэдээж хамгийн чухал нь бусдыг хүндэлж хайрлаж сураарай гэж захья.


Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.