EP.24 - Гэрэл зураг бол сэтгэл зүйн эмчилгээ
Сайн уран бүтээл хүмүүсийг тухтай нөхцөл байдлаас нь гаргаж жигшлийг дээд хэмжээнд хүргэх хүчтэйгээс гадна аливаа бүхний цаана нь орших утга санааг бодогдуулах, мэдрүүлэх хүчтэй. Хэн ч таныг шүүмжлээгүй бол гэрэл зурагчныхаа хувьд та алдсан гэсэн үг.
44. Гэрэл зураг бол сэтгэл зүйн эмчилгээ
Даваагаас баасан хүртэл өдрийн 8 цаг ажиллаж, өдөрт 200 гаруй мэйлд хариу өгч, оффисын дөрвөн хананы дунд шаналж суудаг байхад намайг гэрэл зураг л тайвшруулдаг байв. Бүх зүйл утгагүй мэт болох үед танихгүй нэгний амьдралынх нь хэсгийг гэрэл зурагт хуваалцах бол хамгийн сайн сэтгэл зүйн эмчилгээ гэдэгт би итгэдэг. Нэг төрлийн бясалгал юм уу даа. Дан ганц сэтгэл зүйг эмчлээд зогсохгүй өөрийгөө танин мэдэх энгийн арга бол камераа бариад гадагш гарах юм. Үүнд л гудамжны/баримтат гэрэл зургийн утга учир оршдог биз. Танихгүй нэгний зургийг дарах бүрд өөрийгөө танин мэдэж, итгэл үнэмшил, сэтгэл хөдлөлөө би олж авдаг. Тэдгээр зураг бүхэн миний өөрийн тусгал гэсэн үг. Үнэндээ, камер гэх энэхүү цаг хугацааг зогсоогч хэрэгсэл тэртээ 1800-аад онд бүтээгдээгүй бол бид энд байгаа ч уу, үгүй ч үү.
45. Үнэн гэж үгүй
Гэрэл зурагт “үнэнтэй ойр” л гэж байхаас 100 хувь үнэн гэж үгүй. Ричард Аведон өөрийгөө гудамжны гэрэл зурагчин гэж огт зарлаж байгаагүй. Түүнийг хүмүүс модел, хөгжимчин, алдартнуудын хөрөг зургийг хар цагаан хальснаа буулгадгаар нь мэддэг. Гэвч түүний энэхүү хэв маягийг эвдсэн цуврал бол “In the American West” хэмээх 1979-1984 оны хооронд Америкаар аялж, эгэл хүмүүсийн хөргийг буулгасан бүтээлийн цуглуулга юм. Итгэл найдвар, цөхрөл гутрал, хүч тэнхээ, хүсэл зориг, алдаа оноо, хайр сэтгэлийг илэрхийлэх энэхүү хөрөг зургийн цувралыг анх олонд дэлгэхэд ажилчин ангийг хамгийн муухайгаар харуулсан хэмээн ихэд шүүмжлэлд өртсөн ч тэр маш энгийнээр учиглаж тайлбарласан юм.
"Бид сурвалжлах бус түүхийг баримтжуулж байгааг хүмүүс ойлгодоггүй нь хамгийн том асуудал. Хэдий цуврал маань Америкийн баруун хэсгийн ажилчин ангийн тухай ч энэ бол тэдний бус миний үзэл баримтлалын илэрхийлэл юм. Яг л Жон Вен Холливүүдийг өөрийн өнцгөөс илэрхийлдэгтэй л адил."
- Ричард Аведон
Гэрэл зурагчид аливааг дүгнэж, зөв бурууг шүүхийн тулд оршдоггүй. Бид сурвалжлагч биш, харин "гэрэл зурагчид." Хормын төдийд гэрэл зурагт бүх үнэнийг багтааж барамгүй шүү дээ. Дуранд өртсөн нэгний хэн болохыг ганц зургаар илэрхийлэхэд туйлын хангалтгүй. Тиймээс бид үнэнийг өгүүлдэг нь биш. Үнэний өчүүхэн хэсгийг гэрэл зурагтаа буулгадаг гэвэл ононо.
46. Жигшлийг төрүүл
“Урлаг гоо сайхныг л түгээх үүрэгтэй гэх хандлага үнэхээр хачин. Эсрэгээрээ жигшил, зэвүүцлийг төрүүлэх гэж, нэгийг бодуулж, хоёрыг мэдрүүлэх гэж урлаг оршдог. Урлаг бол эерэгээр жигшил төрүүлэхийн нэр.”
- Ричард Аведон
Уран бүтээлчдийг хойш татагч хамгийн том зүйл бол "айдас." Шүүмжлүүлэх, доромжлуулах, хараалгахаас л бид хамгийн ихээр айж эмээдэг. Мастер гэрэл зурагчин болсон ч хэн нэгэнд үзэн ядагдаж “хэт өндөр үнэлэгдсэн” гэх мэтээр хэлүүлж л таарна. Харин ч хэр их хүнд хараалгуулж байгаагаар нь хэр сайн зурагчин болохыг нь олж мэдэж болно. Анхандаа хүмүүс бүгд л сайхан хандаж, тусалж дэмжилгүй л. Тэгээд л алдартай, мөнгөтэй, нөлөөтэй болоод ирэх тусам муулж эхлэх нь жам юм. Роберт Фрэнк “The Americans” цувралаа анх гаргахад бүгд л түүнийг үзэн ядсан.
Шүүмжлэгчид түүнийг коммунист үзэл санаатай, муу муухайг харуулсан, анти-америк үзэлтэй гэх зэргээр хатуурхаж байж. Тэр ч бүү хэл хар цагаан гэрэл зургийг хамгийн муухайгаар харуулсан, чадваргүй нэгэн сонирхогч ч хэмээн ярьдаг байв. Харин одоо бүгд түүнийг шүтэн биширч, тэрээр хэдэн сая гэрэл зурагчдад өөрсдийн хэв маягаа олоход нөлөөлсөн билээ.
Аливаа шинэ бүхэн шүүмжлэлд өртөнө гэдгийг сана. Анх Дайдо Морияамаг ч гарч ирэхэд бүгд л түүнийг шүүмжилж байсан ч тэр үл тоож, хийсэн зүйлсээ үргэлжлүүлсээр өөрийн хар цагаан гэрэл зургийн сарнилттай, өвөрмөц хэв маягийг бусдад таниулж чадсан юм.
Цуврал нийтлэл таалагдсан бол сэтгэгдэл үлдээгээрэй, дараагийн нийтлэлээр уулзацгаая!
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.