Миний амьдралын бартаатай замнал | Контемпорари архитектур үзэсгэлэн

Миний амьдралын бартаатай замнал | Контемпорари архитектур үзэсгэлэн

Аливаа хот, тосгоны аж байдал, өнгө төрх, үйл явдлуудыг илэрхийлэх түүхэн сурвалж бол барилга байгууламжууд байдаг. Тэнд өсөж торнисон иргэдийн бага, залуу насны дурсамж мөн цаг үеийн чухал үйл явдлын гэрч болдог учраас хотын ой санамж бол барилгууд мөнөөс мөн. Бидний сайн мэдэх Урт цагааны барилга буюу монголын анхны орчин үеийн архитектурыг төлөөлөх чухал бүтээлийн эзэн Б.Дамбийням архитекторын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан нээсэн үзэсгэлэнг бид сурвалжиллаа. Энэ үеэр Контемпорари Архитектурын Төв (КАТ)-ийн захирал Б.Батзоригтой ярилцсанаа хүргэе.

Нийтэлсэн
9 сарын 27, 2024
Хуваалцах

Сайхан барилга сэтгэлийн чимэг.

Б.Дамбийням

"Б.Дамбийням: Миний амьдралын бартаатай замнал" ном болон үзэсгэлэнг хамтран зохион байгуулсан: 
Дамбийнямын ЭНЭРЭЛ
Контемпорари Архитектурын Төв

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө болон үзэсгэлэнгийн талаар танилцуулаач.
Үзэсгэлэнгийн хувьд манай ууган архитекторуудын нэг, Монгол Улсын хоёр дахь архитектор Бандийн Дамбийням гуайн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулж гаргаж буйгаараа онцлогтой. 1924 онд Буриадад төрөөд жаахан хүүхэд байхдаа тэрээр монголд ирсэн гэдэг. Б.Дамбийням гуай бол 40, 50 жилийн турш энэ салбарт архитектор, багшаар ажилласан, мөн барилгын салбарт ч ажиллаж явсан гавьяатай хүн юм. Энэ хүний 100 жилийн ойг тохиолдуулж амьдралынх нь дурсамж дурдатгалыг багтаасан ном гаргасан. Номын хажуугаар заавал үзэсгэлэн байх хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр бид тус үзэсгэлэнг дэглэж зохион байгуулж байна. Номын тухайд түүний өөрийн бичиж үлдээсэн намтар тэмдэглэл, охин Д.Энэрэл болон найз нөхөд, хамаатан садных нь дурсамж, үзэсгэлэнд гарсан бүх зураг, хөрөг багтсан ийм баялаг ном болж чадсан.

Хүмүүсийн мэддэг Урт Цагаан, Улсын их дэлгүүр зэргээс гадна өөр ямар уран бүтээлүүд байдаг вэ?
Хүмүүсийн сайн мэддэггүй гэвэл Эрүүл Мэндийн Яамны барилга байна. Энэ бол түүний хамгийн анхны бүтээлүүдийн нэг. Японы инженерүүд болон монгол архитектор, инженерүүд хамтарч барьсан барилга юм. 1956 онд дөнгөж сургуулиа төгсөж ирээд хийсэн бүтээл. Тэр үед бол их том хашаанд байдаг байсан. Хашааны хаалга, хойд талын жижиг барилгуудын зураг дизайныг мөн гаргаж хийсэн. Түүнчлэн хүүхдийн урлан бүтээх төвийн оройны хэсгийн чимэглэлийг гардаж бүтээсэн ийм архитектор. Зоос гоёлын баруун талын орон сууц, хойд талд нь байдаг 19-р байрны зураг төслийг ч хийсэн. Өөрөө тэр байранд амьдарч байсан. Хүмүүсийн мэддэгээр одоо бол өглөөний гудамж болчихсон “Гутлын 22”-ын зураг төслийг хийсэн. Ховдын театр байна. Тухайн үедээ хамгийн гоё театр байсан, одоо ч хэвээрээ. Олон нийтийн орон сууц, засаг захиргааны барилгууд байгаа. 2-р эмнэлгийн барилга байна. Өөр мөн Пионерын ордон (Хүүхдийн ордон)-ы барилга зэргийг тодотгож болно. Зөвхөн шинэ барилгын зураг төслөөс гадна хуучны сүм хийдийн хэмжилтийг хийж, тэдгээрийг хэрхэн авч үлдэх, хамгаалж хадгалах тухай судалгаа хийж байсан чадварлаг архитектор, сэхээтэн, багш хүн.

Монголын уран барилгын талаар та ямар бодолтой байдаг вэ?
Уран барилга бол аливаа барилга байгууламжийг илүү уран талаас нь харуулж буй юм. Гэхдээ зөвхөн гоо зүй талаасаа биш хүмүүсийн аж амьдрал, оновчтой хэрэглээний урсгалыг тохируулах, аюулгүй байдал, бат бөх чанар, өөрийнх нь үнэ цэн нийлж байж уран барилгын архитектур бий болно. Орчин үед эдийн засаг, улс төрийн байдлыг илүүтэй тодруулж харуулах болсон. Цаг хугацаа, нийгмийн хөгжлөөс шалтгаалан хувьсан шинэчлэгддэг ийм мэргэжил. Барилгууд хот дотор хоорондоо зэрэгцээд байх энэ харьцаа маш чухал. Архитектур гэдэг нь товчхондоо бол иймэрхүү. Уран барилга бас л зөвхөн гоо зүй талаасаа биш бүхий л талаас нь харах хэрэгтэй. Материал, хэрэглээ бас чухал. Энэ бүгд нийлж байж уран барилга бий болдог гэж ойлгодог. 

Урт цагааны барилгыг нураах үед танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?  Ихэнх хүмүүс Улаанбаатарын түүхэн барилгыг нураалаа гэснээс Б.Дамбийням гуайн уран бүтээл шүү гэдэг өнцгөөс нь харсан болов уу?
1990-ээд оноос чөлөөт эдийн засгийн зах зээлийн үе эхэлж хүмүүс гадаад явж нүд тайлах, өөр газар суралцах, барууны соёлтой танилцах болсон. Ингээд илүү баруунжих, хуучны барилга энэ бүгдийг мартах, хаях зэрэг ийм асуудлууд гарч ирсэн. Буцаад хуучин үе рүүгээ, үндэсний хэв маяг руугаа оръё гэхэд бол бүр 13-р зууны үе, гэр сууц, монголын эзэнт гүрний барилга, архитектур гээд тэр үе рүү чиглэж байсан. Гэхдээ монголын архитектур бол харагдах байдал хэлбэр дүрс гэхээсээ илүү хэрэглэгдэж байгаа арга барил, урсгал, ёс заншлаасаа хамаараад хөгжих ёстой. Б.Дамбийням гуайн Урт Цагааны барилгын бүтээл бол маш түүхэн газар баригдсан. Нийслэл хүрээний үед наймаа арилжааны зах байсан ийм урт гудамж. Тэр үед бол маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн зарагддаг байсан, хүмүүс өдөр тутам наймаа арилжаа хийдэг байсан газар.

Ардын хувьсгал болсноос хойш энэ газар байхгүй болоод гэр хорооллоор дүүрчихсэн. Гудамж нь чөлөөтэй ч гэсэн наймаа арилжааны үйл ажиллагаа нь байхгүй болчихсон. Харин Б.Дамбийням гуайн гаргасан гол санаа бол өмнө нь байсан тэр гудамжны үйл ажиллагааг эргээд сэргээх зорилготой. Хуучны түүхэн сүм хийдийн барилгыг орчин үетэй хэрхэн хослуулах вэ гэдэг санаан дээр үүссэн монголын сор болсон барилгуудын нэг бол Урт Цагаан юм. Гэтэл ингээд нураагаад хаячхаж байгаа явдал бол бид нарын анхааралгүй байдал, архитектурын мэргэжлийн үнэ цэнийг олон нийтэд сурталчлахгүй байгаа болон хамгаалахгүй орхисонтой холбоотой гэж харамсдаг. Энэ хүний хийсэн түүхэн барилгуудыг хүмүүс мэдэхгүй байгаа нь архитектурын чиглэлээр ажиллаж яваа бидний алдаа гэж бодож байна. Зөвхөн энэ Урт Цагаан гэлтгүй монголын ууган архитектор Б.Чимэд гуайн Байгалийн түүхийн музейн барилга байна. Энэ бүгд бол монголын өнгө төрхийг бүтээсэн эрхэм архитекторуудын бүтээл юм. Энэ бүхнийг хүмүүст таниулж, гаргаж ирэх нь бас энэ үзэсгэлэнгийн онцгой зорилго. 

Сэргээн засварлалтын салбар монголд байдаг юу?
Сэргээн засварлалтын салбар монголд байгаа. Эрхэм архитекторууд ч бас энэ хуучны сүм хийд барилгуудыг яаж хадгалж авч үлдэх вэ гэдгийг судлаад явж байсан хүмүүс. 1970, 80-аад оны дундуур сэргээн засварлалтын салбарыг хөгжүүлье, сайжруулъя, энэ бүхэн маань хэцүүдээд байна гээд тусгайлсан судалгааны ажлууд хийдэг байсан. Гэвч зах зээлийн үед хаягдчихсан. Хуучны тэр сайхан барилгуудыг улс л хариуцах болсон. Засаж чимэглэх үү, музей болгох уу гээд шийдвэрийг улс дангаараа гаргаж байсан. Эдийн засгийн байдлаас үүдээд энэ ажлуудыг хийх сонирхолтой хүмүүс ч багасаад ирсэн. Зах зээлийн захиалгат барилга гэдэг рүү мэргэжлийн хүмүүс анхаардаг болоод хуучны барилгуудыг сэргээн засварлах ажил хаягдаад байгаа нь маргаангүй үнэн. Мэдээж сэргээн засварлалтын архитекторууд, энэ чиглэлээр сурч төгссөн мэргэжилтнүүд манай улсад цөөн ч гэлээ бий. Гэхдээ энэ бол маш чухал салбар, хүн хүч дутаж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сэргээн засварлалтыг юу гэж ойлгох вэ гэхээр хүн өвдөөд эмчлүүлдэгтэй адил барилга ч бас муудаад хуучрахад засах болдог, ингэж л ойлгох хэрэгтэй. Цаг хугацаа өнгөрөх тусам барилгууд хуучраад байна. Энэ бүхнийг засаж залруулах маш том орон зай байгаа нь бас сайн хэрэг. Энэ үйл хэргийг хийж явсан хүмүүс маань өмнөх шигээ байхаа больж байна, цөөрч байна. Тэгэхээр залуу үед сэргээн засварлах үүрэг уламжлан ирж байна. Учир нь түүхэн барилга байгууламж, чадварлаг архитеторчдын сор бүтээлийг хадгалж авч үлдэх нь өнөөгийн нийгэмд хамгийн их хэрэгцээтэй, мөн маш том ажил. 

Улаанбаатар хот хэдэн оноос хойш ийм замбараагүй, төлөвлөлтгүй болсон бол?
Энгийн хүмүүс харахад замбараагүй харагдаад байгаа юм. Улс бол хотынхоо дэд бүтэц, гэр хорооллыг шийдэх энэ ажлыг огт хийхгүй байгаагийн гор нь ийм замбараагүй болчхоод байгаа юм. Яагаад хүмүүс хотын төвдөө бөөгнөрөөд байгаа вэ гэвэл хамаг дэд бүтэц, бүх төр захиргаа нь төвдөө байна. 2050 онд дэлхий дээрх бүх улсуудын тарсан бутарсан суурин газрууд нэг газраа төвлөрнө гээд байгаа юм. Энэ үйл явц аль 30, 40-өөд оноос эхлээд явчихсан. Манайд бол сүүлийн 20, 30 жилд эдийн засаг илүү нээлттэй болж байгаа энэ үеэс хойш өрнөж байгаа үйл явц. Олон хүн бөөгнөрөөд ирэхээр дэд бүтэц, тээвэр, дулаан цахилгаан гээд асуудал гарч ирнэ. Гэхдээ эндээс зугтаах биш, асуудлыг боломж гэж харж шийдээд явах хэрэгтэй. Эндээс зугтаад дахиад шинэ хот байгуулах нь утгагүй. Энэ хотоо, энд байгаа иргэдээ бас яах юм. Асуудлууд мэдээж байна. Түгжрэлийг одоо метрогоор шийдэх ч юм уу. Ямар нэгэн аргаар асуудлуудыг цогцоор нь шийдэж байж л эмх цэгцтэй, төвлөрсөн, хүртээмжтэй хотыг бүтээнэ. Өмнө нь бол хов хоосон газар дээр хот барьдаг байсан бол одоо энэ байгаа хотоо сайжруулаад бүтээх гэдэг бол өнөөгийн чиг хандлага болсон байна. Яг л хуучирсан түүхэн барилга байгууламжаа сэргээн засварлаж, дараагийн зуун зуун жил өвлүүлэн үлдээхтэй ижил ойлголт гэхэд болно. 

Тэгвэл одоо Улаанбаатар хотод үлдсэн түүхэн барилгуудыг хэрхэн хамгаалж авч үлдэх вэ? Үүний тулд хүмүүс хэрхэн оролцох хэрэгтэй вэ?
Юун түрүүнд хуучин барилгуудын үнэ цэнийг ойлгуулах хэрэгтэй байна. Одоо нэг хуучны барилгыг хотын өв болгоё гэж бодоход тодорхой заалтууд байх хэрэгтэй. Нэгдүгээрт, хэн энэ барилгыг барьсан юм, дараа нь юугаар барьсан, яаж барьсан, ямар зорилготой барьсан талаар асуулт тавина. Жишээ нь, монголын ууган архитекторуудын нэг Б.Дамбийням гуай энэ барилгын зураг төслийг гаргасан гэвэл нэг шаардлагыг давах нь. Дараа нь ямар хэв маягаар барьсан барилга болохыг хараад үнэлээд явах хэрэгтэй. Энэ тухай хуулийн төсөл, соёлын хуульдаа тусгаж өгөх ёстой. Үүний хажууугаар энэ бүтээлүүдийн үнэ цэнийг огт мэдэхгүй байгаа явдал. Мэддэг үеийн маань төлөөллүүд цөөрч эхэлж байна. Гэхдээ аливаа бүтээлийн үнэ цэнийг үнэлдэг, ойлгодог залуу үеийнхэн гарч ирж байгаад талархдаг.  Үе үедээ ийм үнэ цэнтэй бүтээлүүд шүү гэдгийг танилцуулж сурталчлах хэрэгтэй. Ингэж таниулснаараа бид нар яаж энэ бүхнийг хадгалах, хамгаалах тал дээрээ хамтарч нэгдэж эхэлнэ гэсэн үг. Иймэрхүү маягаар л явах болов уу гэж бодож байна. Залуучуудын оролцоо үнэхээр нэмэртэй. Зөвхөн залуучууд гэхгүй нийт бид бүхний оролцоо чухал. Энэ хотод бид нар л амьдарч байгаа. Хуучинтайгаа зохицож байж л бид нэгдэ, цааш урагшилж чадна. Хөдөө орон нутагт уул, усаараа нэгддэг бол хотод бид нар хороолол дүүрэг хөршөөрөө нэгддэг байх. Хотын ой санамжийг барилга байгууламж, гудамж талбай бүрдүүлдэг. Үүнийг л илүү сайн мэдэж мэдэрч байж бид хамтдаа хайрлаж хамгаална. 

Энэ ажил эхлээд явж байгааг Улаанбаатарын Архитектурын Өв гэрэл зургийн үзэсгэлэнгээс ойлгосон. Үүний адил дараа дараагийн төлөвлөсөн ямар үйл ажиллагаанууд байгаа вэ?
Тэр үзэсгэлэнг бол “Хүрээ Архитекторууд” ТББ, “Архитектурын гэрэл зургийн холбоо” ТББ хамтран зохион байгуулсан. Бид нарын зорилтот оролцогчид бол мэргэжлийн хүмүүс, оюутан залуус байсан, түүнээс гадна мэргэжлийн гэрэл зурагчид оролцоосой, тэр хүмүүс маань энэ мэргэжлийн үнэ цэн, ийм учиртай барилга юм байна шүү гэдгийг ойлгоосой гэдэг үүднээс уралдааныг зохион байгуулсан. Хамгийн гол нь шүүгч нар маань янз бүрийн салбарын, тал талын мэдлэгтэй хүмүүс байсан. Тухайн хүмүүст маань энэ мэргэжлийн тухай, архитектурын гэрэл зурагт барилга нь чухал юм уу, зохиомж нь эсвэл гэрэл сүүдэр нь чухал юм уу гэдэг тал дээр  санал бодлоо солилцох ийм сургалт (workshop) болсон. Тэгж байж уралдааны бүтээлүүдийг шалгаруулсан. Цаашдаа гэрэл зурагчид ч бас архитектурын үнэ цэнийг ойлгож, сонирхож эхэлнэ. За, Б.Дамбийням гуайн энэ үзэсгэлэн бол “Тодруулга” төслийн зөвхөн нэг хэсэг нь. Ийм үзэсгэлэн зэрэг үйл ажиллагаанаас гадна олон нийт рүү чиглэсэн ажлуудыг төлөвлөж байгаа. Салбарын бус хүмүүст энэ мэргэжлийг сурталчлах, үнэ цэнийг ойлгуулахад чиглэсэн үйл ажиллагаанууд байна. Мөн Аюурын Хишигт хэмээх монголын гурав дахь архитекторын номын ажил руу орохоор төлөвлөсөн. Б.Чимэд гуайн 2017 онд гарсан номын хоёр дахь хэвлэлийн ажил болон энэ гурван архитекторын нэгдсэн бүтээлийн номыг гаргахаар ажиллаж байна. Ном бол орчин үеийн дизайн шийдэлтэй, шүүмжтэй байх болно.  Манай Контемпорари Архитектурын төвөөс эрхлэн гаргах ийм номын ажлуудаас гадна уралдаан, тэтгэлэг гээд олон зүйлсийг төлөвлөсөн. 

Цаг гарган ярилцсанд маш их баярлалаа, та бүхний төлөвлөж буй цаашдын ажилд амжилт хүсье. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.