П.Лхагвадуламын "УРАГШАА ХАРСАН ЦОНХ" кино Швейцарийн наадамд сонгогдлоо
Монголын Гуру Медиа болон Францын Аврора Филмс компаниудийн ээлжит шинэ уран бүтээл болох найруулагч Пүрэв-Очирын Лхагвадуламын "УРАГШАА ХАРСАН ЦОНХ" богино хэмжээний кино дэлхийн томоохон кино наадмуудын нэг болох 78 дахь удаагийн Локарно Олон Улсын Кино Наадмын Pardi di Domani – Concorso Corti d’Autore (Leopards of Tomorrow – Short Film Competition) буюу Богино хэмжээний кино уралдаант хэсэгт албан ёсоор сонгогдлоо.
Локарно кино наадмын Богино хэмжээний киноны уралдаант (Pardi di Domani) хэсэг нь киногоор дамжуулан улс үндэстэн, үе хоорондын дундах харилцааг бий болгох, холбох, мөн дэлхийн кино урлагийн ирээдүйг тодорхойлох залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой уралдаан юм. Энэ жил тус уралдааны 3 бүлэгт нийт дэлхийн 25 орны 40 кино бүтээл сонгогдон, шагналын төлөө өрсөлдөж байна.
Киноны тухай:
“УРАГШАА ХАРСАН ЦОНХ” кино нь хүйтэн, хөндий болсон харилцаагаа эргүүлэн аврахаар хичээж буй залуу хос хэрхэн бие биенээ ойлгон, асуудлаа даван туулж буйг нэмэлт хачиргүй, уран сайхны энгийн өгүүлэмжээр дүрсэлсэн бүтээл юм. Киноны гол дүрд залуу жүжигчин Мөнхбатын Аззаяа, Мөнхнасангийн Алтаншагай, туслах дүрд Цогбадрахын Оюунцэцэг, Бат-Оршихийн Одгэрэл, Сүхбаатарын Сарангэрэл, Шагдаржавын Батбаяр нар оролцон тоглосон. Киноны продюсераар Катя Хакак (Аврора Филмс), Х.Оюундарь (Гуру Медиа), зураглаачаар Vasco Viana (Португал), камерийн 1-р туслах SELMA Lopes (Португал), дууны инженер Benjamin Silvestre (Франц) болон бусад Монгол, Франц, Хонг Конгийн нийт 50 гаруй уран бүтээлчид хамтран ажилласан.
“УРАГШАА ХАРСАН ЦОНХ" киног Хонг Конгийн Asian Film Awards Academy-ийн дэргэдэх International Film Camp хөтөлбөр болон Францын Үндэсний Кино Урлагийг Дэмжих Сан, Арте Франц зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр Гуру Медиа болон Аврора Филмс хамтран продюсерлэн бүтээлээ.
Найруулагчийн тухай:
Кино найруулагч, зохиолч П.Лхагвадулам нь 1989 онд төрсөн. Турк улсын Dokuz Eylul University-ийг кино найруулагчаар төгссөн ба төгсөж ирээд эх орондоо МҮОНРТВ-д мэргэжлээрээ ажиллаж, мөн Кино Урлагийн Дээд сургуульд багшилсан. Улмаар Европын KinoEyes хөтөлбөрийн мастерийн хөтөлбөрийг кино зохиолчоор дүүргэсэн бо одоо Португалийн Лисбоны Их Сургуульд кино зохиолчоор докторын зэрэг горилон суралцаж байна. Түүний бүтээл, амжилтуудаас дурдвал:
“Шилүүс” богино хэмжээний кино, 2020 (Каннын кино наадмын Богино хэмжээний киноны
уралдаант хэсэгт шалгарсан)
“Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино, 2022 (Венецийн кино наадмын Богино хэмжээний киноны
уралдаант хэсгээс Алтан Арслан шагнал, Торонтогийн кино наадмын Шилдэг богино
хэмжээний кино шагналыг тус тус хүртсэн)
“Сэр Сэр Салхи” бүрэн хэмжээний уран сайхны кино, 2023 (Венецийн кино наадмын Орризонти хэсгээс Шилдэг
эрэгтэй дүрийн шагнал хүртсэн)
“Урагшаа Харсан Цонх” богино хэмжээний кино, 2025 (Локарногийн кино наадмын Богино хэмжээний киноны
уралдаант хэсэгт шалгарсан)
Продюсерийн тухай:
Гуру Медиа продакшн нь Монголын кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, үндэсний киног дэлхийд таниулан сурталчлах, энэ салбарт олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой ажилладаг билээ. Сүүлийн жилүүдэд продюсэрлэн ажиллаж ажлуудаас: “Алсын Удирдлага”, “Хэвтэрийн хүн”, “Сайнхүү”, “Есдүргээр сарын цас”, “Сэр Сэр Салхи”, “Чоно үүр шөнөөр ирдэг”, “Зогсоол” зэрэг уран сайхны болон баримтат кинонуудыг гадаад, дотоодын хамтрагчидтай хамтран бүтээж байна.
"УРАГШАА ХАРСАН ЦОНХ" кино төсөл нь анх 2023 онд Азийн кино уран бүтээлчдийн бүтээлийг дэмжих зорилготой Хонг Конгийн Asian Film Awards Academy-ийн дэргэдэх International Film Camp хөтөлбөрт сонгогдон, продакшний тэтгэлэг авч бүтээсэн ба тус хөтөлбөрийн ээлжит тэтгэлэг яг одоо зарлагдсан байгааг энэ дашрамд Монгол уран бүтээлчиддээ дуулгахад таатай байна.
Холбоо барих:
ГУРУ МЕДИА ПРОДАКШН
Продюсер Х.Оюундарь
И-мэйл: oyundarik@gmail.com ariunaa.gurumedia@gmail.com
Цахим хуудас: www.gurumedia.mn
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.