Н.Сүхбүрэн: Төрөх, үхэхийн завсар дахь орон зай бол нэгэн цул
ЮНЕСКО-ийн IAC керамик урлагийн академийн уран бүтээлч Н.Сүхбүрэнтэй бид түүний “Нэгэн цул” үзэсгэлэнгийн үеэр ярилцлаа. Түүний бүтээлүүд бол амьдралын уналт, босолт, гэрэл, сүүдэр бүхний нийлбэр. Хүн төрөхөөс үхэх хүртлээ тээдэг мэдрэмж, бодол, дурсамжууд нэгэн урсгал болж, эцэстээ нэгэн цул болон тогтдог хэмээн уран бүтээлч өгүүлнэ.
Энэ үзэсгэлэнгийн орон зайд зөөлөн гэрэл харанхуйг нэвтлэн, улмаар усны гүнээс эхэлсэн мэдрэмжийн аялал аажмаар ухаарал руу хөтөлнө. Үзэгч өөрийн доторх чимээг сонсож, амьдралын жижигхэн жаргал, түр зуурын гуниг хүртэл хоорондоо шингэж нэг бүхэл болдгийг мэдрэх шиг.
Үзэсгэлэн хаанаас эхлэлтэй вэ?
2023 онд би “Нэгэн цул” медиа концептыг гаргаж байсан. Энэ үзэсгэлэнгийн суурь нь анх өөр бүтээл дээр тавигдаж, явцын дунд маш олон ишлэл үгс, бодол санаа холилдон орж ирсэн юм. “Төрөх үхэхийн өнгө нь ижил”, “Төөрсөн сүүдэр”, “Төгс төгөлдрийн эрэлд”, “Чулуу салхинд үл итгэхүй”, “Манантай хамт замхрахуй” гэх мэт олон үгс төрөөд нийлж явсаар бүгд нэгэн цул болсон. Энэ бүхний ард миний амьдралын уналт босолт, туулсан бүх туршлага, мэдрэмжийн нэгдэл бий.
Зовлон угаас байдаг, жаргал ч бас. Жаргалын хойноос хөөцөлдөх хэрэггүй, зовлонгоос зугтах ч шаардлагагүй. Энэ бол төрөх, үхэхийн хооронд хүний амьдралд байдаг л зүйлс. Бид харанхуй эхийн хэвлийд бүрэлдэн бий болж, гэрэлт ертөнцөд хүн болон мэндэлдэг. Төрөөд зовлон жаргал, хайр энэрэл, харуусал гуниг бүгдийг туулаад, эцэст нь эх дэлхийдээ уусан шингэдэг. Тиймээс төрөх үхэхийн хооронд зовлон жаргалыг дэнслээд хэрэггүй. Юмсыг байгаагаар нь хүлээж авах нь чухал. Энэ санааг л бүтээлүүдээрээ дамжуулан ойлгуулахыг хүссэн.
Үзэсгэлэнд “Тэнгэр асгарах” нэртэй бүтээл бий. Тэнгэр асгартал гэж аадар бороо асгарахыг хэлнэ. Аадар бороо орохоос өмнө үүлс хурж, түнэр харанхуй бүрхэн гэрэл гэгээ алга болдог. Асар хүчтэй аянга цахилгаан цахилна. Эцэстээ аадар зогсож, нар манддаг. Үүний адил зовлон бол түр зуурын аадар. Тиймээс амьд байгаа, агаарыг, усыг мэдэрч байгаа тэр мөчүүддээ хүн талархаж амьдрах ёстой.
Бид үхэхээ мэддэг. Харин мэдрэмжээсээ салахыг мэддэггүй учраас айдаг. Мэдрэмж байгаа цагт дурсамж байдаг. Хүн амьдрахын гол шалтгаан бол мэдрэмжийнхээ хойноос хөөцөлдөх. Тиймээс амьд байгаа энэ хугацаандаа мэдрэмж бүрээ хайрлаж, нандигнаасай гэж хүсдэг. Бүх зүйл эцэстээ буцаад эхний цэг дээрээ ирнэ. Төрөх үхэхийн завсар дахь орон зай өөрөө нэгэн цул. Сайн муу бүхэн нийлж байж л тэр цул нь бий болдог.
Орон зай, дэглэлтийн хувьд?
Үзэсгэлэн эхлэхдээ усан доторхыг дүрсэлсэн инстоляцаас эхэлнэ. Эхийн хэвлий бол ус. Цааш ороход харанхуй өрөөнд шилжинэ. “Хавар – Туул” хэсэгт би төрсөн хотынхоо Туул голын гоо үзэсгэлэнг харанхуйд л анх мэдэрсэн тэр мөчөөс санаа авсан. Хаврын үнэр, ая, нүдээр харсан мэдрэмж бүгд нэг уур амьсгал болж үлдсэн. Түүнийг үзэсгэлэндээ шингээж, бүүдгэр гэрлээс гэрэл гэгээ рүү шилжих мэдрэмжийн урсгалыг бүтээсэн. Хүмүүс дурлаж байна, цэцэглэж байна. Тэр бүх мэдрэмжийг багтаасан.
Энэ удаагийн үзэсгэлэн бол зовлон жаргалыг даван туулж ойлгосон хүний ухаарал. Жаргал зовлон угаас нэг зүйл. Энэ бол монголчуудын өв соёлд үргэлж байсаар ирсэн. Цагаан сараар хэвийн боовоо өрөхдөө ч “жаргал зовлон” гэж өрдөг шүү дээ. Бид түүнийг мэдэлгүйгээр далд ухамсартаа тээгээд өссөн. Харин орчин үеийн олон мэдээлэлд хэт автаад тэр үндсэн философио мартсан юм болов уу гэж боддог. Тэр сургамжийг урлагаар дамжуулж буцааж оруулж ирэхийг хүссэн.
Үзэсгэлэн бэлтгэх явц, нээлтийн дараах мэдрэмж?
Бэлтгэх явцад маш олон зүйл давхар давхар мэдрэгдсэн. Маш олон уран бүтээлч, найз нөхөд, ах дүү нар тусалсан. Үзэсгэлэн үзээд гарах хүмүүсийн сэтгэгдэл, мэдрэмжийг харахад зорилгодоо хүрч байгаа гэж найдаж байна. Өдөр тутмын стресс дунд хүмүүс дэргэдээ байгаа жижиг аз жаргалыг анзаарахгүй өнгөрөөдөг. Тэр жижиг, энгийн мэдрэмжүүдээ битгий мартаарай гэсэн санааг л өгөхийг хүссэн.
Бүтээлүүд дээрх нүд нээгддэггүйн учир юу вэ?
Нүдээ аниад мэдрээд үз. Харанхуйд юу ч харагдахгүй, хар бараан л бий. Тэр хар бараанд гэрэл тусахад сүүдэр гардаг. Амьдралын хуурамч тал биднийг олон дүрд оруулж, олон сүүдэр наалдуулдаг. Харин гэрлээ унтраагаад харанхуйд ганцаараа байхдаа хүн өөртэйгөө хамгийн дотно харилцаанд ордог. Энэ бол хамгийн том эрх чөлөө. Нүдээ аниад, дотоод ертөнцтэйгөө уулзах нь хүний үнэн оршихуй. Хар өнгө бол хамгийн шударга, ямар ч өнгөнд хиртдэггүй, урвадаггүй. Энэ утгаараа нүд нээгдэхгүй байх нь дотоод ертөнц рүү чиглэсэн бясалгалын хэлбэр, эрх чөлөөт орон зай.
Үзэсгэлэнгийн бүтээлүүд зарагдаж байгаа юу?
Тийм ээ, бүтээлүүд зарагдаж байгаа. Би өөрөө хүүхдэд их хайртай. Тиймээс НҮБ-ын хүүхдийн төлөө байгууллагатай хамтран бүтээл бүрээс тодорхой хувийг хандивлаж, өсвөр үеийн хүүхдийн сэтгэл зүйг дэмжих ажлыг эхлүүлсэн. Энэ бол уран бүтээлчийн хувьд ч нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй хэрэг. Урлагаар дамжуулж нийгэмдээ хэрэгтэй байх нэг хэлбэр. Хувьдаа монголын ирээдүй хөгжинө гэдэгт 100 хувь итгэдэг учраас тэдэнд чадахаараа хувь нэмэр оруулахыг хүсдэг.
Нэгэн цулаас цааш...
Би ирээдүйг төлөвлөж яриад байдаггүй. Уран бүтээлч хүн цаг үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Өөрчлөлтөө мэдэхгүй байж байгаад дараа нь урьдчилан яривал өрөөсгөл болно. Тиймээс өнөөдрийнхөө хийсэн бүтээлдээ талархаж, хөх тэнгэртээ залбирч, алтан нараа түшиж, өөдрөг яваад байвал бүх зүйл болно.
Цаг гаргаж бидэнтэй ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.