Д.Давааням: Дотно хүтүүс

Д.Давааням: Дотно хүтүүс

Хальсны гэрэл зураг тэр дундаа хар цагаан гэрэл зураг бол хуучны бүдгэрсэн дурсамжийг сэргээн сануулдаг бөгөөд цаанаа л “амьд” мэдрэмжийг хүлээн авагчдад хүргэдэг увдистай билээ.

Нийтэлсэн
7 сарын 2, 2024
Хуваалцах

Гэрэл зурагчин Д.Давааням KIEV-6C 6х6-ийн өргөн форматын аппарат болон 1993 оны ORWO NP22 хугацаа нь дуусаад 20 гаруй жил болсон хар цагаан хальсаар “Дотно хүмүүс” хэмээх хөрөг гэрэл зургуудыг буулгажээ. Тэрээр бүтээлээ тайлбарлахдаа “Хүн болгонд дотно хүмүүс бий. Уулзаж байсан, ярилцаж үзсэн, огт ярилцаж байгаагүй ч эчнээ нэгэн танил гээд хаа нэг газар таарч эсвэл зөрөөд л өнгөрсөн ч сэтгэлд ойр санагдах хүмүүс байдаг. Тийм танил мэдрэмжийг бүтээлдээ шингээхийг хүссэн.” хэмээсэн юм. Хальсны гэрэл зураг тэр дундаа хар цагаан гэрэл зураг бол хуучны бүдгэрсэн дурсамжийг сэргээн сануулдаг бөгөөд цаанаа л “амьд” мэдрэмжийг хүлээн авагчдад хүргэдэг увдистай билээ. Түүний энэхүү хөрөг гэрэл зургийн цомгоос бид 5 бүтээлийг онцлон дэлгэрэнгүй тайлбарын хамт хүргэж байна. 

 Гэрэл зурагт дурлуулж, гэрэл зургийн тухай анхны А үсэг заасан эрхэм хүн. Жил бүрийн цагаан сараар багшдаа очин золгодог. С.Туяа багш маань Герман улсад гэрэл зургийн боловсрол эзэмшсэн хэдхэн хүмүүсийн нэг. Бид багш шавь болоод 20 жил болсон байна.

 Зураач Д.Ариунсайхан ах олон жилийн өмнө өргөний хальсаар хөрөг зургууд авч байсан юм. Тэгээд тухайн үед зургийг нь авч байсан хүмүүсийнхээ хөрөг зургийг ахин авахаар явахад нь 2022 оны нэг өдөр хамт би явж байв. Хэд хэдэн хүний гэр болон урланд нь зураг авах боломж олдсон. До.Болд гуайн гэрэл зургийг авахад урамтай сайхан хүн байсан. Энэ үед ашигласан хальс гэрэл мэдрэх чадвар багатай тул хөшигний хурд 1/8 заримдаа 1/15 хурдаар авсан нь энэ билээ. 

Энэ үед М.Мөнхжаргал ах Улсын гэрэл зургийн газарт гадаад мэдээний редактороор ажиллаж байгаад хэсэг гэрэл зургаас хөндий байсан үе. Гэхдээ сүүлийн жилүүдэд "Баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сан"-гийн төслийн зохицуулагчаар ажиллаж байгаа юм. "Гудам" гэрэл зургийн клубын 2023 оны каталоги хийх тухай түүнтэй ярилцаж байхдаа энэ гэрэл зургийг авсан. 

Миний бие ажлын шугамаар урланд нь очихоо мэдээд хөрөг зургийг нь авахаар аппаратаа бэлдээд очихдоо эл зургийг буулгасан билээ. Шаланд ойсон нарны гэрлийг ашиглан авсан. М.Эрдэнэбаяр гуайн гэр бүлийн гишүүд цөм уран бүтээлч хүмүүс байдаг. Мөн ч их авьяастай уран бүтээлч шүү. 

Ажил дээр зочилж ирсэн хүмүүсийн хөрөг зургийг боломж гарвал заавал авахыг хичээдэг юм. Энэ бол “Мартагдсан шинэ” хар цагаан гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулах тухай уулзалтын дараа авсан зураг. Хальсаар авч байгаа учраас нэг хүнд нэг л кадр зориулна. Нэг л болж өгөхгүй юм уу ахиад жаахан шуналтвал илүү нэг хоёр кадр л авна. Энэ зураг тун дажгүй болсон гэж боддог. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.