• Нүүр
  • Сэдэв
  • Мэдлэг
  • Тэмцээн
  • Хөтөч
© Suuder INC. All Rights Reserved.
Powered by  
Орон зайн дурсамж ба үл үзэгдэх мөр: "XAOC 2026" наадмын онцлох уран бүтээлчид

Орон зайн дурсамж ба үл үзэгдэх мөр: "XAOC 2026" наадмын онцлох уран бүтээлчид

Дарь-Эхэд байрлалтай "XO Art Space"-д үүдээ нээсэн "XAOC 2026" наадам хотын хурдацтай шилжилт, орон зайн дахин тусгал, хүн ба орчны харилцан хамаарлыг шинэлэг өнцгөөр хөндлөө. Энэ удаагийн үзэсгэлэнд 11 орны нийт 17 уран бүтээлч бүтээлээ толилуулж байгаа бөгөөд тэд хотын хэмнэл, орон зайн шинэ туршилтуудаараа үзэгчдийн ухамсарт цоо шинэ сэдэл төрүүлж байв.

Нийтэлсэн
Pixels
Ярилцлага
10 сарын 1, 2026
0 Сэтгэгдэл
Хуваалцах
  • Link
  • Tweet
  • Share
  • Email

Энэхүү олон талт үзэсгэлэнгийн онцлох зочид болох Австрийн медиа артист Бернд Оппл өөрийн "Mushrooms (2026)" бүтээлээрээ хүний гараар бүтсэн архитектур болон байгалийн органик ургалтын сөргөлдөөн, дижитал ба бодит орон зайн заагийг хөндсөн бол Дани/Филиппиний перформанс урлагийн түүчээ Лилибет Куэнка Расмуссен "Улаанбаатарын гудам дахь баримлууд" төслөөрөө хотын өдөр тутмын ахуйн тусгал, эзэнгүй орон зай дахь хүний мөр ба зааг хязгаарыг эргэцүүлжээ.

Хотын хэмнэл, далд орших амьдрал, орон зайн шинэ туршилтуудын талаар тэдний өгүүлсэн сонирхолтой яриаг хүлээн авна уу.

Бэрнд Оппл | Mushrooms (2026) 

Хүний гараар бүтсэн орчин болон байгалийн амьд органмизм ургаж буй үйл явцын энэхүү зааг, сөргөлдөөнийг та хэрхэн зүйрлэж "Mushrooms (2026)" бүтээлээ хийсэн бэ?

Хүмүүс бид өөрсдийн хүрээлэн буй орон зайндаа бусад амьд, амьд бус биетэй зэрэгцэн оршдог тухай асуудал үргэлж миний сонирхлыг татдаг. Мөөг бол ургамал ч биш, хүн ч биш, маш өвөрмөц амьд организм. Жирийн нөхцөлд бид гэртээ ийм мөөг тарьж ургуулъя гэж бодохгүй шүү дээ. Аль болох далд байлгахыг л хүснэ. Тиймээс энэхүү далд, жигшим хэдий ч байгалийн жам ёсны үйл явцыг ил гаргаж, олон нийтэд харуулах нь сонирхолтой санагдсан. Хүмүүс бид өөр төрлийн амьд организм болон амьдарч буй орчинтойгоо холбогдож нэгэн төрлийн шинэ харилцааг үүсгэж байгааг бүтээлээрээ дамжуулан үзүүлэхийг зорилоо.  

Австрийн медиа артист Бэрнд Оппл (Bernd Oppl)

Энэхүү төслөө Нью-Йорк дахь арт резиденс хөтөлбөрт хамрагдаж байх үеэс эхлүүлсэн ба архитектурын жижиг моделиуд (макет) хийж, мөөгөө сар гаруйн хугацаанд ургуулсан.

Гагцхүү тухайн орчныг ямар нэг компьютер графикийн тусламжгүйгээр өөрийн гараар бүтээж, баримтжуулан, бодит орон зайг үзэгчдэд мэдрүүлэх үүднээс үзэсгэлэнгийн хэсгээ ашигласан макетуудаараа бүтээлээ. 

Миний хувьд бодит болон дижитал орон зайн зааг заримдаа тийм ч тодорхой байдаггүй. Бид бодит орон зайд амьдардаг ч бидний өдөр тутмын амьдрал энэ хоёр ертөнцийн зааг дээр бүрэлзэн оршиж байна. Тэдгээрийн хоорондох харилцан хамаарлыг судлах нь маш сонирхолтой.

Дарь-Эхийн гэр хороолол дундах "X0 Art Space"-д бүтээлээ дэлгэн үзүүлж байгаа нь маш сонирхолтой санагдаж байна. Асар их эрчим, давхцал, сонирхолтой ярианууд өрнөж байна. Энэ орон зайнаас төрсөн сөргөлдөөн, дотоод уур амьсгалыг би үнэхээр үзэсгэлэнтэй гэж харж байна. Бидэнд итгэл хүлээлгэж, чөлөөтэй туршиж үзэх боломж олгосон кураторуудадаа маш их баярлалаа.

Лилибет Куэнка Расмуссен | Улаанбаатарын гудам дахь баримлууд (Street Sculptures of Ulaanbaatar)

Лилибет Куэнка Расмуссен, X0 Art Space Гэрэл зургийг: ©Injinaash Bor

Улаанбаатарын гудамжинд дэлгэрсэн түүхий, агшин зуурын өнгө төрхийг галерейн орон зайд шилжүүлэн буулгах үйл явц хэрхэн өрнөв? Алийг нь сонгож үлдээхээ хэрхэн шийдсэн бэ?

Би төслөө Улаанбаатарт буусан эхний өдрөөсөө буюу 9 дүгээр сарын 6-ны Ням гарагт шууд эхлүүлсэн. Энд ирэхээс өмнө надад тодорхой санаа байсан ч ирээд орчноо мэдэрч эхлэхэд "энэ үнэхээр яг тохирох газар байна" гэж бодогдсон. Улаанбаатарын гудамжууд перформатив шинжтэй обьектуудаар маш баялаг. Би зүгээр л хотоор алхаж, тэдгээр зүйлсийн зургийг авч, дахин зохиомжилсон. Мэдээж санаа төрсний дараа тэр нь биелэх үү, үгүй юу гэдэгт бүрэн итгэлтэй байж чаддаггүй ч энэ удаад маш сайн хэрэгжсэн гэж бодож байна. Үнэндээ маш олон материал цуглуулсан. Гэхдээ цуглуулсан бүхнээ дэлгэвэл үзэгчид ойлгоход бэрх болох байсан тул тодорхой хэсгийг сонгож дэлгэн, тэнцвэрийг хадгалсан.

Миний хувьд урлаг гэдэг бол одоо цаг үеэ гүнзгий мэдрэх тухай юм. Миний бүтээлүүд ихэвчлэн үйлдлийн урлаг дээр суурилдаг. Тамхины ишээр дүүргэсэн хуванцар сав өдөр тутмын амьдралд ямар ч үнэ цэнгүй санагдаж болох ч тэдгээрийг галерейн орон зайд байршуулахад үзэгчдийн ухамсарт шууд өөрчлөлт гарна.

Энэ саванд цугларсан тамхины ишнүүд барилгын ажилчдын тамхи татаж буй тэрхүү үл үзэгдэх агшнуудыг санагдуулж ч болох юм. Энэхүү бүтээлээрээ дамжуулан материалын үнэ цэнийг бус, харин эргэцүүлэл болон дотоод мэдрэмжийг авчрахыг хүссэн.

"Улаанбаатарын гудам дахь баримлууд" 2026, Лилибет Куэнка Расмуссен | Орон зайн өрөг

Би өөрөө энд байхгүй байсан ч, анзаарвал энд хүний мөр асар их үлдсэн байгаа. Шалан дээр эмх замбараагүй асгарсан хөзрүүд, эзэнгүй хоосон хувингууд... Энэ бүхэн "Энд хэн байсан бэ? Тэд юу хийж байсан бэ?" гэх мэт олон асуултыг өөрийн эрхгүй төрүүлнэ. Би одоо энд байхгүй ч, тэдгээр эд зүйлс хүний оролцоотой бүтсэн гэх дурсамжийг илэрхийлж байдаг. Ямар нэг зүйлийг шууд тусган харуулахаас илүүтэй, аль хэдийн үүссэн орон зайг үзэгчид өөрсдийн оюун бодлоор тунгаахад зориулж асуултыг нээлттэй үлдээхийг хичээдэг.

Энд ирээд би олон нийтийн газар гэнэтийн перформанс хийсэн. Ойр хавьд явж байсан хүмүүс үүнийг огт мэдээгүй. Автобусны буудал дээр байсан 70 орчим настай нэг хүн надтай хамт бүжиглэсэнд их баярласан. Олон нийтийн газар хүмүүс миний хийж байгаа зүйлийг урлаг гэж ойлгох албагүй ч өөрсдийн мэдрэмжээрээ хүлээж аван, тэдэнтэй жинхэнэ холбоо үүсгэх нь миний хувьд хамгийн үнэ цэнэтэй. Урлаг заавал хүйтэн хөндий, ойлгомжгүй байх албагүй, ердөө л бодлогошрол, эргэцүүллийг төрүүлж байх ёстой. Миний зорилго ерөөс энэ.

Лилибет Куэнка Расмуссен Дарь Эхийн хуучин эцэс дээрх перформансын үеэр, Гэрэл зургийг: ©Injinaash Bor

Мөн Улаанбаатар хотод маш олон төрлийн зааг хязгаарууд байгааг ажигласан. Ялангуяа аюултай бүсийг анхааруулсан шар тууз (WARNING) хотын хаа сайгүй байсан нь сэрэмжлүүлэг болон зааг хязгаарыг маш тод харуулж байв. Зөвхөн энэ хотын "зааг хязгаар" гэсэн сэдвээр бие даасан бүтээл дэлгэн харуулж ч болохоор надад санагдсан.

XAOS 2026 наадам, X0 Art Space дэхь үзэсгэлэнгийн нээлтийн перформансын үеэр, Гэрэл зургийг: ©Injinaash Bor

Үзэсгэлэн 2026 оны 9-р сарын 26-аас 10-р  сарын 04 хүртэл X0 Art Space-д.

@xaosfestival

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.

Категори+ interview
Ярилцлага
Хамгийн сонирхолтой яриа өрнүүлэх зочдыг уншигч та бүхэнтэй уулзуулах болно.
Унших