Панорам зургийн гайхамшиг Hasselblad Xpan-II

Панорам зургийн гайхамшиг Hasselblad Xpan-II

XPan II нь бидний ихэнх нь мэддэг энгийн нэг хальсны камер биш. Технологи болон дизайны гайхамшгийг хослуулсан хэрэгсэл юм. Hasselblad-ийн камер нь үргэлж чанар, нэр хүндээ хадгалж, дунд форматын "Leica" хэмээн танигдсан байдаг. Тиймдээ ч их бие нь титан ба зураг буулгах механизм, дурангийн гүйцэтгэлийг Fujifilm-ээр хийлгэжээ.

Нийтэлсэн
12 сарын 5, 2024
Хуваалцах

Hasselblad 1998 онд XPan загвараа танилцуулж, 35мм камерын ертөнцөд шинэ нээлт хийжээ. Тус компани нь уламжлалт 6x6 medium форматтай камер үйлдвэрлэж байсан ч, Fujifilm-тэй хамтран XPan-ийг бүтээж, барууны зах зээлд Hasselblad XPan, Японд Fujifilm TX-1 нэрээр худалдаанд гаргасан юм. XPan загвар нь нэг хальс дээр стандарт 35мм-ийн зураг (24x36мм) авахаас гадна 2 хальс дээр нийлүүлж 1 панорама буюу 24x65мм зургийг сольж авдгаараа онцлогтой камер юм. Hasselblad XPan II загвараа 2003-2006 оны хооронд 5500 ширхэг үйлдвэрлэгдсэн ховор камер юм. Үйлдвэрлэгдэхээ больсон шалтгаан нь дижитал эрин үеийн эхлэл болон Европын холбооны улсын янз бүрийн шаардлагууд ч гэлээ зурагчдын хувьд өнөөг хүртэл сонирхол, хүслийг татаж, өдөөсөн хэрэгсэл билээ.

Hasselblad Xpan II нь энгийн камерыг бодвол яг зураг буулгах мөчид бодолцох зүйлс ихтэй, дасгаж гартаа оруулахын тулд камертайгаа сайн танилцах шаардлагатай. Мөн уг камерыг ашиглан юу хийж чадахыг танин мэдэхэд багагүй хугацаа орохоор камер шиг санагдсан. 

Hasselblad Xpan II бол энгийн камер биш, харин зураг авах хүсэл тэмүүллийг нэмэгдүүлэх бүтээлч хэрэгсэл юм.

Түүнчлэн, Xpan II нь нарийн инженерчлэл бүхий тансаг хийцтэй, удаан эдэлгээтэй камеруудын нэг юм. Титан их биетэй, барихад эвтэйхэн, ажиллагааны хувьд маш ойлгомжтой. Гэхдээ хэмжээтэй нь харьцуулахад бага зэрэг хүнд. 

Xpan II камерын өөр онцлог гэвэл, стандарт 35мм форматаас 65х24мм хэмжээтэй панорам руу шилжих боломжтой. Панорам формат нь зургийн цар хүрээг өргөжүүлж, илүү кино шиг мэдрэмжийг төрүүлж байсан. 

Мэдээж панорам форматтай учир гудамжны болон баримтат гэрэл зураг авахад тун тохиромжтой. Тодорхой хэмжээний ур чадвартай, хэд хэдэн камер туршиж үзсэний дараа Hasselblad Xpan II ашиглахад саадгүй санагдсан. Учир нь хөдөлгөөнтэй орчин, гудамжны хөл хөдөлгөөн, олон үйл явдлыг хараад нэг кадрт багтааж зохиомжлоод энгийн форматыг бодвол хурд, нарийн мэдрэмж шаардаж байв. 

Энэ нь анх удаа Xpan II ашиглаж буй хэн нэгний хувьд бага зэрэг сорил болох ч эдгээр бэрхшээл нь тухайн зургийг илүү сонирхолтой, өрнөлтэй, утга учиртай болгох юм. Мөн гудамжны зураг авалтад нарийн фокус тааруулах, хөдөлгөөнт объектуудыг барихдаа Xpan II камерын гар ажиллагаа нь хэцүү санагдаж болох ч үр дүнд гарах зураг таны бүтээлч ур чадварыг тод томруун харуулдаг. 

Хамгийн гоё санагдсан зүйл нь тус камераар буулгасан зургууд киноны хэсэг шиг харагдахын зэрэгцээ яг тэр үеийн мэдрэмжийг эргэн сануулах мэт байв. Олон жилийн өмнө бүтээгдсэн хуучин технологи ч гэлээ орчин үед хэрэглэхэд цоо шинэ мэдрэмжийг олгож, өргөн цар хүрээнд уран бүтээлч сэтгэлгээг өдөөж бас хязгаарлаж чадсан сонирхолтой камер юм. Тиймээс гэрэл зургийн бүтээлээ бүтээлчээр, сонирхолтой гүйцэтгэлээр туурвихыг хүссэн хэн бүхэнд туршиж үзэхийг санал болгож байна. Гурван хальс аваад, камераа түрээслээд үүрээд яваад үзээрэй. Таарсан болгоноо ав эсвэл бодсон зургаа амжиж буулга. Маш өвөрмөц бас шинэлэг санагдах болно гэдэгт итгэж байна. 

Улаанбаатар хотод энэ камерыг өөрөө худалдаж авалгүйгээр түрээслэх, туршиж үзэх, уран бүтээлдээ ашиглах, мөн зургийн хальсаа чанартайгаар боловсруулан дижиталд хөрвүүлэх боломжийг олгож буй газруудад талархал илэрхийлье! 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.