
Б.Ирээдүй: "Unposed" үзэсгэлэн нээгдлээ
Хүний хөл хөдөлгөөн, агшин зуурын Улаанбаатарыг тавилтгүй бөгөөд үнэнээр нь буулгасан нэгэн шинэ үзэсгэлэнгээр уншигч тантай уулзаж байгаадаа баяртай байна. Гэрэл зурагчин, “Noise Art Media”-ийн хамтран үүсгэн байгуулагч Булгантамирын Ирээдүй “Unposed” хэмээх анхны бие даасан үзэсгэлэнгээ Хөх Нар “САВ” урлагийн орон зайд нээлээ.
Энэхүү үзэсгэлэн нь түүний 2018 оноос 2026 оны хооронд авсан 56 шилдэг бүтээлээс бүрдэх бөгөөд Улаанбаатар хотын уур амьсгалыг шууд мэдрүүлэх бодит зураглалуудаар баялаг юм. Мөн түүний үүсгэн байгуулсан “Noise Art Media”-ийн 5 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд үзэсгэлэнгийн хамт “In Passing Ulaanbaatar” хэмээх 180 гаруй зургаас бүрдсэн гэрэл зургийн номоо AANI хэвлэлийн газартай хамтран уншигчдадаа дэлгээд байна.

Анхны бие даасан үзэсгэлэнгээ дэлгэж байгаад баяр хүргэе. Энэхүү үзэсгэлэнгээ гаргах анхны сэдэл хэзээ бүрэлдсэн бэ, одоо ямар сэтгэгдэлтэй байна вэ?
Анхны үзэсгэлэнгээ дан гудамжны гэрэл зургаар дагнан гаргаж байгаадаа маш их баяртай байна. Өнгөрсөн жилүүдэд авсан гэрэл зургийн арвин их архив байсан ч тэднийгээ хэрхэн эмхэлж, юу болгохоо сайн мэдэхгүй байсан. Гэрэл зурагчин хүнд анхны үзэсгэлэн, номоо гаргасны дараа цаашид ямар төрлөөр уран бүтээлээ туурвих, яг одоо хаана явж байгаагаа мэдрэх нэгэн чухал зааг үе ирдэг шиг санагддаг.
2023 онд Pixels сайтын нээлтээр “Street Photography Exhibition 01” үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд дэлгэгдэж, манай “Гудам” клубын залуус хамтран оролцож байлаа. Тухайн үед Монголд дан гудамжны гэрэл зургаар дагнасан үзэсгэлэн гаргаж болдгийг анзаарч, бие даасан үзэсгэлэн гаргах анхны сэдэл маань төрсөн юм. Үзэсгэлэндээ бэлдэх явцдаа харахад 2022-2023 онд хамгийн идэвхтэй зураг авсан байсан. Тухайн үед “Гудам” клуб маань байгуулагдаж, гишүүдийнхээ зургаас урам авч, хамтдаа гудамжаар их зураг авдаг байжээ.


Үзэсгэлэнгийн болон номынхоо нэрний утга учир, концепцийн талаар хуваалцахгүй юу?
Номыг эхнээс нь төгсгөл хүртэл үзсэн хүн Улаанбаатараар аялсан мэдрэмж аваасай гэж зорьсон тул “In Passing Ulaanbaatar” буюу "Агшин зуурын Улаанбаатар" гэж нэрлэсэн. Харин үзэсгэлэнгийн нэр “Unposed” нь ямар ч тавилтгүй, байгаагаар нь харуулах гэсэн утгыг илэрхийлнэ. Гудамжны гэрэл зураг өөрөө ямар нэгэн сэдэв, концепцид баригддаггүй тул номын өрөлт, эх бэлтгэл болон зургуудын дараалалд ч тийм их ач холбогдол өгөөгүй, алив зүйлд баригдахгүйг хичээсэн. Ташрамд дурдахад, номын өмнөх үгийг Австралийн RMIT University урлагийн сургуулийн багш, доктор, гэрэл зурагчин Жерри Галеа бичсэн.



Зургуудаас тань Улаанбаатар хотын амьдрал шууд мэдрэгдэж байна. Энэ хот таны уран бүтээлд ямар байр суурь эзэлдэг вэ, бүтээлүүдээ хэрхэн шилж сонгосон бэ?
Би Улаанбаатар хотдоо төрж өссөн. Миний авсан болон авч буй зургуудын ихэнх нь энэ хотод л авсан байдаг. Нэг газраас нөгөө рүү явж байхдаа эсвэл зорьж гарч авсан гээд сүүлийн жилүүдэд манай энэ хотын гудамжинд юу болов, сонин сайхан юу байна гэдэг мэдрэмжийг өгөхийг зорьсон. Гэхдээ хэтэрхий хүнд, улс төрийн эсвэл хар бараан сэдэвтэй зургуудаас зайлсхийн тэнцвэрийг хадгалсан. Гудамжны гэрэл зураг гэхээр заавал хар бараан байх албагүй. Тийм сэдвүүд нь хэвлэлийн гэрэл зургийн төрөлд хамаардаг тул энд зөвхөн гудамжны бодит, тавилтгүй мэдрэмжийг төрүүлэх зургуудыг шилж сонгосон юм.


Дэглэлт болон хэвлэлийн шийдлийн хувьд ямар онцлогтой болсон бэ?
Дэглэлтийг “Noise Art Media”-ийн залуустайгаа хамтран хийсэн. Үзэгчидтэйгээ мэндчилж эхэлж буй хар цагаан зургаар эхэлж, төгсгөлдөө очих концепцоор, хар цагаанаас эхлэн өнгөт болон хар цагаан холилдсон дараалалтайгаар дэлгэлээ.
Мөн сүүлийн үед гэрэл зургийн чанартай хэвлэлд их анхаардаг болсон. Тэр жишгээр тосон хороор, fine art-д зориулагдсан принтерээр 90 хувийг нь хэвлэж, үлдсэн 10 хувийг канвас дээр буулгасан. Дижитал зургаас ихэнх нь бүрдэж байгаа ч хальсаар авсан цөөн хэдэн зураг бий.
Хальс маш өөр мэдрэмж өгдөг болохоор дараачийн удаа зөвхөн хальсны зургуудаар үзэсгэлэн гаргаж магадгүй гэж бодож байна.
Улаанбаатар хотынхоо эгэл бөгөөд давтагдашгүй агшнуудыг Б.Ирээдүйн дурангаар тольдон, түүний 2018-2026 оны хооронд авсан 56 шилдэг гэрэл зургаар аялахыг хүсвэл “Unposed” үзэсгэлэнг заавал зориорой. Мөн “AANI” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан, 180 гаруй зургаас бүрдэх “In Passing Ulaanbaatar” номыг үзэсгэлэнгийн үеэр худалдан авах боломжтой.



Байршил: Хөх Нар “САВ” урлагийн орон зай
Хэзээ: 2026 оны 09 сарын 17-оос 09 сарын 24-ний хооронд
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.