Габриель Брэйди: Монголчуудад байдаг нийтлэг чанар бол тэсвэр тэвчээр

Габриель Брэйди: Монголчуудад байдаг нийтлэг чанар бол тэсвэр тэвчээр

16 дахь удаагийн Улаанбаатар олон улсын кино наадам амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Наадмын үеэр олон гайхалтай уран бүтээлчид, олон улсын зочид ирж туршлагаа хуваалцсан билээ. “АВДРАА УУДАЛ”: Баримтат киног хэрхэн бүтээх вэ? сэдэвт сургалтын дараа Австралийн найруулагч Габриель Брэйдитэй амжиж ярилцсанаа хүргэж байна.

Нийтэлсэн
10 сарын 24, 2024
Хуваалцах

Тэрээр анх 2007 онд 21 настайдаа MNB телевизийн хүүхдийн редакцид сайн дурын ажилтнаар ажиллахаар монголд ирж байжээ. Өөрийн төрөлх улсаасаа хол, анх удаа өөр газарт амьдарч үзсэн нь Монгол улс байсан гэдэг. Тэр цагаас хойш өдийг хүртэл монголд киноны болон өөр бас бус зорилгоор 10 гаруй удаа зочилсноо хуваалцсан юм. 

Таныг найруулагч болохоосоо өмнө жүжигчин мэргэжлээр сурч төгссөн гэж сонссон. Кино урлагийн салбарт ороход тань юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?
Кино урлагт би бүр багаасаа л татагдсан. Жүжигчний мэргэжлээр тийм ч удаан ажиллаагүй шалтгаан нь “хүлээхийн зовлон” байсан. Сонгон шалгаруулалт болохыг, хариу нь гарахыг, кино зураг авалтыг, дараа нь кино бэлэн болохыг хүлээх гээд л... Өөрийн хүчээр олж авах биш, хэн нэгэн надад хэзээ нэгэн цагт боломж олгоно хэмээн амьдралынхаа туршид хүлээхээс айсан. Тэгээд кино зохиол бичиж эхэлсэн. Кино найруулах, зохиол бичих зэргээр өөрийнхөө дуу хоолойг хүргэж болно гэдгийг ойлгосон. Тэр үед Австралид амьдарч байхдаа кино найруулагчаар суръя гэж бодсон нь зөв шийдвэр болсон. Австралийн кино салбарт эмэгтэйчүүд кино найруулахаас илүү продюсерийн ажлыг ихэвчлэн хийдэг. 

Би бүтээлээ хүмүүсийн сэтгэлийн гүнд хүргэхийг эрмэлздэг. Харин кино урлагт миний хүсдэг тэр хүч оршдог. 

Габриель Брэйди

Та өөрийн бүтээлүүдээ ямар өнгөөр илэрхийлэх вэ?
Кино болгонд өөрийн өнгө бий. Үзэгч бүр түүнийг өөрөөр мэдэрдэг. Миний бүтээл бүрд өөр, өөр өнгө шингэсэн юм шиг санагддаг. “Өлсгөлөн сүнснүүдийн арал”-ыг би бүдэг, бүрэнхий цэнхэр, хөх, нил ягаан өнгөтэй зүйрлэнэ. Харин хамгийн сүүлд хийсэн бүтээл болох “Чоно үүр шөнөөр ирдэг” кино бол илүү гэгээлэг, алтан шаргал "өнгөтэй". Одоо хийгдэж байгаа бүтээл маань тод ногоон өнгөтэй илүү ижилхэн.  

Киноны хөгжим, диалоги маш их чимхлүүр, нарийн төвөгтэй ажил шиг санагддаг. Таны хувьд огтхон ч харилцан яриагүй, дуугүй баримтат кино хийх талаар эргэцүүлж үзсэн үү? 
“Чоно үүр шөнөөр ирдэг” бол маш чимээгүй кино. Олон хүмүүс киноны талаарх сэтгэгдэлдээ энэ талаар дурдсан байсан. Хүмүүст үзэхэд хэцүү санагдсан ч байж магадгүй. Яагаад гэвэл үзэгчид янз бүрийн дуу, чимээ, харилцан яриа ихтэй кинонд дуртай болчихсон. Харин би хувьдаа баримтат кино чимээ багатай байх нь санаагаа хүргэхэд дөхөм гэж боддог. Тиймээс бүр ямар ч чимээгүй “full silent” кино боломж нь гарвал хийх байх аа. 

Хэрэв танд өөр нэг цаг хугацаанд зорчих боломж гарвал ямар үед очих вэ?
Надад 1960, 1970-аад он бол уран бүтээлчдийн хувьд маш эрх чөлөөтэй байсан үе мэт бодогддог. Тйимээс тэр үед л их татагддаг. Энэ үеийн уран бүтээлчид нийгмийн олон асуудлын төлөө нэгдэж, бослого тэмцэл өрнүүлж, улмаар өөрчлөлт авчрахуйц дуу хоолойгоо хүчтэй илэрхийлдэг байсан. Өөрийнхөөрөө амьдрах, хэн гэдгээ олоход эрх чөлөөтэй, энх тайван байсан цаг үе л дээ. 

Кино урлагаас өөр ямар урлагийн төрлийг та сонирхдог вэ?
Киноноос өөр гэвэл гэрэл зураг үнэхээр сонирхолтой. Ялангуяа хальсны гэрэл зураг. Аав минь гэрэл зурагчин хүн. Хальс бол үргэлж л миний дэргэд байсан, одоо ч байгаа. Монголд байх энэ бүх хугацаандаа би хальсаар зураг авч, энд тэнд очихдоо заавал боловсруулдаг ч ямар нэг асуудал тулгардаг нь хачирхалтай шүү. Өнгө, шаралт, гэрэл гээд л. Гэхдээ хальсны гэрэл зургийг санамсаргүй алдаа хүртэл өвөрмөц болгодог. 

Хүүхэд байхдаа үзэх дуртай байсан киногоо нэрлэж болох уу?
Хүүхэд нас минь дурсамж дүүрэн, их өөр өнгөрсөн юм шиг ээ. Адал явдалтай кинонд их дуртай байсан. Дүүтэйгээ хамт олон классик кино үздэг байснаас дурдвал “Back To the Future”, “Honey, I Shrunk The Kids” гээд л дэлгэцнээс өөрсдийгөө олж хараад, инээж хөгжилдөж болох бүхий л кинонд бид хоёр дуртай байсан.  Өөр гэвэл, “The Never Ending Story” байна. Хуучны үздэг байсан кинонуудаа эргээд үзэхээр жижиг нарийн хэсгүүдийг нь гараар урласан кино гэдэг нь мэдэгддэг. Ид шидийн гэмээр үлгэрийн үзэгдлүүд, хөгжилтэй жигтэй үйл явдлуудыг өгүүлсэн кинонуудад одоо ч дуртай.

Та олон монголчуудтай уулзаж, хамтран ажиллаж, танилцаж, бас зарим хүний бодит түүхийг бүтээлээрээ хуваалцсан найруулагчийн хувьд “Монгол хүн”-ийг юу гэж тодорхойлох вэ?
Аливаа хүнийг төрж өссөн улсаар нь тодорхойлох их хэцүү. Гэхдээ монгол хүнийг тодорхойлох шаардлагатай тулгарвал би уулзсан бүх монгол хүмүүсээс олж харсан нэг л чанар бол тэсвэр, тэвчээр гэж хэлнэ. Үнэхээр зоримог хүмүүс шүү. Бид дөнгөж сая яриад сууж байлаа л даа. Манай нэг хүн бие нь өвдсөн харагдахаар нь “Бие нь зүгээр үү?” гэж асуусан өнөөх маань “Зүгээр зүгээр, санаа зоволтгүй” гэсэн. Яагаад гэвэл би саяхан өвдөөд үнэхээр хэцүү байсан л даа. Бодоод байсан монгол хүмүүс бие нь өвдсөн ч “өвдөөд хэцүү байна” гэж барагтаа хэлдэггүй юм билээ. Үнэхээр сэтгэлийн тэнхээтэй улс. Бас монголчуудын ертөнцийг үзэх үзэл бодол маш үнэ цэнтэй. Тэр үзэл бодлоо ч маш чухалчилдаг. Мэдээж байгальтайгаа харьцаж байгаа тэдний харилцаа, хүйн асар чухал холбоог дурдахгүй өнгөрч боломгүй санагдаж байна.

Таны хувьд TOП 3 КИНО?
Энэ кинонууд бол миний амьдралын бүх цаг үеийн топ бүтээлүүд биш л дээ. Гэсэн ч хамгийн сүүлд дахин үзсэн нь энэ гурав байсан болохоор хамгийн түрүүнд санаанд орж ирлээ. 

Цаашдаа монгол уран бүтээлчид, кино багтай дахин хамтарч ажиллах төлөвлөгөө бий юу?
Дахин уран бүтээлээр хамтрах болбол “Чоно үүр шөнөөр ирдэг” кинонд маань хамтарсан   кино багтайгаа хамтрахыг хүсэж байна. Учир нь энэ кино маш олон жилийн хугацаанд бүтээгдсэн. Энэ хугацаанд манай баг хамт олон бие биедээ их ч дассан. Хамтарч ажиллахад асуудалгүй ойлголцдог болсон. Киногоо цаашдаа хөдөө орон нутгийн кино театруудаар болон гадаа байгальд, говьд задгай дэлгэцээр үзүүлмээр байгаа. "Гүрү Медиа"-ийн Ариунаа продьюсертайгаа дараа дараагийн ажлуудад ч хамтарна. Яг одоогийн байдлаар өөр уран бүтээлчидтэй шинээр хамтрах төлөвлөгөөгүй байна.

Бидэнтэй цаг, зав гарган ярилцсан танд баярлалаа, дараа дахин уулзахыг ерөөл хүсье. 
Баярлалаа, надтай чөлөөт яриа өрнүүлсэнд дахин баярлалаа. Хэтдээ олон ч сайхан бүтээлүүдээр эргэн уулзана гэдэгт итгэж байна. 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд pixels.mn хариуцлага хүлээхгүй.